ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяатай ярилцлаа.
-ХААН Банк брэндийн шинэчлэл хийж, алсын хараа эрхэм зорилгоо танилцууллаа. Гүйцэтгэх удирдлагын хувьд та хөгжлийн шинэ үе, дараагийн цикл рүүгээ орж буй энэ алхмыг хэрхэн төсөөлж энэ шинэчлэлийг эхлүүлэв?
-Дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн IV хувьсгал буюу цахим эринд шилжиж байна. Орчин үеийн банк санхүүгийн байгууллагууд ч дижитал шилжилтэд бэлтгэж, харилцагчдадаа хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд, хамгийн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэл рүү зорьдог болсон. ХААН Банкны хувьд ч гэсэн дижитал шилжилтэд бэлтгэх ажлыг хэдэн жилийн өмнөөс эхлүүлээд байна.
ХААН Банкны хувьд ч гэсэн дижитал шилжилтэд бэлтгэх ажлыг хэдэн жилийн өмнөөс эхлүүлээд байна.
Бид өнгөрсөн жил банкныхаа дунд хугацааны бизнесийн төлөвлөгөө, дижитал стратегийг баталсан. Үүнээс гадна Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр дотооддоо мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлого баримтлан ажиллаж байна. Банк өөрөө тогтвортой үйл ажиллагаа явуулах, харилцагч мөн тогтвортой, санхүүгийн хувьд тасралтгүй хэрэгцээгээ хангах, үйлчилгээ авах зорилтуудыг тавьсан. Манай стратеги, дунд хугацааны бизнесийн төлөвлөгөөнд туссан эдгээр зорилтын хүрээнд бид брэндийн шинэчлэл хийж, банкны уриа үг, алсын хараа эрхэм зорилго, үнэт зүйлсээ өөрчлөөд байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн банкны чиг хандлага, хөгжилтэй нийцсэн байдлаар шинэчиллээ.
-Дижитал шилжилт рүү чиглэсэн энэ үйл явц банканд болоод харилцагч нарт ямар давуу талыг бий болгох вэ?
-Уламжлалт банкны хувьд харилцагч банканд ирж үйлчилгээ авдаг байсан бол одоо манай харилцагч нар гэртээ сууж байгаад гар утаснаасаа банкны бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой болж байна. Зөвхөн төлбөр тооцоогоор зогсохгүй зээлийн үйлчилгээг хүртэл гар утсаараа авдаг болсон. Түүнээс гадна дэлхий нийтээрээ цахим эринд шилжиж буй энэ үед иргэд, харилцагчид банкны үйлчилгээнээс давсан үйлчилгээ хүсдэг болсон шүү дээ. Тиймээс шинэ шилжилтийн хүрээнд харилцагчдадаа санхүүгийн боловсрол, мэдлэг чадвараа дээшлүүлэх, өөрийн хувийн орлого зарлагаа хянах, хуримтлал үүсгэх, зорилтот хадгаламжтай болох, зээл болон зээлийн эргэн төлөлт зарцуулалтаа хянах бүрэн боломжийг бүрдүүлээд байна.
-Цар тахал тохиосон хүнд үед та гүйцэтгэх удирдлагын хувьд энэ амаргүй нөхцөл байдлыг даван туулахын тулд ямар ажлуудад төвлөрч ажиллав?
