Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "МАРТ-аар баярлахгүй, маргаашаа хамгаалъя" уриатай жагсаал Төв талбайд боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож буй.

Үүнтэй холбоотойгоор охид, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг хөндсөн жагсаалууд Төв талбайд болж өнгөрөв. Тэдгээрийн нэг нь "Хүчирхийллийг тэвчих ёсгүй" тайван жагсаал байв.

Тодруулбал, өнөөдөр иргэд "Мартаар баярлахгүй, маргаашаа хамгаалъя" гэх уриан дор нэгдэж, хүчирхийллийн эсрэг жагслаа.

"Хүчирхийлэл гарсан хойно нь ярих биш, урьдчилан сэргийлэх ёстой"

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жагсаалд оролцогч иргэн “Өнөөдрийн жагсаалыг бид мартаар баярлахгүй маргаашаа хамгаалъя гэсэн уриан дор нэгдэн хийж байна.

Өнөөдөр зөвхөн охид ч биш хөвгүүд хүртэл хүчирхийлэлд өртөж байна. Бид хүчирхийллийг гарсан хойно биш урьдчилан сэргийлэхийн тулд юу хийж болох талаар иргэдийн санаа бодлыг нь тэмдэглэж байна. Бид хүчирхийллийн эсрэг нэг удаа жагсаад өнгөрөхгүй. Энэ жагсаалаас гарсан саналыг нэгтгэн УИХ-ын гишүүдэд хүлээлгэн өгнө. Энэ хүчирхийлэлтэй тэмцэх үйлсийн зөвхөн эхлэл байгаасай гэж хувьдаа хүсэж байна. Учир нь бид хүчирхийллийн ямар нэг хэрэг гарсан хойно нь биш урьдчилан сэргийлэх ёстой. Энэ утгаараа хүчирхийллийн эсрэг үргэлж дуу хоолойгоо өргөж, түүнээсээ бодит үр дүн гаргах хэрэгтэй. Ингэж нийгэм сайн тал руугаа өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна” гэв.

"Хүүхэд ямар үед өөрийгөө аюултай байдалд орсон гэж үзэх талаар ойлголтыг ЕБС-ийн хичээлд оруулж өгөхийг хүсэж байна"

Түүнээс гадна "Хүүхдүүд өөрийнхөө орон зай гэж юу гэдгийг, ямар үед аюултай байдалд орсноо мэдэхгүй байгаа. Тиймээс энэ талаар ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор оруулж өгөхийг хүсэж байна. Нөгөө талаас эцэг эхчүүдэд зориулсан ийм төрлийн сургалт хэрэгтэй.

Мөн ЕБС-ийн 8-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл ордог ч гэр бүлийн харилцаа, үерхэл нөхөрлөлийн талаар огтхон заадаггүй. Нийгмийн ажилтнууд ч энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.

Мөн "Хүчирхийллийн гэмт хэргийн 58 хувь нь ойр дотнынх нь хүмүүс байна. Гэтэл хүчирхийллийн талаар мэдээлэгдсэн гэмт хэргүүдээс буцах тохиолдол гарч байна.

Хүчирхийллийн гэмт хэргийн 70-80 хувь нь цааш эрүүгийн хэрэг үүсээд явж байхад зарим нь гомдолгүй гээд хэргийг нь буцааж байна. Учир нь ойр дотнынх нь хүмүүс байгаа юм. Гэр бүлийн салалтаас үүдсэн асуудал болон хүүхдээ айлд үлдээх зэрэг асуудлаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол гарч байна” хэмээн жагсаал оролцогчид ярьж байлаа.

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн иргэдийн төлөөллүүд “Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, сонсож ойлгох хэрэгтэй. Манай улс хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хуулиа хэрэгжүүлдэг, хуулиа чангатгамаар байна.

Манай улс бусад улсаас дутахааргүй хууль тогтоомжтой. Гэтэл хүчирхийлэлттэй холбоотой хэргүүд ер нь хууль завхарснаас болж гарч байгаа"гэж санаа болоо хэлсэн юм.

Мөн иргэд аливаа асуудлыг сошиалд яриад л мартдаг биш хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ зохион байгуулж, оролцдог байх хэрэгтэй хэмээн ярив.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав