Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад аялаад Калифорнид буцаж ирсэн иргэнээс коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрсэн тухай АНУ-ын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

“АНУ-д Омикрон хувилбарын анхны тохиолдол илрэх нь цаг хугацааны асуудал байсан” гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи хэлсэн байна.

Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Өмнөд Африкаас ирсэн зорчигчоос өнгөрсөн Даваа гарагт халдвар илэрсэн юм байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн, шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ажээ.

Сан-Франциско хот дахь Калифорнийн Их Сургуулийн судлаачид өвчтөнөөс Мягмар гарагийн орой сорьц авч, генийн дарааллыг шинжилснээр маргааш өглөө нь Омикрон хувилбараар өвчилснийг тогтоосон байна.

Өвчтөн нь Модерна вакцины бүрэн тунд хамрагдаад удсан ч нэмэлт тунд хамрагдаагүй байжээ. Хэдийгээр өвчтөний биеийн байдал сайжирч байгаа боловч эмч нартай зөвлөлдсөний дараа тусгаарлалтаа үргэлжлүүлэхээр шийдсэнийг Калифорни мужийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Өвчтөнтэй ойрын хавьтал болсон бүх хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Өчигдрийн байдлаар дэлхийн 23 улсад коронавирусийн Омикрон хувилбарын тохиолдол илрээд байна. Долоо хоногийн өмнө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд тус улсад вирусийн шинэ хувилбар илэрснийг анх зарлаж байв.

Эрдэмтэн судлаачид одоогоор Омикрон хувилбар хэр зэрэг хор хөнөөлтэйг хараахан тогтоож чадаагүй байна.

 

Эх сурвалж: Associated Press