-2020, 2021 орны хувьд зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ цар тахалтай, хүндрэлтэй байсан. Гэхдээ цахим шилжилтэд бэлтгэж, сүүлийн 6, 7 жилийн туршид мэдээллийн технологи, шинэ техник технологи, бизнесийн хөгжилд суурилсан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд бид анхаарч ажиллалаа. ХААН Банкны салбар нэгжээс гадна хаа сайгүй АТМ, КИОСК, Пос машинууд бий. Мөн төлбөрийн картыг зайнаас уншуулах дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн харилцагчдадаа санал болгож буй. Эдгээр нэвтрүүлсэн үйлчилгээ хамгийн хэрэгтэй, зөв шийдэл, зөв хөрөнгө оруулалт болжээ гэдэг нь цар тахлын үед харагдлаа. Бүрэн хөл хорьсон, хэн ч гадагш гарч, чөлөөтэй зорчиж чадахгүй үед санхүүгийн үйлчилгээ авах, мөнгө хэрэгтэй энэ үед интернэт банк, мобайл банк, смарт банк банкны бүх үйлчилгээг маш амжилттай нөхөж ажиллалаа. Түүнээс гадна цар тахлын үед хүнтэй харьцахгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах боломжийг АТМ, КИОСК машинууд олгосон. Банк, санхүүгийн үйлчилгээг тасалдуулалгүй явуулж чадсан нь цар тахлын үед чухал юм. Мэдээж цар тахал хамгийн том шалгалт байлаа.
-ХААН Банк маш олон ажилтантай. Цар тахлын үед энэ том бүтцийг зөв, оновчтой зохион байгуулах нь чухал байсан байх?
-Мэдээж цахимд шилжсэнээр харилцагч банканд ирэхгүйгээр санхүүгийн үйлчилгээ авдаг болсон байна. Гэхдээ бид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхэд бүх хүн гар утсаараа шууд тэр үйлчилгээг авах боломжгүй. Харилцагчийн зүгээс асууж тодруулах зүйл, мэдэхгүй зүйл зөндөө гарч байгаа. Тиймээс хамгийн түрүүнд бид Үйлчилгээний нэгдсэн төвийн лавлах 1800-1917 утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөх хэсгээ нэлээд өргөтгөсөн. Анх цар тахал эхлэх үед лавлах төв маань 120 ажилтантай байсан бол өнөөдөр 220 ажилтантай болсон. Бас нэг шинэлэг зүйл бол өмнө нь лавлах төвийнхөн маань Улаанбаатар хотод зэрэг нэг танхимд сууж байгаад үйлчилгээ үзүүлдэг байсан бол сая цар тахлын хөл хорионы үед энэ үйлчилгээг газар газраас үзүүлэх боломжтойг олж харсан. Хөл хорио тавигдаагүй байсан зарим орон нутгийн салбарын ажилтнууд маань энэ ажлыг хийх боломжтой байсан. Банк бүхэлдээ цахимд шилжиж байна гэдэг чинь хаана ажиллаж, хаана байгаагаас үл шалтгаалан ижилхэн ажлыг зэрэг хийж болж байна. Улаанбаатар хотод банкны оффисоос, гэрээсээ, эсвэл тусгаарлагдсан оффисуудаас, тэр ч бүү хэл аймаг, сумын төвөөс ч үйлчилгээ үзүүлж болно гэдэг нь харагдлаа.
Бид зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна зээлийг цахимжуулахад анхаарлаа хандуулсан. Харилцагч гар утаснаасаа аппликэйшнээрээ нэвтрэн өөрийн боломжит мэдээллийг оруулаад зээл авах боломжтой болсон. Засгийн газраас “Цахим Монгол” болоход анхаарч байна. Төрийн байгууллагын нэлээд олон үйлчилгээ цахимжсан. Үүнтэй уялдуулан бид онлайн зээлийн платформуудыг нэвтрүүллээ. Ингэснээр хиймэл оюун ухаан харилцагчийн зан төлөвийг судлах, бизнес score буюу оноо тогтоох ажлыг маш түргэн шуурхай гүйцэтгэж, харилцагч шаардлагатай мэдээллээ оруулсны дараа 5-10 минутын дотор зээлийн шийдвэр гарч, данс руу мөнгө нь шилжин орох боломжтой болж байна.
-Цахим шилжилт гэдэг зөвхөн үйлчилгээний байгууллагын ажил биш. Иргэд, үйлчлүүлэгчид өөрсдөө бас үүнд бэлтгэх ёстой байх, тийм үү?
