• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийгмийн анхан шатны сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг хөгжихөд гүн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Ирээдүйн гялбаа” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас “Өнөөгийн Монгол Улс дахь нийгмийн сэтгэцийн төлөв байдал, түүнд авах арга хэмжээ” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус ТББ-ын үүсгэн байгуулагч н.Оюунбилэг нь өөрөө өмнө нь сэтгэл гутралын өвчнөөр өвдөж, эдгэрсэн учир өөр шигээ шаналж байгаа иргэдэд зөвлөгөө өгөхийг зэрэгцээ манай улсад сэтгэл заслын анхан шатны үйлчилгээг сайжруулах шаардлагатайг энэхүү хэвлэлийн хурлаар хүргэхийг хүсжээ.

"Манайд сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хамгийн сүүлд жагсаж байгаад харамсаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр “Би мэргэжлийн сургууль төгсөж, эрүүл мэндийн салбарт найман жил ажилласан ч өөрийнхөө сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаагаа мэдэхгүй явсаар нэг мэдэхэд сэтгэл гутрах өвчнөөр өвчилсөн байсан. Тиймээс иргэдийн дунд үүсэж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг сайжруулах, сэтгэл зүйн бодит хэрэгцээгээ тодорхойлоход нь туслах чин хүсэлтэй байна.

Монголд сэтгэл судлалын шинж ухааны салбар хоцрогдолтой байгаатай холбоотойгоор иргэд өөрийнхөө сэтгэл зүйн бодит хэрэгцээгээ тодорхойлж чадахгүй явсаар сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болж буй. Уг нь дүүрэг бүрд сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, наркологи, нийгмийн ажилтан, сувилагч гэсэн таван орон тоотой баг бүрдүүлэн ажиллах Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг ч бүрэн хэрэгжээгүй өдий хүрлээ.

Хүмүүс сэтгэл зүйл бодит хэрэгцээгээ тодорхойлж чадахгүй явсаар гутралын хүнд хэлбэрт шилжин жилд 400 гаруй иргэн амиа хорлосон гэх судалгаа бий. Ажилтай байгаа нь зээл, түгжрэл, ажлын ачаалал, дарамт шахалтаас үүдэн ажлаас халшрах хам шинжтэй болж байна. 

Мөн анхан шатанд ажиллаж буй хүний нөөц нь мэргэшээгүй ном, гарын авлага, материал дутмаг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ манайд хангалтгүй байдаг учраас хоёр болон гурав дахь шатандаа ачааллыг улам нэмэгдүүлж байгаа.

Өнөөдөр дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн өвчин байдаг. Гэтэл манайд сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хамгийн сүүлд жагсаж байгаад харамсаж байна.

Сэтгэл гутрах өвчин нь санаа зовнил, стресс, түгшүүр, нойргүйдэл нь хүнд хэлбэр рүү шилжихийг хэлдэг. Энэ нь ихэвчлэн гомдол, үл уучлалаас үүддэг. Ийм зүйл өнгөрсөн цаг руу маш их хандуулж, харамсаж, шийдэгдээгүй үлдсэн асуудлууд руу анхаарал хандуулж, одоо цагт шийдвэр гаргахад нөлөөлдөг юм.

Сэтгэл гутралын хүнд хэлбэр нь анхаарал төвлөрөлт багасаж, ой санамж дарангуйлагддаг учраас гормонуудад хүртэл өөрчлөлт явагдаж, бие махбод хянагдах боломжгүй болдог. Иймд яаралтай анхан шатны тусламж үйлчилгээ авах хэрэгтэй юм билээ.

Дээрх асуудлуудтай холбоотойгоор манай байгууллагаас төрийн гурван өндөрлөгт хандаж буй.

Үүнд:

  • Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хүнд нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудад цалингийн 30 хувийн нэмэгдэл олгож, хангамж, нөхцөлийг сайжруулж, орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэх,
  • Бүх дүүрэгт байгаа сэтгэл зүйчдийн жендэрийн хуваарилалтыг тэгш байлгах,
  • Бүх аймгийн төв, томоохон суурин газарт ЭМ-ийн сайдын 315 дугаар тоот тушаалыг хэрэгжүүлэх,
  • 50-аас ажилтантай байгууллага сэтгэл зүйчийн орон тоог бий болгох,
  • Бүтэн өнчин хүүхэд их, дээд сургуульд орсон ч төрөөс дэмжлэг үзүүлдэг сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг сэтгэл гутралаасаа болж ашиглаж чадахгүй байгааг анхаарах,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тусламж үйлчилгээний санхүүжилтийн төсөвт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх,
  • Сэтгэл зүйчдийн өрөөний тохижилтод стандарт тогтоож, таван жил тутамд мэргэжлийн шалгалт өгч лицензийн эрх авдаг болгох зэрэг ажлыг яаралтай зохион байгуулж нийгмийн анхан шатны сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг хөгжихөд гүн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна" гэв.

"Монголд сэтгэл зүйчийн нэг цагийн зөвлөгөө 30,000-600,000 төгрөгийн үнэтэй байна"

Үргэлжлүүлэн "Өнөөдрийн байдлаар Монголд сэтгэл зүйчээс нэг цаг зөвлөгөө авахад 30,000-600,000 төгрөгийн үнэтэй байна. Харин сэтгэл заслын үйлчилгээ 100,000- 6,000,000 хүртэл төгрөгийн үнэ хөлстэй. Гэтэл үнэхээр өөрөө сэтгэл зүйн хэрэгцээгээ тодорхойлж чадахгүй байгаа ч амьжиргааны түвшинд доогуур эсвэл ажилгүй, бага цалин орлоготой иргэд хамрагдах боломжгүй байсаар байна. Тиймээс дүүргүүдэд байгаа сэтгэл зүйч нарт хандаарай" хэмээлээ.

"Сэтгэл зүйчид сард ядаж нэг хүнд үнэ төлбөргүй сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэхийг уриалъя"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгэл судлаач Э.Солонго “Бидний аль нэг эрхтэн өвдсөн тохиолдолд тэр өвчинд анхаарч эм ууж, эмчилгээ хийлгэж, хагалгаанд хүртэл ордог. Тэгсэн хэрнээ өөрийнх нь бие өвдөх болсон хамгийн гол шалтгаан нь сэтгэл зүйтэй нь шууд хамааралтай гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй.

Өнөөдрийн стресс бухимдалтай нийгэмд бид сэтгэл зүйн боловсрол гэдэг зүйлд анхаарч, уншиж судалж, зөвлөгөө дэмжлэг авах нь чухал.

Маш олон сэтгэл зүйч бий болж байгаад миний хувьд баяртай байдаг. Гэхдээ тэр хүмүүс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ядаж сард сэтгэл заслын үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр төлөх чадамжгүй нэг иргэнд туслаасай гэж уриалмаар байна” гэв.