Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хатгааны эсрэг вакцин бага насны хүүхдийн дундах өвчлөл, нас баралтыг 50 хувиар бууруулж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уушгины хатгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өмнөх оны мөн үеэр 62 хувиар буурав. Тодруулбал, 2020 оны эхний 11 сард уушгины хатгаа өвчний улмаас 41,002 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол энэ оны эхний 11 сард 15,561 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд уушгины хатгаа өвчний улмаас эрчимт эмчилгээний тасагт 56 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 нь хүүхэд, 42 нь насанд хүрэгчид байна.

Хөгжиж буй улс орнуудад  бага насны хүүхдийн  өвчлөлд амьсгалын замын халдвар, ялангуяа уушгины хатгаа зонхилдог төдийгүй хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа. Манай улсын хувьд ч амьсгалын замын үрэвсэл нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн эхний байранд ордог. 

Манайд уушгины үрэвсэл /УҮ/ буюу хатгаа нь бага насны хүүхдүүд дунд түгээмэл тохиолддог өвчин бөгөөд эмнэлэгт хэвтэлтийн тэргүүлэх шалтгаан болсоор байгааг “Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны үндсэн судлаач М.Туяа эмч хэлж байв.

Амьсгалын замын үрэвслийн өвчлөл нь 0-1 болон 1-4 насны хүүхдийн дунд өндөр байгаа нь статистик үзүүлэлтээс харагдаж байна. Тухайлбал, Хүүхдийн өвчлөлийг сүүлийн 10 жилийн дунджаар тухайн насны 1,000 хүн амд тооцож үзэхэд 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчнүүд байна.


"ПЭВ13 вакцинаар дархлаажуулснаар бага насны хүүхдийн дунд хатгаа өвчний хүнд болон маш хүнд хэлбэр бараг 50 хувиар буурсан"

Гэрэл зургийг mpa.mn

Хатгаа өвчин буурсан шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлүүд, хүүхдийн өвчлөл зэрэг асуудлаар “Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны үндсэн судлаач эмч М.Туяатай ярилцлаа. 

- Хатгаа 0-5 насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг мөн үү?

- Хатгаа өвчин нь хүүхдийн дунд түгээмэл тохиолдож учраас уг өвчнөөр хүндрэх, улмаар хүүхдийн амь насыг эрстүүлэхэд ч хүргэх нэг шалтгаан болдог. Манай орны хувьд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойш эрчимтэй буурч байгаа нь хүүхдэд зонхилон тохиолддог суулгалт, амьсгалын замын өвчлөлийг бууруулах, эмчлэх, сэргийлэхэд чиглэгдсэн цогц арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсний үр дүн юм. 

Хэдийгээр амьсгалын цочмог халдвар хатгаа өвчин нь тав хүртэлх насны /0-5/ хүүхдийн эндэгдлийн  шалтгааны  хоёрдугаарт  орж байгаа ч  сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс харахад  нас баралтын шалтгаан болох эрсдэл нь буурсаар байна. 

Хүснэгт: Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дундах хатгаа өвчний эзлэх хувь 2010-2020 он

Он

Бодит  тоо

Эндэгдлийн шалтгааны хувь

2010

275

21.6%

2011

238

20.7%

2012

204

17.8%

2013

183

15.7%

2014

178

14.2%

2015

149

14.0%

2016

216

16.4%

2017

122

12,1%

2018

109

10.5%

2019

134

12.0%

2020

58

 6.6%

- Хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд манай улс ямар ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?

- Бага насны хүүхдийн дундах өвчлөл, эндэгдлийн шалтгаан болж байгаа амьсгалын замын үрэвсэл түүний хүндрэл болох уушгины үрэвсэл/хатгаа өвчнийг бууруулах, эмчлэх, сэргийлэх  нь  төр засаг,  эрүүл мэндийн салбарын анхаарлын төвд байнга байж, энэ чиглэлээр бодлого, стратеги, хөтөлбөрүүдийг боловсруулж, үндэсний түвшинд хэрэгжүүлж ирсний үр дүнд өнөөгийн амжилтад хүрсэн. Тэдгээрийн нэг нь 2016 оноос ПЭВ13 /пневмококкийн эсрэг 13 цент/ вакциныг үе шаттайгаар үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн явдал юм.

Бодлого стратегийг тодорхойлж,түүнийг хөтөлбөр төслөөр дамжуулан хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ, бусад хөгжлийн түнш байгууллагууд, үндэсний болон олон улсын ТББ-ын хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг жинтэй хувь нэмэр оруулж байна. 

