О.Баярсайхан: ХХБ-ны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл” нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодит ажил
Манай улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд ихээхэн анхаарч төр болон хувийн хэвшлийн байгууллагууд ч үүнд чиглэсэн олон ажлуудыг хийж байна. Тэр дундаа арилжааны банкнууд юуг, хэрхэн, яаж хэрэгжүүлж буй туршлагыг хуваалцах үүднээс Тогтвортой Санхүүгийн Холбооны Жендэрийн хорооны дарга, ХХБ-ны Санхүүгийн байгууллагын хэлтсийн захирал О.Баярсайхантай ярилцлаа.
- Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе! Ярилцлагаа жендэрийн эрх тэгш байдал гэж чухам юу болохоор эхлэх нь зөв болов уу?
Дэлхий дахинд Жендэрийн эрх тэгш байдлыг тогтвортой хөгжлийн нэг зорилго болгон тодорхойлж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх тэгш байр суурь, нийгмийн амьдралд адил оролцох эрх, хөгжлийн үр шимээс тэнцүү хүртэх болон жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хэлдэг.
Манай Монгол Улсын хувьд анх 2011 онд УИХ-аар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, Монголын Улсын Ерөнхий сайдын дэргэд Жендэрийн Үндэсний Хороог үүсгэн байгуулж, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг хийсэн байдаг. Одоогийн байдлаар Монгол улсын хувьд “Жендэрийн тэгш бус индекс”-р дэлхийн 162 орноос 71-т жагсаж байна (Human development report, 2020).
Жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд, олон салбар, байгууллагын хүчин чармайлт хэрэгтэй билээ. Ялангуяа, бизнес болон байгууллагууд ажлын байран дээрх жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй менежментийн арга барил дээр анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлээр Жендэрийн Үндэсний Хороо, олон улсын байгууллагууд, хөгжлийн түншлэгч байгууллагууд, ТоС холбоо нь нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, сайн туршлага, санал зөвлөмжөө өөр хоорондоо хуваалцдаг болсон нь сайшаалтай зүйл юм. Үүний нэг жишээ нь жил болгоны 3 сарын 8-д эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүдэд тулгардаг жендэрийн асуудлыг хөнддөг бол энэ жилийн 3 сарын 14 өдөр “Эрэгтэйчүүдийн нийгмийн манлайлал ба оролцоо” сэдвээр чуулган зохион байгуулж, эрэгтэйчүүдийн жендэрийн асуудлыг хэлэлцсэн. Энэ нь нөгөө талаараа жендэрийн тэгш бус байдал нь зөвхөн эмэгтэй хүмүүст тулгардаг асуудал биш бөгөөд эрэгтэйчүүдийн дуу хоолойг мөн сонсох нь чухал гэдгийг харуулсан чухал алхам болсон гэж үзэж байна.
- Худалдаа Хөгжлийн Банкны хувьд саяхнаас байгууллага дотроо Жендэрийн хороо бий болгон ажиллаж байна. Жендэрийн хороотой болоход нөлөөлсөн гол хүчин зүйлс юу вэ?
Жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах гэдэг нь зөвхөн нийгмийн сайн сайхны төлөөх бус, байгууллагад өрсөлдөөний давуу талыг бий болгож, үнэ цэнийг бий болгох чухал стратеги юм. Энэхүү стратегийн ач холбогдлуудаас дурдвал, бүтээгдэхүүний инновац, үйл ажиллагааны инновац, гадаад үнэлэмжийг дээшлүүлэх болон ажлын байрны сэтгэл ханамж байна. Бүтээгдэхүүний инновацыг энгийн жишээгээр тайлбарлая. Талх нь ямар ч амттай, хэлбэртэй байсан ч бидний зайлшгүй хэрэглэх анхдагч бүтээгдэхүүн. Гэвч өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хэрэглэгчийн олон талт хэрэгцээнд суурилан хар талх, цагаан талх, үртэй талх, саримстай талх, бургерийн талх, сэндвичэн талх, багел талх гээд маш олон янзаар гарч ирж байна. Эдгээрийн дийлэнх нь эрүүл мэндээ анхааръя, гэр бүлийн гишүүддээ олон төрлийн хоол хийж өгье гэсэн эмэгтэй харилцагч нарын хэрэгцээ шаардлагаас үүссэн бүтээгдэхүүнүүд байна. Банкны салбарт ч мөн адил дээрхтэй адил жендэрт суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлбэл, томоохон бүтээгдэхүүний инновац гарч ирнэ. Монголбанк, ТоС-ын хамтарсан судалгаанаас үзэхэд, нийт чанаргүй зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс дунджаар 18 хувиар бага байдаг буюу сайн зээлдэгчид гэдгийг баталсан статистик тоо байна. Түүнчлэн, Дэлхийн банкны судалгаанаас харвал, эмэгтэйчүүд нь ирээдүйн зардалдаа зориулж хадгаламж хийх магадлал нь эрэгтэйчүүдийнхээс 16 хувиар илүү буюу банкны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэгч байна.
