Монгол гэсэн түүхийн хуудас эргэлдэж, тэртээ холын түүхийг энэ эринд авчирч, олон зуун жилийн цаг хугацааг эргүүлж, домогт хатдын алдрыг нэгэн дуугаар дуудав.
Гэтэл мөнх хөх тэнгэрээс онгод болон залагдаж, ерөөл буянаа хайрлахаар их хатад амилав...
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын "Монголын их хатад" бүжгэн жүжиг нээлтээ хийлээ. Монголын төрийн жолоог атгалцаж оюун ухаан, хүч чадлаа зориулж явсан есөн хатны түүхийг тэд бүжгэн жүжгээр илэрхийлэв.
Тэнгэр язгуурт Гоо марал
Танхимд цугласан үзэгчид хөшиг нээгдэх мөчийг хүлээнэ. Энэ үед аянга цахилгаан цахилж, хэнгэргийн дуу хадсаар их зайран бөөлж эхлэв. Тэрээр “Эрхэт тэнгэрийн соёрхол билээ. Этүгэн эхийн таалал билээ. Монголын суу билэгт хатдаа урин дуудъя” гэхэд хөшиг нээгдэж, мөнх тэнгэр, үүлс хоёрын завсар тэнгэр язгуурт Гоо марал, Бөртө чоно амилав. Бүжгэн жүжигт Гоо маралын илүү бодит, гоо сайхан, үзэсгэлэн төгөлдөр байдлыг нь илэрхийлжээ. Түүний сэтгэлийн хөдлөл, нууцлаг байдлыг бүжгийн хөдөлгөөнөөр тодотгосон байв.
Эрхэмлэгч Алунгоо эх
Монголчуудын эв нэгдэл Алунгоо эхээс эхтэй билээ. Бүжгэн жүжигт түүний хөвгүүдээ хайрлах хайраас гадна эв нэгдэл гэдэг ямар эрхэм болохыг илэрхийлжээ. Таван хүү нь эвдэрэлцэхэд эх хүний уужим сэтгэлээр уучилж, тэдэнд сургамжилж байв. Харин таван сумыг нь таван бүсээр илэрхийлсэн нь содон мөртлөө зөв шийдэл байсан юм. Түүний уян зөөлөн сэтгэл, намбалаг байдлыг бүжгийн уран нарийн хөдөлгөөнөөр тодотгожээ.
Төрийн их ижий Өүлэн
Бүжгэн жүжигт Өүлэн хатны сэтгэлийн хатыг илүү дүрсэлсэн байв. Тэрээр Есүхэй баатрыг Татаруудад хорлогдоход сэтгэлийн тэвчээр заан бяцхан хөвгүүдээ өсгөдөг. Энэ сэтгэлийг нь тэнгэрт мөргөн сүсэлж буй бүжгийн хөдөлгөөнөөр дүрсэлж байв. Тэмүүжин эцэг нэгтэй дүү Бэгтэрийгээ харван хөнөөхөд Өүлэн эхийн дотоод сэтгэл нь илүү хүчтэй тодорч байв. Тэр энэлэн хайлж, газарт мөргөн уйлж байсан юм.
Ухаант Бөртэ үжин
Бөртэ хатан Чингис хааны хамт эрхлэлдэн байв. Энэ үеэр Чингис хаан аян дайнд явахаар болж, их цэрэг тэнгэр нүргэлэн орж ирэв. Бөртэ үжин цайныхаа дээжийг өргөж, аян замдаа сайн явахыг ерөөн, залбирах нь монгол бүсгүйн эр нөхрөө хүндлэн хайрлах эрхэм сэтгэлийг илэрхийлсний жишээ. Хаан хоёр хатантай болсныг нь дуулаад хэдий сэтгэлдээ шаналсан ч уужим сэтгэл гарган түүнийг уучилдаг. Түүний энэхүү сэтгэлийн зөрчлийг газар хөлбөрөн, сөхөрч буй бүжгийн ходөлгөөнөөр илэрхийлэв.
Сайн муугийн туйл Дөргөнө хатан
Бүжгэн жүжигт амилсан хатдaас сайн, муу хоёр дүрийг илэрхийлсэн нь Дөргөнө хатан байлаа. Өгөөдэй хааны хатан тэрээр хаан төрийг таван жил атгасан юм. Энэ үедээ Батима хэмээх араб бүсгүйн ятгалгад автаж, төрийн жолоог ганхуулдаг. Үүнийг нь бүжгэн жүжигт ойлгомжтой, сонирхолтойгоор дүрсэлжээ. Түүний оюун ухаан мансуурч, бодол санаа нь хоёрддог. Сэтгэлийн зөрчил нь туйлдаа хүрсэн нь бүжгийн хурдан шалмаг хөдөлгөөн, харцнаас нь мэдрэгдэж байв. Харин бүжгэн жүжгийн төгсгөлд тэрээр гэмээ ухаарч, алдаагаа засдаг.
Оюун ухаан төгс Сорхугтани Бэхи
Тулуй хааны хатан Сорхугтани Бэхи нь Чингис хааны хайртай бэр байжээ. Түүний бичгийн ухаанд төгс байдлыг нь бийртэй харьцаж буйгаар дүрслэв. Түүхэн хатан Сорхугтани Бэхи нь Хубилай, Мөнх, Аригбөх, Хүлэг гэсэн дөрвөн хүүгээ хаан ширээнд өргөмжлүүлж чадсан. Бүжгэн жүжигт түүний намбалаг дөлгөөн байдлыг илэрхийлжээ.
Үйлэнд уран Чимбай хатан
Хубилай хааны их хатан тэрээр үйлэнд уран байжээ. Бүжгэн жүжигт түүний энэхүү авьяасыг тодотгосон юм. Бусад бүжигчдээс гарын хөдөлгөөнөөрөө ялгарч байв. Бүжгэн жүжигт түүний ордны тансаг амьдрал болон нөхөртөө урлагын дээлийг онцолсон юм.
Эрч хүчтэй Самар хатан
Самар хатан Монголын хаан төрд үнэтэй хувь нэмэр оруулсан юм Тэрээр Баянмөнх жононг нууж, хамгаалж үлдсэнээрээ хааны удам тасрах аюулыг холдуулсан буянтан. Бүжгэн жүжигт тэрээр хамгийн эрэлхэг нь байв. Хэдий насны хувьд ахимаг хатны дүрийг амилуулсан ч хөдөлгөөн нь хурдан, эрч хүчтэй байсан юм.
Эрэмгий хатан Мандухай
Мандуул хaаны бага хатан Мандухай бүжгэн жүжигт шадар хоёр сайдынхаа хамт амилж ирэв. Түүний дайн байлдаанд одтой. шийдэмгий, зоригтой байдлыг тодотгон дүрсэлсэн байв. Морин дэлэн дээр хэрхэн давхих, хүнд дуулганы цаана баатруудтай адилхан мөр зэрэгцэн тулалдах Монголыг төрийн төлөөх мохошгүй эр зоригийг нь “Монголын Их хатад” бүжгэн жүжигт мөнхжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!