Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Яруу найрагч Б.Болорцэрэн "Болор цом"-ын эзэн болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

39 дэх удаагийн "Болор цом" наадмын тэргүүнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Болорцэрэн "Шүлэг бичихгүй л бол..." бүтээлээрээ тодорчээ. 

“Болор цом” наадмын тэргүүн найрагчид Монголын Зохиолчдын эвлэлийн болор цом, мөнгөн шагнал болон наадмыг хамтран зохион байгуулагч МҮОНРТ Эгшиглэнт эх Янжинлхам бурхныг гардуулдаг уламжлалтай.

Гэрэл зургийг mpa.mn

Наадам энэ удаад Улаанбаатар хотод болсон бөгөөд эхний шатанд хот, хөдөөгөөс нийт 144 шүлэг ирснээс 25 яруу найрагч “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншиж өрсөлджээ.

Тэргүүн байрт шалгарсан шүлэг

ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ...

Шүлэг бичихгүй удвал хар дарна

Шүд уналаа гэж

Шүлэг бодохгүй өнжвөл хар санана

Зүүд хэллээ гэж

Шүлэг уншихгүй удвал зүс алдана

Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна

Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт

Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт

Ээжээс ч их бодогдоод ирэх

Ханиас ч илүү санагдаад үлдэх

Энэ шүлгийг хэн илгээнэ вэ

Ээж минь л байх...ээж л байх

Ургахаа умартдаггүй наран шиг

Урсахаа мартдаггүй мөрөн шиг

Шүлэг бодоогүй өдрийг санахгүй

Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй

Ээж болсон өдөр минь шүлэг

Ээжгүй болсон өдөр минь шүлэг

Ааваа баярлуулах ганц зам

Амьд яваа минь шүлэг мэт

Шүлэг бичихгүй л бол

Эхийн ачийг санахгүй би

Шүлэг бичихгүй л бол

Элдэв өвчнөөс салахгүй би

Номын сангаа эмийн сангаар солино

Номын мөрөө ховын үгээр хөөнө

Ой санамж,үнэр амтаа алдана

Охин үр, үндэс угсаагаа ч мартана

Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч

Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй

Эр буруулавч нэр хөөдөвч

Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй

Ийм болоод л

Өглөөг нүүр бардам угтана

Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй

Өнгөрснөөс харамсал үл олно

Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай

Наран жаргаад хаачдгийг мэдэх үү

Надад шүлэг авчрахаар явдаг юм

Найрагч охинтой гэж гүн итгэсэн

Ээжээс бэлэг аваад ирдэг юм.

Б.БОЛОРЦЭРЭН