-Мэдээж, цахим шилжилт хэд хэдэн үе шаттай. Харилцагчдын зүгээс харвал өөрийнхөө гар утсан дээр суусан банкны аппликэйшнээр үйлчилгээ авч байна. Гэтэл үүний цаана мэдээллийн технологи, түүнийг дагасан том дэд бүтэц ажилладаг. Тасралтгүй ажиллаж байх, зөв шийдэлтэй технологи байх ёстой. Энэ олон харилцагчийн мэдээллийн нууцлалыг бас хадгалах ёстой. Цахим шилжилттэй холбоотой халаасны хулгай багасаад, цахим гэмт хэрэг нэмэгдсэн. Харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг найдвартай хадгалах, түргэн шуурхай байх, минут, секундэд хамгийн олон гүйлгээ дамжуулах, үүнтэй холбогдсон маш сайн дэд бүтэцтэй байх шаардлагатай. Мөн ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, цахим сэтгэлгээтэй болох хамгийн чухал. Цахим сэтгэлгээтэй болохоор байгууллагын соёлдоо шингээн хамт олноороо суралцаад, зориод ажиллаж байна.
-2021 оны хувьд банкны санхүүгийн үзүүлэлтүүд ямар байв? Том том дүнгээрээ хөрөнгө оруулалт хаашаа чиглэв?
-Манай банк өнгөрсөн онд санхүүгийн хувьд ашигтай ажиллаж чадсан. Нийт актив хөрөнгө 13.1 их наяд төгрөг, зээлийн багц маань 7 их наяд төгрөгт хүрсэн байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгө 12 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын тоо 2.7 сая болсон. Эдгээр үзүүлэлт санхүүгийн хувьд хүчтэй байгааг илэрхийлж байгаа юм. Гэхдээ төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт, өөрийн хөрөнгийн харьцаа үзүүлэлтүүд өндөр байх нь хамгийн чухал юм. Өөрийн хөрөнгөөрөө бусдын өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага нь ямар байна вэ гэдгийг харуулж байдаг. Өнгөрсөн жил бид нийтдээ 291 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээсээ хөрөнгө оруулалтуудаа хийсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд тоймлон харвал, жил бүр 100-140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс 60-70 хувь нь мэдээллийн технологи болон түүний дэд бүтэц, бизнес хөгжилд хандсан хөрөнгө оруулалт, үлдсэн хувь нь банкны стандарт, үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө оруулалт. Өөрөөр хэлбэл жилдээ 60-80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байж бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй явагддаг. Хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлийн зарим томоохон төслүүд 5-8 жил үргэлжилж байтал дараагийн шинэ үе гараад ирнэ. Тэр дундуур нь шинээр нэмээд үргэлжлүүлэх явах жишээтэй.
Нийт актив хөрөнгө 13.1 их наяд төгрөг, зээлийн багц маань 7 их наяд төгрөгт хүрсэн байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгө 12 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын тоо 2.7 сая болсон.
Үүнээс гадна Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн. Банкны хувьд ч, улс орны хувьд ч эдийн засгийг эрчимжүүлэх энэ төлөвлөгөө үнэхээр дэм болсон. Нөгөө талаар Ковидын үүсээд буй шинэ нөхцөл байдалд зохицон ажиллаж болохыг харууллаа. Бизнесээ удирдаж чадахуйц, боломжийн хэмжээнд үргэлжлүүлье гээд зээл, хөтөлбөрүүд гаргаад үүн дээр бид хамтарч ажиллалаа. Ялангуяа манай банкны хувьд өрхийн аж ахуй эрхлэгч, ЖДҮ эрхлэгч харилцагч олон учир энэ хөтөлбөрт оролцон нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээлийг 27 мянган харилцагчдадаа дамжуулан эдийн засгийг өсгөхөд хамтарч ажилласан байна. Эдгээр нь манай банкны санхүүгийн үзүүлэлтийг хүчтэй болгоход бас нөлөөлсөн болов уу.
