Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах худалдаа, үйлчилгээний 74 төрөл

А.Намуун, iKon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх шийдвэр гаргаснаа өнөөдөр олон нийтэд зарлалаа. Энэхүү шийдвэр 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.

Хотын Захирагч Д.Сумъяабазар "Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байгаа энэ үед өнөөдөр чухал шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн удирдлагууд болон иргэдээс санал авах ажлын хэсгийг байгуулсан юм.

Авлига, хүнд суртлыг бууруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйл ажиллагааг зөв явуулах, авлигын индексийг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын дэргэд байгуулсан байдаг. Үүнтэй уялдуулан Улаанбаатар хотод төрийн дээд шатны байгууллагаас олгодог 90 орчим зөвшөөрөл, нийслэлийн өөрийн шийдвэрлэх бололцоотой 82 буюу нийт 172 тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг эхний ээлжид хийж байна. 

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 18,664 иргэн, ААН, байгууллагаас гарах бодит үр дүн, хэмнэлтийг тооцоолсон. Ингэхэд тусгай зөвшөөрөл авахад нэг жилд бичиг хэргийн 42 сая, тээврийн хэрэгслийн 149 сая гээд нийт 191 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Нийслэл бизнес эрхэлж буй байгууллага болон жижиг бичил үйлчилгээ эрхэлж буй иргэдээ дэмжих бодлогыг хатуу барьж буй.

Хууль тогтоомж, шаардлагад нийцүүлэн зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжтой 74 үйл ажиллагааг хялбаршуулж явуулна.  74 төрлийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг оруулж, хүчингүй болгож байгаа. Үүнд:

  1. Бөөний худалдааны төв
  2. Агуулах, дэлгүүр
  3. Худалдааны төв
  4. Мод, барилгын материал, авто техникийн зах
  5. Их дэлгүүр
  6. Хайпермаркет
  7. Супермаркет
  8. Үзүүлэнгийн танхим
  9. Outlet
  10. Бутик
  11. Минимаркет
  12. Хүнсний дэлгүүр
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр
  15. Мухлаг
  16. ТҮЦ
  17. Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа
  18. Дахивар худалдан авах цэг
  19. Ресторан
  20. Баар, диско баар, караоке, билльярд
  21. Кафе
  22. Нийтийн үйлчилгээтэй цайны газар, байгууллагын дэргэдэх цайны газрууд
  23. Цахим тоглоомын төв
  24. Хүүхдийн тоглоомын төв
  25. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  26. Кофе шоп
  27. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  28. Үсчин
  29. Гоо засал
  30. Хумс засал
  31. Хувцас захиалга, засвар
  32. Гутал захиалга, засвар
  33. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар
  34. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  35. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  36. Цүнх захиалга, засвар
  37. Нүдний шил захиалга, засвар
  38. Цоож, түлхүүр захиалга, засвар
  39. Цаг засвар
  40. Хими цэвэрлэгээ, угаалга үйлчилгээ
  41. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ
  42. Гэр цэвэрлэх үйлчилгээ
  43. Айл нүүлгэх үйлчилгээ
  44. Эд, бараа түрээслэх үйлчилгээ
  45. Зочид буудал
  46. Дэн буудал
  47. Жуулчны бааз
  48. Амралтын газар
  49. Гэр буудал
  50. Нийтийн халуун ус
  51. Саун 
  52. Бассейн
  53. Чийрэгжүүлэлтийн төв, фитнес, бүжиг, спиннинг, иог, аэробик
  54. Алжаал тайлах төв, иллэг
  55. Нийтийн бие засах газар
  56. Авто засвар, кузов засвар
  57. Дугуй засвар
  58. Автомашины угаалгын үйлчилгээ
  59. Автомашины доторлогоо
  60. Автомашины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон бусад аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материал худалдаа
  61. Ил болон битүү авто зогсоол
  62. Нийтийн байрны үйлчилгээ 
  63. Зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  64. Зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл сунгах
  65. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  66. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  67. Жуулчны бааз, амралтын газар ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  68. Жуулчны бааз, амралтын газар ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  69. Дуу, хөгжим, бүжиг, драм, кино, уран зураг, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран болон фото зураг, нүүр будалт, хатгамал, будаг хувиргалт сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авах, сунгуулах
  70. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авах, сунгуулах
  71. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  72. Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  73. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  74. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах.

2022 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдээ Хотын даргын хувьд бүх талаас нь дэмжинэ. Дулаан хангамж болон барилгын зөвшөөрөл авахад 44 гарын үсэг зурдаг байдлаас татгалзаж байна. Зөвшөөрлөө авах гэж хөөцөлдөж явах хугацаанд банкнаас авсан зээлийн хүү нь нэмэгдээд явдаг зэрэг бэрхшээлүүд байна" гэв.

Өөрөөр хэлбэл эдгээр нь татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөл юм. Харин архи, тамхи гэх мэт хуулиар зохицуулагддаг тусгай зөвшөөрлүүд хэвээрээ болохыг тодотголоо.

Иргэдийг халамжийн тогтолцооноос татгалзахыг уриалж байна

Хэвлэлийн хурлын дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Стандартыг аль байгууллага шалгах вэ. Энэ байгууллагууд асуудал гаргавал ямар хариуцлага хүлээх вэ?

-Нэг талаас хэм хэмжээг цуцлаад, хүчингүй болгохоор аюулгүй байдал талаасаа иргэд яг ийм асуулт тавина.  Лаос Улсын жишээг татъя. Манайхаас хөгжил дорой байсан улс яаж хөгжсөн гэдгийг бүгд мэдэж байгаа. Тус улсад тодорхой түвшний орлоготой аж ахуйн нэгжүүдэд ямар ч шаардлага тавьдаггүй.Ийм байдлаар бизнес эрхлэгчдээ дэмждэг.

Бид ч мөнгөтэй болох гэж байгаа иргэдээ дэмжих ёстой. Тэд төрөөс ажлын байр гуйгаагүй, зээл гуйгаагүй. Тийм учраас нэг ч гэсэн хүн өөрөө орлогоо олж, бие даагаад явж байхад төрийн ачаалал маш их хөнгөрнө. Олон шат дамжлага, хүнд суртал хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Тиймээс бизнес хийх ангилалд бид олон шатлал тавиад байх шаардлага байхгүй. Мэдээж стандарт байгаа. Монгол Улсад 6,602 стандарт бий. Нийслэлд 2,500 гаруй стандарт мөрдөж байна. Тэдгээрийн 40-50 хувь нь хуучирсан. Тэгэхээр бид стандартын хэм хэмжээг, Улаанбаатар хотын дүрмийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж байгаа.

Тэгэхээр нэгдүгээрт стандарт, дараа нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэнийг ч нээлттэй, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжоор нь бид хангах ёстой. Улаанбаатарын иргэд орлоготой байх ёстой. Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой гэдэг үүднээс бид суурийг нь тавьж байна. Халамжийн тогтолцооноос татгалзахыг уриалж байна.