Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2021 онд ₮3 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ хүлээсэн нь бодит судалгаа мөн үү?

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цар тахлын нөлөөгөөр Улаанбаатар хот аялал жуулчлалын салбараас хүлээсэн алдагдал, 2021-2022 онд хүлээж болох алдагдлын талаарх МУИС болон МҮИС-ийн судалгаануудын талаар өмнө танилцуулж байв. Тэгвэл мөнгөн дүнгээр ямар бодит алдагдал хүлээсэн талаарх томоохон судалгааг Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос хийж байгаа юм байна.

Дэлхий даяар тархсан COVID-19 цар тахал 2019 оны арванхоёрдугаар сараас хойш дэлхийн бүх улсаар тархаж, хүн амын эрүүл мэндээс гадна бүх салбар, цаашлаад дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсээр хоёр жил гаран болж байна. Сүүлийн нэг жилд мутацлагдсан олон хувилбар дахин тархаж, зарим улсууд хэд хэдэн удаагийн давлагаанд өртсөөр байгаа ба одоо хүртэл бүрэн дуусаагүй байгаа билээ. Энэ хугацаанд дэлхийн бүх улсад аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилт амсав.

Дэлхий даяар Аялал жуулчлалын салбар 2019 онд дэлхийн ДНБ-ий 10.4% буюу 9.2 их наяд ам.доллар, нийт ажлын байрны 10.6% буюу 334 саяыг нь эзэлж, нийт 1.7 их наяд ам.долларын эргэлт үүсгэж байв. Энэ нь дэлхий нийтийн

  • нийт экспортын 6.8%, 
  • үйлчилгээний экспортын 27.4% тэнцэхүйц байв.

Сүүлийн 30 жил байгаагүй хүнд хямралд өртөж, зөвхөн 2020 онд ойролцоогоор 4.5 их наяд ам.долларын алдагдал буюу 2019 оны дэлхийн ДНБ-ий үзүүлэлтээс 49.1% буурчээ. Энэ нь дэлхийн нийт эдийн засгийн 3.7%-тай тэнцэхүйц үзүүлэлт юм.  Нийт 62 сая ажлын байр байхгүй болж, 272 сая ажлын байр эрсдэлтэй, хязгаарлагдмал байдлаар ажиллажээ (WTTC, 2021).

Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага(ДАЖБ)-аас мэдээлснээр Монгол Улсад 2020 онд 2019 онтой харьцуулахад гадаадын жуулчдын орлого 92.2%-аар буурч, 539 сая ам.доллар, дотоодын жуулчдын орлого 51.1%-аар буюу 137.1 сая ам.долларын алдагдал хүлээжээ.

2019 онд 87.8 мянган байсан аялал жуулчлалын нийт ажлын байр 18.9%-аар буурч, 16.6 мянган ажлын байр байхгүй болжээ (WTTC, 2021). Мөн 60 мянган ажлын байр эрсдэлд оров (CAREC&ADB, 2021). Хөгжиж буй орнуудаас олон улсын жуулчид хамгийн буурсан орнуудыг Монгол Улс тэргүүлсэн ба нийт жуулчдын тоо 89%-аар буурчээ (UNCTAD, 2021). Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн хорио цээрийн улмаас 2020 оны турш 515 мянган зорчигчийн нислэг цуцлагдаж, Агаарын тээврийн салбар дангаараа 120 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Зөвхөн аялал жуулчлалын оргил үе болох II, III улиралд 10 мянга орчим жуулчны захиалга цуцлагдсан байна (WorldBank, 2021).

Харин Монгол Улсын төр захиргааны байгууллагуудаас дараах мэдээллүүдийг гаргасан байна.

2020 онд нийт тур операторуудын 98% нь үйл ажиллагаа нь тасалдаж, 15% нь бүр татан буугдаж, 49% нь цомхотгол хийжээ.

Аялал жуулчлалын салбарт хамаарах хоолны газрууд, байршуулах хэрэгслүүд, авиа компаниуд, соёл урлагийн үйлчилгээ зэрэг бүх байгууллагын орлого 65.8%-аар буурчээ (Б.Барсболд, "Азийн хүлэг улс" Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулсан илтгэлээс, 2021.02.25).

МАЖХ-ноос “Аялал жуулчлал амь тавилаа”, “18 сар тэг зогсолт хийлээ” гэсэн уриануудыг гаргаж, төр засгийн чихэнд хүргэж, тодорхой шийдвэр гаргуулахын тулд ажиллаж байв. Монгол Улсад нэвтэрсэн жуулчдын тоо 2021 онд 2019 онтой харьцуулахад 94.2%-аар, аялал жуулчлалын салбарын орлого 96.04 хувь буурсан (БОАЖЯ, 2022). Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 онд нийт 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн (Б.Барсболд, 2021) гэж зарласан бол БОАЖЯ-наас 3 их наяд төгрөг алдагдал хүлээсэн гэж мэдээлэв (БОАЖЯ, 2021.10.26).

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сард коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас хойш 9 удаагийн тогтоол шийдвэрээр 179 хоног хол хорио тогтоосон. Үйлчилгээний байгууллагууд 2021 оны турш 128 хорио цээрийн улмаас ажиллаагүй бол, 115 хоног хязгаарлагдмал нөхцөлд, 91 хоног ашиггүй ажиллаж, бүтэн жилийн турш цар тахлын нөлөөнд байжээ.

Аялал жуулчлалын салбар 20 гаруй салбараас бүрдэж, 40 гаруй салбартай холбогддог бөгөөд маш олон салбарыг хөдөлгөж байдаг “эдийн засгийн” гол салбаруудын нэг юм. Тэхээр Монгол Улсын Аялал жуулчлалын салбар 2021 онд 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн нь бодит уу? Үгүй юу? гэдэг эргэлзээ төрнө. Уг судалгаанд ямар ямар чиглэлийн салбарууд хамаарагдсан болон судалгааны арга зүй нь тодорхой бус. Мөн энэ алдагдлын хэдэн хувь нь зочид буудалд, хэдэн хувь нь үзвэр үйлчилгээний газруудад хамаарах нь тодорхой бус. Цар тахал эхлээд 2 жил болоход бүхэл бүтэн Монгол Улс “алдсан боломж”-оо тооцож чадахгүй байгаа юм биш биз гэдэг заримдаа эргэлзмээр.

Цар тахлын нөлөөнд “аялал жуулчлалын алдсан боломж”-ийг мөнгөн дүнгээр илэрхийлэх томоохон хэмжээний судалгааг Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос хийж дуусах шатанд явж байгаа ба удахгүй нийтэд танилцуулахаар бэлдэж байна. Энэ салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст зориулж судлаачид сайн дураараа уг судалгааг хийж байгаа нь энэ.