Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг наймдугаар сараас эсвэл 2023 оноос хориглох шийдвэр гарна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хориглох саналаа Засгийн газрын хуралдаанд хүргүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өмнө нь мэдээлж байсан.

Уг шийдвэр ирэх наймдугаар сараас эсвэл 2023 оноос хэрэгжиж магадгүй аж.

Энэ тухай тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсандаа "Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт өнөөдөр нийслэлийн зам харилцаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Гурав, дөрвөн том хавханд нийслэлчүүд бид байна. Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон.

Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно. Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу, энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ.

Гэхдээ одоо ороод ирчихсэн машинуудад хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг ч юм уу. Харин хөдөө орон нутагт бол хязгаар хориг байхгүй, явж байгаад тэгээд дуусах биз.

Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь аваар осолд орж байсан, үйлдвэрлэгдэхээ больсон автомашинууд байгааг хүмүүс мэддэг, судалгаагаар ч тогтоогдсон" хэмээн бичсэн байна.