Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС: 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, инфляц нэмэгдэнэ

ikon.mn
2022 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн шинэчилсэн төлөвөө 1-р сарын 25-ны өдөр танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн төлөв тайлангийн энэ удаагийн дугаар “Тохиолдол нэмэгдэж, сэргэлт тасалдаж, инфляц нэмэгдэнэ” дэд гарчигтай нийтлэгджээ.

Эдийн засгийн өсөлт:

2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4.4% буюу 3 сарын өмнөх төсөөллөөс 0.5 нэгж хувиар бууруулсан байна. Коронавирусийн шинэ вариант, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон зарим орнуудын өрийн хэмжээ, инфляцын түвшин эдийн засагт сорилт болж байгааг онцолжээ. Гол эдийн засгуудын хувьд АНУ-д хүлээлтээс даруухан сангийн бодлого, мөнгөний бодлого чангарах төлөв болон нийлүүлэлтийн сүлжээний саатлаас үүдэн төсөөллийг өмнөхөөс 1.2 нэгж хувиар бууруулж 4% болгосон байна. Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0.8 нэгж хувиар бууруулж 4.8% болгоход үл хөдлөхийн салбарын эрсдэл, хувийн хэрэглээ сул байгаа зэргийг харгалзжээ. Пандемикийн нөлөө харилцан адилгүй бөгөөд хөгжсөн орнуудын эдийн засаг энэ онд цар тахлын өмнөх тренддээ хүрэх бол хөгжиж буй зарим орнууд дунд урт хугацаанд ч үйлдвэрлэл нь бүрэн сэргэхгүй хэвээр байх аж.

Омикрон вариантын хувьд зарим улс орнуудад хөл хөдөлгөөн, эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа ч нөлөө нь Дельта вариантаас бага тул эдийн засагт 2022 оны эхний улиралд сөргөөр нөлөөлөөд, 2-р улирлаас нөлөө нь буурна гэж үзжээ. Хөгжсөн орнуудын хувьд вакцинжуулалт 70%-д хүрээд байгаа бол бага орлоготой орнуудын хувьд энэ үзүүлэлт ердөө 4% байгаа нь эрсдэл болж байна.

Инфляц:

Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй инфляц 2022 онд өмнөх төсөөллөөс илүү удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг тус тайланд мөн тусгасан байна. 2021 онд үүссэн нийлүүлэлтийн тасалдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.5-1 пунктээр бууруулсан бол суурь инфляцыг 1 нэгж хувиар нэмэгдүүлсэн гэдэг тооцоолол гарчээ.

 

Гэхдээ нийлүүлэлт сайжирч, эрэлтийг дэмжих бодлогууд хумигдсанаар үнийн өсөлтийг бий болгоод байгаа эрэлт-нийлүүлэлтийн зөрүү оны туршид саарч, хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийн хурд өмнөх оноос бага байх төсөөлөлтэй. Түүнчлэн гол төв банкууд хариу арга хэмжээ авахаар хүлээгдэж байна. Инфляцын хүлээлт өөрчлөгдөөгүй нөхцөлд үнийн түвшний хурдтай өсөлт 2023 оноос тогтворжино гэж үзжээ. Төсөөлөлд олон тодорхой бус байдал бий бөгөөд, төсөөллийг муутгах эрсдэл нь давамгайлж байгааг онцолжээ. Тэр дунд Хятадын “тэг ковид” бодлого нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг даамжруулж болзошгүйг анхааруулсан байна. Цар тахлын үед дэлхийн олон улс оронд инфляц сүүлийн 10 гаруй жилийн дээд түвшинд хүрээд байгаа юм.