Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс дотроо дамжуулан зээлдүүлсэн гадаад зээлийн 47% нь эргэн төлөгдөөгүй байна

ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын анхны тохиолдол илэрсэн тэр мөчөөс хойш манай улсын гадаад өр төлбөрийн хэмжээ чимээгүйхэн нэмэгдэж, ирээдүйд эргэн төлөх зээлийн дарамт хүндэрч эхэлсэн. Аргагүй цаг үе, амаргүй нөхцөл байдал хэмээн үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, түүний үр дүн, зарцуулалт сэтгэл гонсойлгоно. Үндэсний аудитын газрын ээлжит тайлан үүнийг гэрчилнэ.

2018-2020 оны зээл, тусламжийн талаарх аудитын дүн шинжилгээг уншигч танд хүргэж байна.

Аудитаар нийт 5.4 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ. 2020 оны улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бид дээрх хугацаанд бусдаас зээлжээ. Зээл учраас тодорхой хугацааны дараа төлж таарна.

Ердөө л жилийн өмнө тэс ондоо хүлээлт бий болж, нийгэм, эдийн засгийн “удирдлага”-ыг төр засаг гартаа бүрэн авсан. Төсөв, мөнгөний бодлого хүртэл хараат бус байдлаа алдаж, олон нийтийн хяналтаас гарсан юм. Ялгаагүй хөнгөлөлттэй зээл, тусламжийн зарцуулалт, түүний бүртгэл тооцоо мөн эзэнгүйджээ. Улс орны нийгэм, эдийн засгийн “эрүүл мэнд” тамирдах хэрээр олон улсын банк, санхүүгийн байгууллага бидэнд гар сунгаж, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн цуваа харамгүй үргэлжилсэн. Талархах учиртай. Гэвч үүний задаргаа, ашиглалт тодорхой бус, хаалттай хэвээр. Олон нийтэд ил тод байх учиртай тоонуудыг төрийн нууц мэт холбогдох албаныхан дарж суусаар 2022 онтой золгож байна.

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын улирлын мэдээг Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2-т заасны дагуу Сангийн яам мэдээлэх чиг үүрэгтэй. Гэтэл ашиглалт гарсан зээл, тусламжийн мэдээллийг бүрэн байршуулаагүй, 2018-2020 оны байдлаар ₮3 их наядын зээл, тусламжийн ашиглалтыг мэдээлээгүй, иргэд, олон нийтэд мэдээллийг нээлттэй, ил тод болгоогүй байна. Бид хэдий хэмжээний зээлтэй вэ?

43 хувь нь эргэн ТӨЛӨГДӨӨГҮЙ...

Манай улс 1991-2020 онд хандивлагч орон, олон улсын байгууллагатай 267 гэрээ байгуулжээ. Эдгээрийн дүнд нийт 6.7 их наяд ам.доллар буюу 19.7 их наяд төгрөгийн гадаад зээл авч ашигласан байна. Гадаад зээлийн 27.3 хувь буюу 5.3 их наяд төгрөгийг улс дотроо дамжуулан зээлдүүлжээ. Үүний 47 хувь нь эргэн төлөгдөөгүй үлдсэн байна. Зээлийн авлагын тайланд 47 хувийг цохон тэмдэглэжээ. Дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл 2016 онд 790.9 тэрбум төгрөг байсан бол цар тахалтай нүүр тулсан ганцхан жилийн дотор  2020 онд 77.2 хувиар өсөж, 1.4 их наяд болтлоо тэлсэн байна.

Цар тахлын аюулын харанга дэгдсэн 2020 онд дэлхийн улс орнууд урьд өмнө нь тулгарч байгаагүй гэнэтийн, гүн хямралтай нүүр тулсан. Энэ үеэс тодорхойгүй нөхцөл байдал давамгайлж, сэтгэл түгшээсэн уур амьсгал дунд бид оршсоор өнөөдрийг хүрэв. Өөрөөр хэлбэл, 2020 оны төсвийн бодлогын үндсэн чиг үүрэг, зарцуулалт нь алдагдаж, цар тахлын өмнө хүчин мөхөстөв. Эндээс л төсвийн төөрөг улам бүрхэг болж, татвар төлөгчдийн мөнгө “манаач”-гүй болж эхэлсэн хэрэг.

Алдагдсан боломжийн өртөг 1.5 ИХ НАЯД

Сангийн яам дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулахдаа Засгийн газрын 2006 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам”-ын дөрвөн ч заалтыг мөрдөөгүй талаар аудитын тайланд хөнджээ.