Гадаад үнэлэмжийг нэмэгдүүлэх ач холбогдлыг авч үзвэл, хөрөнгө оруулагч, гадаадын банкнаас томоохон эх үүсвэр татахад сүүлийн жилүүдэд Environment буюу байгаль орчин, Social буюу нийгэм, Governance буюу засаглалын тухай чухалчилдаг болсон. Энэ дотроо нийгмийн үзүүлэлтүүдийн нэг чухал хэсэг нь жендэрийн эрх тэгш байдал.
Үйл ажиллагааны инновац болон ажлын байран дээрх сэтгэл ханамжийн хувьд, gender-smart удирдлагыг хэрэгжүүлэн, ажилтан нарт хүйсээс үл хамааран эрх тэгш өсөж хөгжих боломжоор хангаснаар ажиллах хүчнийг тогтвор суурьшилтай тогтоон барих, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эмэгтэй удирдагч нарыг бий болгох ач холбогдолтой байна. Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш оролцоог хангах замаар жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлснээр асуудлыг олон талаас нь харах боломжтой болж, ухаалаг шийдвэр гаргах давуу талтай.
Дээрх үнэ цэнийг бий болгохын тулд ХХБ нь “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-оо МУ-ын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагуудын тэргүүн туршлагыг харгалзан, анх 2019 онд баталж байсан. Уг ажлын хүрээнд жендэрийн хороог үүсгэн байгуулсан нь ХХБ-ны цаашдын тогтвортой хөгжил рүү тэмүүлэх тэр урт замын эхлэл юм.
- Жендэрийн Хороо ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?
ХХБ-ны Жендэрийн Хороо нь байнгын үйл ажиллагаатай хороо бөгөөд нийт 5 гишүүн болон нарийн бичгийн даргаас бүрддэг. Гишүүд болон нарийн бичгийн дарга нараа оролцуулбал 5 эмэгтэй, 1 эрэгтэй гэсэн хүйсийн бүтэцтэй байна.
Жендэрийн Хорооны чиг үүрэг нь банкны жендэрийн эрх тэгш байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, газар, нэгжүүдийн жендэрийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэж, уялдаа холбоог тодорхойлж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү чиг үүргийн хүрээнд, дараах ажлуудыг голчлон хийхээр ажиллаж байна:
- Банкны бодлого, заавар журамд жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох өөрчлөлт оруулах
- Жендэртэй холбоотой сургалтуудыг нийт ажилтан нарт тогтмол орох. Манай банканд шинээр томилогдон ажиллаж буй болон томилогдохоор ажил горилж буй бүх ажилтнуудыг хүртэл уг сургалтад хамруулж, хэрхэн жендэрийн мэдрэмжтэй байж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх дээр анхнаас нь сургаж байна. Дунд болон түүнээс дээш шатны удирдлагуудад “Жендэрийн мэдрэмжтэй менежмент” сэдвээр тогтмол сургалт зохион байгуулсаар байна.