- Хатгаа өвчний вакцины үр нөлөө ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Хатгаа өвчний гол үүсгэгч нь нян буюу стрептококк пневмоккок мөн амьсгалын замын өвчин үүсгэгч олон төрлийн вирусүүд түүний дотор амьсгалын замын сенситель,  томуу, томуу төст  өвчний мөн сүүлийн үед гарсан  КОВИД-19 вирусүүд юм. Түүнчлэн бусад эрсдэлт хүчин зүйлүүд болох хүйтэн сэрүүний улирал, гадаад, дотоод орчны агаарын бохирдол, хоол тэжээлийн хомсдолтой байдал нь хүн амын ялангуяа бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчний өвчлөл, хүндрэл өндөр байхад нөлөөлдөг.  

Хатгаа өвчний өндөр тархалт, түүний хүндрэлтэй холбоотой асуудлыг амжилттай шийдвэрлэж буй дэлхийн нийтийн туршлага болох уушгины үрэвслийн гол үүсгэгч Streptococci pneumococc-н эсрэг вакциныг нэвтрүүлэхээр Засгийн газар (ЭМЯ) 2014 шийдвэрлэж, уг вакцины үр дүнг үнэлж, үе шаттайгаар нэвтрүүлээд байна. Энэ хүрээнд ЭМЯ-наас  Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин (ПЭВ13)- ыг 2+1 товлолоор буюу хүүхдийг 2, 4 ба 9 сартайд нь тарьж дархлаажуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал,

  1. 2016 оны зургаадугаар сард Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт
  2. 2017 оны долдугаар сард Баянзүрх дүүрэгт 
  3. 2018 оны гуравдугаар сараас УБ хотын 6 дүүрэгт
  4. 2019 оны нэгдүгээр сараас бүх сум, аймагт  тус тус нэвтрүүлсэн.  

Уг вакциныг үе шаттайгаар үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн гол шалгуур нь нийслэлийн дөрвөн дүүрэгт /Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй/ бага насны хүүхдэд хийгдсэн “ПЭВ13 вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны эхний үр дүн байлаа. Уг судалгааг 2015 оны гуравдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд дээрх дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг болон өрхийн эмнэлэгт түшиглэн ДЭМБ, ЭМЯ/ХӨСҮТ болон Австралийн Мельбурны Мурдочийн Хүүхдийн судлалын хүрээлэнгийн хамтарсан баг явуулсан. Судалгаанд нийтдээ  уушгины үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтсэн 2-59 сартай 55,247 хүүхдүүдээс судалгааны шалгуурт тохирсон 17,668  нь хамрагдсан. Мөн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргээс сонгогдсон хороодын 5 долоо хоногоос 23 сартай 2,000 гаруй эрүүл хүүхдүүд багтсан юм.

Судалгаанд хамрагдсан эдгээр хүүхдийн дундах уушгины үрэвсэл 2015 оны дөрөвдүгээр сараас 2020 оны хоёрдугаар сар хүртэл буюу КОВИД-19 цар тахлын хөл хорио тогтоохоос өмнөх үед:  

  • Бүх хэлбэрийн уушгины үрэвсэл 26% 
  • Рентгенээр батлагдсан уушгины үрэвсэл 27% 
  • Хүнд хэлбэрийн уушгины үрэвсэл 44%  
  • Маш хүнд хэлбэрийн уушгины үрэвсэл 61%  
  • Хүчилтөрөгчийн дутал бүхий уушгины үрэвсэл 17% тус тус буурсан.

2015 оны дөрөвдүгээр сараас 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар буюу КОВИД-19 цар тахлын хөл хорио тогтоосон үеийг оролцуулан дээрх загварчлалаар тооцоход хоёр үр дүн нэлээд ойролцоо гарлаа. 

  • Бүх хэлбэрийн уушгины үрэвсэл 26% 
  • Рентгенээр батлагдсан уушгины үрэвсэл 26%  /2020 оны 10-р сарын байдлаар/
  • Хүнд хэлбэрийн уушгины үрэвсэл 46% 
  • Маш хүнд хэлбэрийн уушгины үрэвсэл 62% 
  • Хүчилтөрөгчийн дутал бүхий уушгины үрэвсэл 15% тус тус буурсан.

Судалгааны дээрх үр дүнгээс харахад  ПЭВ13 вакцинаар дархлаажуулснаар бага насны дунд хатгаа өвчний хүнд болон маш хүнд хэлбэр бараг 50% /46%-62%/ буурч байгаа нь энэ өвчнөөр эндэх эндэгдлийн эрсдэлийг төдий хэмжээгээр бууруулж байна гэж ойлгож болно.