Тодруулбал, зээлийн барьцаа, батлан даалтын гэрээ байгуулаагүй, зарим зээл ямар нөхцөл, шалтгаанаар эргэн төлөхгүй байгааг тодруулаагүй орхисон байна. Мөн юунаас болж тухайн зээлдэгч төлөх найдваргүй болсон нь тодорхойгүй, эргэн төлөх чадваргүй төсөлд зээл олгосон, зээлдэгч тогтоосон хугацаа, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, насжилт өндөртэй зээлийг барагдуулах ажлыг цаг тухайд нь зохион байгуулаагүй, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт сул байгаагаас зээлийн үлдэгдэл өсөж, дээрх хэмжээнд хүрчээ.

Зээлийн үлдэгдэл ийнхүү огцом нэмэгдсэн нь улсын төсөвт дарамт учруулж, хяналтгүй зээлийн хүлээс улсын эдийн засгийг гарцгүй болгож мэдэх нь.

Дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн авлагын 2020 оны жилийн эцэст эргэн төлөлт хийдэггүй нийт 73 зээлийн үлдэгдэл нь 1.4 их наяд төгрөг байна. Гаднын 54 зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрт улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийг төлжээ.

Улсын төсвийн орлого нь татвар төлөгчдийн мөнгө юм. Үүнийг төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжих хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1,347 төсөл, арга хэмжээний 1.3 их наяд төгрөгтэй харьцуулахад 1.1 дахин их гэж үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл, алдагдсан боломжийн өртөг 1.5 их наядаар хэмжигдэж байна. Ирэх онд Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх үүднээс дотоодод 3.6 их наяд төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байна. Алдагдал нь улсын дотоод өрийн эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Эргэн төлөлт ХООСОН

Хамгийн ноцтой нь, эргэн төлөлт хийдэггүй дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаа нь аюулын харанга юм. Тухайлбал, эргэн төлөлтгүй, дамжуулсан зээлийн хэмжээ 

  • 2018 онд 95.8 тэрбум төгрөгийн 4
  • 2019 онд 311.5 тэрбум төгрөгийн 44 зээл
  • 2020 онд 489.3 тэрбум төгрөгийн 17-оор тус тус нэмэгджээ.

2020 оны жилийн эцэст нийт 73 зээлийн 1.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дотоодод дамжуулсан зээлийн чанар нэг иймэрхүү дүр зурагтай. Сангийн яам гадаадын зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх хууль, эрх зүйн орчин, түүний зохицуулалтаа эргэж нухацтай харахгүй бол гадаад өр төлбөрийн хэмжээ энэ мэт байдлаар цаашид өссөөр байх нь.

Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2,848 төгрөгтэй тэнцэж буй. Дотоодод төгрөгөөр олгосон нийт 577 тэрбум төгрөгийн 118 дамжуулан зээлийн хүүгийн төлбөрт өнгөрсөн жил 50.8 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээжээ. Уг дотоодод төгрөгөөр олгосон 577 тэрбум төгрөгийн 118 дамжуулан зээл нь Өрийн удирдлагын тухай хуулийн 30.6, Засгийн газрын 2006 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлүүлэх журам”-ын 3.5, 3.6 заалтыг тус тус зөрчжээ.

Тэд л гар СУНГАЖЭЭ...

Хэрэг болж мэдэх статистик үзүүлэхэд, хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан нийт гадаад зээлийн 82.2 хувь буюу 16.1 их наяд төгрөгийг Азийн хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, БНХАУ, Дэлхийн банкнаас авч ашигласан байна. Төсвийн алдагдлыг бууруулах, төсөвт ирэх зардлын ачааллыг зөөллөх, орлогын хомсдолд орсон төрийн санг мөнгөжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дийлэнх тохиолдолд бид зээл, тусламж авч байжээ.

Гадаад зээлийн ашиглалтыг салбараар ангилж үзэхэд зам тээврийн салбарт 17.3 хувь буюу 3.4 их наяд төгрөгийг зарцуулжээ. Үүний дараа эрчим хүчний салбар орж байна. Мөнгөн дүн нь 2.8 их наяд. Бидний авсан хөнгөлөлттэй зээлийн дийлэнх нь дэд бүтцийн салбарт орсныг дээрх тооноос харж байна. Тэгвэл энэ салбарын үйлдвэрлэлийн үр ашиг харьцангуй олон жилийн дараа гардаг.