- Мөн ХХБ-ны сайн дурын ажилтнуудаас бүрдсэн “Жендэр Нетворкинг клуб” үүсгэн байгуулагдаж, банкны бодлогод суурилсан шинэлэг сэдвүүд, сорилт болон тулгарч буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хэрэгжүүлэх боломжтой ажлуудыг санаачилж Жендэрийн Хороотойгоо уялдаатай ажилладаг. Уг клуб маань маш өргөн агуулгыг хамарсан ажлуудыг энэ жил зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүний бусдаас ялгаатай байдлаар илэрхийлэх биеийн чадамж, арьс өнгө, жендэр, жендэр ба мэргэжил сонголт, гэр бүлийн байдал ба жендэр, үзэл бодол ба шашин, бэлгийн чиг хандлага гэх мэт олон чиглэлийн хүрээг хамруулдгаараа онцлогтой.
- Гаднын хөрөнгө оруулагчид мөн жендэрийн асуудлыг чухал шаардлагуудын нэгээр тодорхойлдог болсон байна. ХХБ-ны хувьд саяхан УАНС-ийн итгэмжлэгдсэн байгууллага болсон. УАНС-ийн эх үүсвэрийг татахад жендэртэй холбоотой шаардлага мөн зохих ёсоор тавигдсан байх?
Монгол улсын Үндэсний эрх бүхий байгууллагууд болон Үндэсний зохицуулагч нар бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрүүд дээр УАНС-ээс дэмжлэг авахаар шаргуу ажиллаж байна. Тус сангаас итгэмжлэл авсан байгууллага нь тухайн оронд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг ихээхэн хэмжээгээр бууруулах зорилготой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг.
Зөвхөн байгаль орчинд ээлтэй төсөл санхүүжүүлэхээс гадна УАНС нь төсөл бүрд “Жендэрийн үнэлгээ” хийхийг шаарддаг. Тийм ч учраас, ХХБ-наас УАНС-д хүргүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн жендэрийн эрх тэгш байдлын асуудлуудыг ч мөн харгалзаж үзэн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төслүүд байна гэсэн үг юм.
- Банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж буй нь олон нийт, нийгэм жендэрийн эрх тэгш байдалд анхаарч ажиллаж эхэлж байгаагийн нэг жишээ юм болов уу гэж санагддаг. Тэгвэл бодит байдал дээр энэхүү зээлийн бүтээгдэхүүн хэрхэн олгогддог талаар та товч дурдвал?
ХХБ-ны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл” нь эмэгтэй эзэмшил, манлайлагч ба оролцоог хангасан бизнес, аж ахуйн нэгжүүдэд олгогддог гэсэн үг юм. Тухайлбал
- Хувьцаа эзэмшигчийн 51% ба түүнээс дээш хувьд эмэгтэй хувьцаа эзэмшигч байх;
- Эмэгтэй гүйцэтгэх/ерөнхий захиралтай байх;
- Нийт ажилтнуудын 50% ба түүнээс дээш эмэгтэй ажилтнууд байх
гэсэн 3 шалгуур үзүүлэлтийн аль нэгийг нь л хангах шаардлага тавьдаг бөгөөд зээлийн гэрээн дээр зээл авсан хугацааны туршид энэ шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах нөхцөл мөн тусгаж өгсөн.
Эмэгтэй бизнес эрхлэгчид рүү чиглэсэн зээлийн бүтээгдэхүүн нь хүлээлтээс давж, нийгэмд хэрэгцээ шаардлага өндөр бүтээгдэхүүн байгаа учраас цаашдаа энэ чиглэлийн зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилго баримталж ажиллаж байна.
- ХХБ нь эмэгтэйчүүдийн дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн санал болгож буй цөөн хэдэн арилжааны банкны нэг. Мөн зээлийн нөхцөл нь ч маш хөнгөлөлттэй, эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд эрэлт ихтэй байхаар харагдсан. Эмэгтэйчүүдийг дэмжсэн тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах нь жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихэд ямар эерэг нөлөөлөл үзүүлэх вэ?
Судалгаагаар Жижиг Дунд Бизнес эрхлэгчдийн хувьд нийт 60% нь эмэгтэй бизнес эрхлэгч байгаа бол 2021 оны байдлаар манай банкны жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдын 73 орчим хувь нь эмэгтэй байна. Үүнээс харахад эмэгтэй бизнес эрхлэгчид манай жижиг, дунд бизнесийн зээлийн багцын дийлэнх хувийг эзэлж байгаа боловч банк санхүүгийн салбарт эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөлтэй, уян хатан зээлийн бүтээгдэхүүн ховор байдаг.