Хатгааны эсрэг вакциныг НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч байна 

 
mpa.mn

Бага насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн  зонхилох шалтгаан болох  амьсгалын цочмог өвчин уушгины хатгаа, суулгалт, хоол тэжээлийн цочмог дутал зэрэг өвчнүүдийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг  орон даяар хэрэгжүүлэхэд НҮБ -ын Хүүхдийн Сангаас олон жилийн турш тасралтгүй дэмжлэг үзүүлсээр буй. Энэхүү үйл ажиллагааны нэг тэргүүлэх чиглэл нь дархлаажуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын үндэсний дархлаажуулалтын сангийн үйл  ажиллагааг  бэхжүүлэхэд туслах юм. 

Засгийн газар уушгины хатгааны эсрэг вакциныг үе шаттайгаар улс орон даяар нэвтрүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу НҮБ-ын Хүүхдийн Сангаас  вакцинаар хангах, худалдан авах, хүйтэн хэлхээний чанар, хадгалалтын горимыг сайжруулах, хатгааны эсрэг вакцинтай холбоотой судалгаа, сургалт хийхэд санхүүгийн болон мэргэжил арга зүйн дэмжлэгийг тогтмол үзүүлж байна.

Хатгааны эсрэг вакциныг анх өвчлөл өндөртэй, агаарын бохирдол ихтэй нийслэлийн гурван дүүрэгт нэвтрүүлж эхлэхэд НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДЭМБ-аас үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Үр дүнд нь 2016-2017 онд тус вакциныг хийлгэсэн хүүхдүүдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан үзүүлэлттэй байжээ.

Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтдог. 2018 оноос хойш хатгааны эсрэг вакцин нь дархлаажуулалтын үндэсний товлолд орсон нь маш том амжилт бөгөөд ингэснээр хатгаа өвчнөөр хүндэрч эмнэлэгт хэвтэх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээнд орох тохиолдол эрс буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.

Түүнчлэн, вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг боловч манай улс НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3.5 ам.доллараар худалдан авч байна.   

Манай улс КОВИД-19 цар тахлын үеийн “бүх нийтийн бэлэн байдал”-н зэрэгт шилжин, хүн амын бөөгнөрөл, хөдөлгөөнийг багасгах, амны хаалт зүүх, хувийн ариун цэврийг сайжруулах /гар угаах/,  КОВИД-19 халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Энэхүү арга хэмжээнүүд агаар дуслын замаар дамждаг бусад вирусээр үүсгэдэг өвчнийг бууруулахад даацтай хувь нэмэр оруулдаг болохыг М.Туяа эмч хэлж байв.

Харин нянгаар үүсгэгдэж буй  уушгины үрэвслийн хувьд арай өөр байгааг дээрх судалгааны дүн харуулжээ. Тодруулбал, КОВИД-19 халдвартай холбоотойгоор тогтоосон хөл хорио нь уушгины үрэвслийн өвчлөл болон хүндрэлийн бууралтад төдийлөн нөлөөлөөгүй байна. 

ХҮҮХДЭЭ УУШГИНЫ ХАТГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Хүүхдэдээ товлолын дагуу вакцинуудыг хугацаанд нь хийлгэх,
  • Гэрийнхээ хаалга, цонх, тооноо үе үе нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж, гэр доторх агаарыг сэлгэж, бохир агаарыг зайлуулах,
  • Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Түлшинд элдэв бензин, хуванцар, хог түлэх нь бие махбодыг хордуулж, хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдээ асрах хооллох, гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр уушгины хатгаа өвчнөөс сэргийлнэ.

ХҮҮХДЭЭ “УУШГИНЫ ХАТГАА” ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАНИХ АРГА:

Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн ихэнх хүүхдэд:

  • Ханиалгах
  • Халуурах
  • Нус гоожих
  • Тайван бус болох
  • Хоолонд дургүйцэх
  • Заримдаа амьсгаадах
  • Цээж шуугих зэрэг шинжүүд илэрдэг ба үүнийг “ХАНИАД ШУУХИНАА” гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж ажиглагдвал уушгины хатгаа юм. Хатгаа нь хүүхдийн нас, өвчний үүсгэгчээс хамаарч хүүхэд бүрд өвөрмөцөөр илэрдгийг анхаарч эрүүл мэндийн байгууллагад үзүүлээрэй.