Засгийн газрын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх гадаад зээлийн ашиглалтын сүүлийн таван жилийн байдлыг салбараар нь авч үзвэл

  • дэд бүтцийн салбарт 60 хувь
  • нийгмийн салбарт 19.9 хувь
  • төрийн удирдлага болон санхүүгийн салбарт 10.1 хувь
  • харин үйлдвэрлэлийн салбарт гадаад зээлийн эзлэх хувь хамгийн бага буюу 5.7 хувийг тус тус ашигласан байна.

Үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь хөрөнгө оруулалтын олдоцгүй байдал болох нь эндээс харагдаж буй юм.

Засгийн газрын гадаад зээлийн ҮЛДЭГДЭЛ...

Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл 2018 онд нийт өрийн 50.1 хувийг, 2019 онд 52.9 хувийг, 2020 онд 59.1 хувийг эзэлж, жилээс жилд нэмэгджээ. Энэ нь ханшийн өөрчлөлт болон Засгийн газраас дотоод үнэт цаасны арилжааг зогсоож, зарим дотоод үнэт цаасыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авч, хэмжээг бууруулсантай холбоотой байна гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна.

Засгийн газрын гадаад зээлийн өсөлт 2018 онд өмнөх оноос 22.3 хувиар, 2019 онд 14.3 хувиар, 2020 онд 28.9 хувиар тус тус өссөн байна. Нийт өсөлтийг 100 хувь гэж үзвэл ханшийн өөрчлөлтөөр 2018 онд 40.8, 2019 онд 25, 2020 онд 27.7 хувиар тус тус нэмэгджээ. Тухайлбал, ам.доллартой харьцах төгрөгийн ханш өнгөрсөн жил 4.2 хувиар суларсан нь үүнд нөлөөлсөн байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн хязгаарыг 2020-2022 онд 70 хувь, 2023 онд 65 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан тул гадаад зээлээр төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломж цаашид улам багасах эрсдэлтэй байна. Гадаад зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж байгаа өнөө үед улсын төсвөөс зарцуулах нийгмийн халамжийн зардал өсөж, төсвийн үр ашиг урт болон дунд хугацаанд буурч эхэлсэн.

Засгийн газрын гадаад зээлийн 44.1 хувийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар авсан гадаад зээлийн үлдэгдэл 2018 онд 2.6 их наяд байсан бол 2020 онд 5.2 их наяд болж хоёр дахин нэмэгджээ. Засгийн газар төсвийн тэлэх бодлого баримталснаас нэгдсэн төсвийн зарлага 2020 онд 19.7 хувиар өссөн байна.

Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийн 59.1 хувийг гадаад зээл эзэлж байгаа нь ханшийн эрсдэлийг улам нэмэгдүүлсээр. Гадаад зээлийн

  • 39.5 хувь нь ам.доллар
  • 27.1 хувь нь зээлжих тусгай эрх
  • 24.7 хувь нь иен
  • 5.8 хувь нь евро
  • 2.9 хувь нь бусад валютаас бүрдэж байна.

Төсвийн алдагдал хүлээх буюу өр үүсгэх замаар урд хормойгоо нөхөж, өрийн түүхээ зузаалав. Гадаадын зээл харамгүй авч, гамгүй зарцуулжээ. Бид улсаараа үүнийг төлнө. Энэ л хамгийн том сорилт. Зээлийн талаар баримтлах төрийн нэгдсэн бодлого алга. Зохицуулах, хянах оролдлого ч манай төр хийсэнгүй. Үүнийг зөнд нь орхижээ.

ҮАГ-аас зөвлөсөнчлөн, гадаадын зээл тусламжийн зарцуулалт, төлөвлөлтөө Засгийн газрын түвшинд сайжруулж, энэ мөнгийг хэрхэн зарцуулах талаар хөтөлбөр боловсруулах зайлшгүй шаардлага байна. Үгүй бол Монгол Улсын өрийг нэмж байгаа энэ үзүүлэлтүүд иргэдэд татвараар дамжин ачаа болж ирэх нь гарцаагүй. 

Түүнээс гадна КОВИД-19 цар тахлын үед тусгай хууль батлан, Засгийн газар төсвийн эрх мэдэлтэй болсноор худалдан авалтуудыг шууд хийх нөхцөл бүрдсэн. Тэгвэл энэ дагуу улсын хэмжээнд гадаад зээл, тусламжаар коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр дүнд хяналт хийж, иргэдэд танилцуулах шаардлагатай. Иргэд ч үүнийг нэхэж, хяналтаа хэрэгжүүлэх цаг болжээ.

 

Сэтгүүлч Б.Баяртогтох - "Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.