Тэр ч утгаараа, ХХБ-ны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл” нь уян хатан нөхцөлтэй тул харилцагчид ирэх дарамт багатай, үйл ажиллагааны чиглэл, салбар харгалзахгүйгээр санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, санхүүжилт авахад таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа давуу талтай юм. Улс орны хөгжилд чамгүй их зүтгэл үзүүлдэг, баялаг бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дэмжсэнээр жижиг, дунд бизнесийн салбарын хөгжлийг ч мөн дэмжиж байна гэсэн үг юм.
- Дээр дурдсан эмэгтэйчүүдтэй холбоотой санхүүгийн хүртээмжийн асуудлыг эрэгтэй хүний нүдээр харан, Жендэрийн хорооны даргаар ажиллахад ямарваа нэг сорилт, бэрхшээл тулгардаг уу?
Жендэрийн хорооны дарга гээд жендэрийн асуудал ярихаар эрэгтэй хүн хийдэг нь сонин гэсэн байдлаар ханддаг хүмүүс олон байдаг. Гэхдээ эсрэгээрээ жендэр гэхээр л заавал эмэгтэй хүн дугарч манлайлах ажил биш гэдгийг олон хүмүүст харуулж чадаж байгаа гэж хувьдаа боддог. Хамгийн том сорилт, бэрхшээл гэвэл хүмүүсийн жендэрийн тухай ойлголт. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хэрэгтэй гээд л яриад байдаг. Яг яагаад хангах ёстой гэдгийг нь ерөөсөө ярихгүй байна. Дээр дурдсанчлан энэ бол бизнест үнэ цэнийг бий болгох чухал стратеги гэж харвал эсрэгээрээ жендэрийн асуудал чухал юм гэж ойлгох боломжтой гэж боддог. Жендэр яагаад чухал гэдгээ банкны ажилтан бүр, шат шатны удирдлагууд ойлгож байж, сая жендэрийн мэдрэмжтэй банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох цогц систем бүрдэх юм.
- Худалдаа Хөгжлийн банкны хувьд ТоС Холбооны 2022 оны Манлайлагч байгууллагаар тодорсон гэж сонссон. Тэгвэл Худалдаа Хөгжлийн банкны хувьд цаашдаа жендэрийн эрх тэгш, хүртээмжтэй байдалтай холбоотойгоор тогтвортой санхүүжилтийн хүрээнд төлөвлөсөн дунд, богино хугацааны стратеги зорилт бий юу?
Жендэрийн хороог үүсгэн байгуулсан нь ХХБ-ны цаашдын тогтвортой хөгжил рүү тэмүүлэх тэр урт замын эхлэл гэж өмнө нь хэлсэн билээ. ХХБ нь дунд хугацааны стратеги зорилтдоо НҮБ Хөгжлийн 17 зорилгын дундаас ТХЗ 4: Чанартай боловсролыг дэмжих, ТХЗ 5: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ТХЗ 8: Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн хөгжлийг дэмжих, ТЗХ 13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах гэх 4 зорилгуудыг үйл ажиллагаандаа тусгайлан тусган, холбогдох төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллагууд, сангуудаас боломжит сургалт, судалгаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгч нарт ээлтэй банкны бүхий л төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр үндсэн зорилтоо тавьж ажиллаж байна.
- Миний асуусан асуултуудаас гадна таны хэлэхийг хүссэн зүйл үлдсэн байж магадгүй. Тэгвэл ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе!
Өнөөдөр ярилцлага авсан ТоС холбооны хамт олондоо баярлалаа. ТоС холбоо нь зөвхөн жендэрийн асуудлаас гадна тогтвортой хөгжлийн чиглэлд банк, санхүүгийн байгууллагуудыг нэгтгэн, энэ чиглэлээр гишүүн байгууллагуудынхаа болох харилцагчид руу чиглэсэн ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Монголын банк, санхүүгийн салбарт ТоС холбоотойгоо хамтран жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтдаа ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөгөөд Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