-Банкны цахим үйлчилгээнүүдэд маш их хөрөнгө оруулалт, хүчин зүтгэл шингэж байна. Процессын хувьд маш том асуудал цаана нь байдаг шүү дээ?
-Тийм шүү. Шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ гэдэг зөвхөн хөрөнгө оруулалт хийгээд техник, технологиор шийдэх асуудал бас биш. Бидний зүгээс хөрөнгө оруулалтаа хийгээд, шийдлээ гаргаад явж байна. Үүний зэрэгцээ олон улсын мэргэшсэн байгууллагуудаар үнэлгээ хийлгэдэг. Тухайлбал, мэдээллийн технологийн хувьд ердийн аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн аудит хийлгээд явдаг бол дижитал банк болсны хувьд бид олон улсын стандартууд, жишээ нь Мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 стандартыг мөрдөж ажиллаж байна. ХААН Банк 1.8 сая карт эзэмшигчтэй болсон бөгөөд картын мэдээллийн нууцлалыг хадгалах стандарт, шаардлагуудыг мөрддөг. Олон улсын карт гаргагч байгууллагуудаас гаргасан PCI-DSS стандартыг мөрддөг бөгөөд энэ хүрээнд хакерууд банкны систем, сүлжээ рүү довтлохоос хамгаалж, системийн аюулгүй байдал ямар байна, хаана алдаа цоорхой байна гэдгийг урьдчилан илрүүлж тодорхойлоод, хааж, аюулгүй болгох арга хэмжээ авдаг. Энэхүү ажлаа баталгаажуулах, аюулгүй байдал хэр найдвартай байгааг шалгах Нэвтрэлтийн тест /Penetration Test/ -ийг тогтмол хийлгэж байна. Үүн дээр IT-гийн тусгайлсан аудиторуудаар аудит хийлгэдэг. Бүх аппликэйшнүүд дээр ч аудит хийлгэж байна. Харилцагчийн хувьд гар утсан дээрх нэг ширхэг аппликэйшн байгаа бол банкны хувьд бараг 300 орчим аппликэйшн, программ хангамжууд бий. Эдгээрийн аюулгүй байдал ямар байна, хаана алдаа гарч болзошгүй байна гэдгийг хөндлөнгийн олон улсын аудитын байгууллагуудаар үнэлүүлдэг. Тийм учраас манай үйлчилгээнүүд банк талаасаа маш сайн хамгаалагдсан, найдвартай, аюулгүй үзүүлдэг гэсэн үг.
-Энэ жилийн хувьд нэг онцлог зүйл банкууд нээлттэй хувьцаат компани болно. ХААН Банкны хувьд бэлтгэл ажил ямар явцтай байна?
-2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, системийн нөлөө бүхий 5 банк нээлттэй хувьцаат компани болох шийдвэр гарсан. Үүний дагуу манай банканд ажлын хэсэг гарч, андеррайтер, хуулийн фирм, санхүүгийн аудит хийх, магадлан итгэмжлэгдсэн тайлан гаргах, үнэлгээ тогтоох хамтран ажиллах мэргэжлийн компаниудаа сонгоод байна. Хамтран ажиллах ажлын төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, манай төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөний дагуу бид ажлаа эрчимжүүлээд явж байна.
Энэ хүрээндээ бид бизнесийнхээ үйл ажиллагааг тогтворжуулаад, шинээр орж ирэх гэж байгаа хөрөнгө оруулагчдадаа хамгийн өндөр ашигтай, хамгийн зөв хөрөнгө оруулалт байхыг эрмэлзэж, банкны дотоод ашигт ажиллагааг ч гэсэн нэмэгдүүлэх тал дээр нэлээд санаачилгатай ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!