Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хироши Мита: Монголын авто замд хөндлөн хагарал, хөлдөлтийн овойлт, дугуйн мөрний ховилын эвдрэл хамгийн их байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн семинар өнөөдөр болж байна. Тус хуралд ЖАЙКА олон улсын байгууллага, Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/  болон бусад төлөөллүүд оролцсон юм. 

Авто замын хучилтын технологийг сайжруулах энэхүү төсөл нь гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд ирэх оны хоёрдугаар сард төслийн хугацаа дуусах аж. Дээрх төслийн явц ямар байгаа талаарх товч мэдээллийг танилцуулъя.   

  • Асфальт бетон хучилт төсөллөх, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын стандартыг 2021 онд батлуулсан ба цемент бетон хучилтын зөвлөмж боловсруулжээ
  • Зам тээврийн хөгжлийн төв лабораторид нийт 30 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, холбогдох сургалтуудыг явуулсан байна.
  • Хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэлд чиглэсэн хучилтын хийц, орц найрлагыг бодитоор зам дээр туршиж, үнэлэх загвар төслийг өнгөрсөн онд Налайх-Чойрын замын 101 дэх километрт нийт 850 метр авто замд гүйцэтгэсэн. Энэ онд нийслэлд загвар төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа гэдгийг мэдээлэв.

"Монголын говь нутагт зундаа маш халдаг. Тиймээс хатуу, зүү шигдэлт багатай битум ашиглахаар туршсан"

Монгол орны авто замыг сайжруулах төслийн хүрээнд Мэргэжилтний багийн ахлагч Хироши Мита "Монгол орны авто замд хөндлөн хагарал, хөлдөлтийн овойлт, дугуйн мөрний ховилын эвдрэл хамгийн их ажиглагдаж байна. Авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулахдаа хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзэх нь чухал. Тодруулбал, цаг уурын нөхцөлд тохирох,  замын хөдөлгөөний эрчмийг харгалзан үзэж битумын чанар,  материал зэргийг анхаарах нь зүйтэй. Ялангуяа, Монголын говь нутагт зундаа их халдаг. Тиймээс зарим орон нутагт нэлээд хатуу, зүү шигдэлт багатай битум ашиглахаар туршсан" хэмээн хэллээ. 

 "Хүн ам харьцангуй бага зорчдог орон нутгийн зам байсан ч аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих шаардлагатай"

ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико "Нийслэлээр зогсохгүй орон нутгийн 21 аймгийн авто замд нэлээд эвдрэл үүссэн байдгийг анзаарсан. Хэдийгээр хүн ам харьцангуй бага зорчдог орон нутгийн зам байсан ч аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих шаардлагатай. Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон авто замын асфальтан хучилтын төсөллөх стандартыг холбогдох албаны хүмүүстэй хамтран боловсруулсан. Тиймээс ч дээрх төслийн хүрээнд аюулгүй байдлыг бүрэн хангасан авто замыг ашиглаж болохуйц нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зорьж байгаа юм.

Монгол улсын цаг агаарын нөхцөл байдал маш эрс тэс, дээрээс нь хуурайшилттай байгаа онцлогтой. Энэ нь дан ганц авто замын салбарт төдийгүй, бусад салбарт ч үлэмж нөлөөлдөг. Хамгийн гол нь мэргэжилтний нарийн ур чадварыг шаардсан технологи, бетон цементийн орц найрлагыг тодорхойлох зэрэг өндөр ур чадвар, мэдлэг, туршлага шаарддаг" гэдгийг онцлов. Авто замын технологи, стандартын талаар тэрбээр хэлэхдээ "Төслийг 2019 онд эхлүүлснээс хойш бидний зүгээс хоёр төрлийн стандартыг батлуулсан. Нэгдүгээрт, авто замын асфальт бетон хучилтыг боловсруулж MNS стандарт батлуулсан. Хоёрдугаарт, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын багаж, даралтаар насжуулах зуух зэрэг 30 нэр төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлж, холбогдох сургалтыг явуулсан" хэмээв. 

 "Замын суурь үеийг шаардлага хангасан түвшинд чанартай бариагүй тохиолдолд амархан эвдэрч элэгдэнэ"

ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга зөвлөх инженер Д.Гэрэлням "Ерөнхийдөө замын хийц нь хэд хэдэн үе давхаргаас бүрддэг. Суурийн үе нь хамгийн их даацыг хүлээж авдаг бөгөөд тэр хэмжээгээр ачаалалд өртдөг. Замын суурь үеийг шаардлага хангасан түвшинд чанартай бариагүй тохиолдолд зам амархан эвдэрч элэгдэнэ. Япончууд замынхаа суурь үеийн маш сайн тавьдаг. Тиймээс тэдний хамгийн сайн туршлагыг нь судалъя. Мөн зураг төсөл, нормыг баримтлахдаа зөвлөгөө авна.

Замын хучилтын хийц болон тухайн чиглэлд явж буй хөдөлгөөнөөс хамаарч технологийн насжилт тодорхойлогддог. Хамгийн гол нь замын насжилт нь болоогүй байхад байгаль цаг уураас хамаараад хөндлөнгийн эвдрэлийг үүсгэхгүй байхыг зорьж ажиллаж байгаа" хэмээв.