Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт, ₮3.5 их наядын орлого төвлөрүүлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гаалийн байгууллага өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн дүгнэж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг уламжлалт удирдах ажилтны “Зөвлөлдөх уулзалт” өнөөдөр эхэллээ. 

Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт 3.560 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3.509 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ. 

Харин энэ онд 4.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх зорилт тавьжээ. 

2022 онд тус байгууллага мэдээллийн экосистем бүрдүүлэх замаар гаалийн байгууллагыг дижитал болгон хувиргах ажлын жил болгон тодорхойлж буй аж.

Мөн хууль ёсны худалдааг бүх талаар дэмжин Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ханган ажиллах, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллага хэрэгжүүлэхтэй холбогдуулан улсын хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгсэлд тавих хилийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах, зөв зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг олон асуудлын хүрээнд зөвлөгөөн үргэлжилж байна.  

 
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт буурсан хэдий ч улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажилласан болохыг удирдлагууд онцлов. Бүс нутгийн хэмжээнд хүлээсэн үүргийн дагуу эрсдэлийн судалгаанд суурилан худалдааны луйвар, гаалийн зөрчлийг үр дүнтэй илрүүлэн таслан зогсоож нийт 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.  

Энэхүү зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд гаалийн байгууллагын дарга, дэд дарга, гаалийн газар, хороод, нэгжийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.