ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Монгол хүн судлалын салбар бараг үгүй болсон нь удмын сангийн аюулгүй байдалд нөлөөлж буй далд бодлого

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

2018 онд ХНХЯ-наас явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 88.9% нь угийн бичиг хөтөлдөггүй гэж хариулжээ

УИХ-ын гишүүн Д.Батлут Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалахад угийн бичиг хөтлөх нь чухал гэж ойлгож байна.

Угийн бичигтэй холбоотой асуудал гэр бүлийн тухай хууль, соёлын тухай хуулийн төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны жагсаалтад орчихсон байдаг.

Мөн Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх журмын 1.3-д Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилд оруулж буй хувь нэмэр гэж дурдаад өрх бүр угийн бичгийг заавал хөтлөх ёстой гээд заачихсан.

2018 онд ХНХЯ-наас явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 88.9% нь угийн бичиг хөтөлдөггүй гэж хариулжээ. Монгол хүн рүү чиглэсэн олон зүйлийг ярьж, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоод байтал хэрэгжихгүй бол заавал гаргах шаардлага байна уу. Угийн бичгийг хөтлөх асуудлыг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгамдаад байна вэ. Хэрхэн засаж залруулах вэ?

Гэр бүлийн тухай хуульд гэрлэхийг хүсэгчдийн хэн нэгэнд өнгөний болон ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчний шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмнэлгээр шинжилгээ хийлгэх тухай, эмнэлгийн байгууллага шинжилгээний хариуг тэдэнд танилцуулж, удамшил, гэр бүлийн төрөлтийн талаар зөвлөгөө өгч, тэдний хэн нэг нь өвчтэй нь тогтоогдсон бол түүний үр дагаврыг тайлбарлаж өгнө гэж заачихсан. Гэрлэх гэж буй хүмүүс олон төрлийн шинжилгээ өгөөд харшлах эсэхээ шийдэх хууль эрхзүйн зохицуулалтууд нь байдаг. Бодит байдал дээр эмнэлгээс сэтгэцийн эмгэггүй гэсэн цаас авдаг гардаг нөхцөл байдалд орчихсон байна. Хуульчилчихаад байхад мэргэжлийн байгууллагууд монголчуудын эрх ашгийн өмнөөс ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Янз бүрийн асуудалтай хүмүүс гэрлэснээс оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төрж буй нь эмгэнэл. Энэ асуудалд онцгой анхаарч ажиллах ёстой.

Монгол Улс коронавирусийн 40,000 дарааллыг тоолох чадалтай компьютергүй байна

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Цус ойртолтын үндсэн гол шалтгаан угийн бичиг хөтлөхгүйтэй холбоотой. Том лаборатори, шинжилгээ хийнэ гэхээсээ илүүтэй удам угсааг мэддэг байх нь чухал. Бодит байдал дээр өөрийн 3, 4 үеэсээ дээшээ удам судраа мэдэж байгаа байдал алга. Цөөн хэдэн гэр бүл байна. Угийн бичгийн хөтлөлт хэрэгжихгүй байгаатай холбогдуулан Г.Тэмүүлэн нарын гишүүд энэ тогтоолын төслийг өргөн барьсан гэж ойлгож байгаа.

Монгол хүн судлалын салбар бараг байхгүй болчихлоо. Тусдаа биеэ даасан институц байж байгаад академич Батсуурийн нэр дор 40 жил судалгаа хийгдсэн байдаг. Одоо монгол хүн судлалын салбар ганц, хоёр хүнтэй болсон. Энэ нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд зориудаар нөлөөлж буй далд бодлого гэж харж байна.

Түүхийг эргээд харахад БНМАУ байхад энэ чиглэлээр томоохон бодлого явуулж хүн, амыг тараан суурьшуулж, цус ойртолтоос сэргийлэх, хөдөлмөр хуваарилалт, төр захиргааны байгууллагын ажилтнуудыг хүртэл зөв хуваарилж ажиллуулах, шинэ хотууд байгуулахдаа өөр, өөр аймгаас иргэдийг цуглуулж байсан. 

Одоо анагаах ухааны хөгжлийн том өндөрлөгт ирсэн гэж байгаа боловч коронавирусийн 40 мянган дарааллыг тоолох чадалтай компьютергүй байна. Удмын сан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тусгай асуудал. 

Хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор тогтоолд хэдэн заалтыг оруулж өгч байгаа" гэв.