Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Богд банк Монголын арилжааны банкны түүхэн дэх шинэчлэлийн анхдагч болж, олон нийтэд хувьцаагаа гаргалаа 

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Монголын банкны салбарт түүхэн өдөр тохиож байна. 

Учир нь энэ оны нэгдүгээр сарын 29-нд батлагдсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар банкуудыг хувьцаат компани болгон өөрчлөх зохицуулалт хийсэн билээ. 

Энэхүү шинэчлэлийн түүчээ болж Богд банк өнөөдөр олон нийтэд банкны эзэмшигч болох боломжийг олгож, хөрөнгийн бирж дээр анхдагч арилжааны цан цохилоо. 

Богд банк нийт хөрөнгийнхөө 20 хувийг олон нийтэд санал болгож буй бөгөөд нэгж хувьцааны үнэ нь 2,540 төгрөг.Ингэхдээ нийт 12.5 сая ширхэг хувьцаанд 31.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхөөр төлөвлөсөн байна. 

Банкны хувьцаа эзэмшигч болохыг хүссэн хүн бүр арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрийг дуустал аль ч үнэт цаасны компанид хандаж захиалга өгөх боломжтой юм. 

 

"2020 оны жилийн эцсийн байдлаар Богд банкны цэвэр ашиг өмнөх оноос хоёр дахин нэмэгдэж, 5.6 тэрбум төгрөгт хүрсэн бол энэ жилийн эцсийн дүнгээр 11 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээ зэрэг эрсдэл даах, найдвартай байдлын үзүүлэлтээр Монголбанкнаас тогтоосон хэмжээнээс даруй 35-38 хувиар илүү байна. Банкны системд чанаргүй зээлийн эзлэх хувь 11.2 хувьтай байхад Богд банкных гурав дахин бага буюу 3.6 хувь байгаа юм. Энэ мэт хурдацтай өсөлт, менежментийн зөв бодлого нь олон нийтийн банк болох бизнес төлөвлөгөөнд тусгалаа олж, хяналтын байгууллагуудын босгыг даван, IPO гаргах анхны зөвшөөрлийн эзэн болсонд баяртай байна" хэмээн Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул цан цохих ёслолын үеэр онцолсон юм. 

Анхдагч арилжааны цан цохих ёслолд оролцсон төлөөллүүдийн байр суурийг хүргэж байна. 

"Богд банк Монголын арилжааны банкны 31 жилийн түүхэн дэх хөгжлийн шинэ шат болж, анхны нээлттэй хувьцаат банк боллоо"

 

Богд банкны Бизнес хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа "Отгон банкуудын нэг болох Богд банк шинэчлэгдсэн хуулийн дагуу арилжааны банкууд дундаасаа анхны нээлттэй хувьцаат банк болох зорилгоо өнөөдөр хэрэгжүүлж, цан цохисондоо баяртай байна. Энэхүү үйл явдал нь Монголын арилжааны банкны 31 жилийн түүхэн дэх хөгжлийн шинэ шат билээ. Богд банкны хувьд уламжлалт банкны систем дээр дижитал буюу цахим технологийг нэмэхэд илүүтэй төвлөрч байгаа. Ялангуяа харилцагчдадаа дижитал банкны бүрэн цогц аппликэйшнийг нэвтрүүлэхээр сүүлийн саруудад ажиллаж байна.

Харилцагчид болон хөрөнгө оруулагчид өгөөжөө дэвшилтэт технологи ашигласан бүтээгдэхүүн үйлчилгээнээс хүртэх боломжтой. Ийнхүү нээлттэй банк болох нь компанийн засаглал, үйл ажиллагаа болон удирдлагын түвшинд илүү хариуцлагатай болж өсөх үр нөлөөтэй.Банкууд цахимжсан гээд ярьдаг ч бодит байдал дээр зөвхөн зайнаас данс нээх, зээлийн үйлчилгээ үзүүлэхээр хязгаарлагдаж болохгүй. Тиймээс банкны бүх төрлийн үйлчилгээ буюу даатгал, хөрөнгө оруулалтын үйлчилгээ зэргийг санал болгох хэрэгтэй тул эдгээрт төвлөрөн ажиллаж яваа" гэв. 

"Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэг хувьцаа эзэмшигч арилжааны банкны 20-оос илүү хувийг эзэмшиж болохгүй гэх заалттай"

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан бол арванхоёрдугаар сарын 1-нд буюу өнөөдөр анхны банк нээлттэй хувьцаат компани болж байгаа нь хуулийн хэрэгжилтийн эхний алхам болж байна. Банкны тухай хуулийн хэрэгжилт дээр анхаарч ажиллана. Системийн нөлөө бүхий таван банк заавал нээлттэй хувьцаат компани болох хэрэгтэй. Тэр утгаараа 2022 он ачаалалтай жил болох байх. 

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэг хувьцаа эзэмшигч арилжааны банкны 20-оос илүү хувийг эзэмшиж болохгүй гэх заалттай. Энэ заалтын хэрэгжилтийг мөн хянаж ажиллана. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулахаар шийдсэн. Тус ажлын хэсэгт нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд миний бие оролцож явна" гэв. 

"Татан төвлөрүүлэх хөрөнгийн 40 хувийг технологийн хөрөнгө оруулалтад зарцуулна"

 

СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн "Богд банк нь өсөж яваа банк. Системийн нөлөө бүхий банкуудын зах зээлд эзлэх байр суурь өндөр хэдий ч Богд банк шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгон үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх боломж бүрэн бий гэж харж байна. Богд банк нь банкны салбарт анхны нээлттэй хувьцаат компани болсон нь нийтэд ил тод болж буй хэрэг бөгөөд тэр хэмжээгээр хадгаламж эзэмшигчдийн итгэлийг нэмэгдүүлэх давуу талтай. Хөрөнгө оруулагч нарын хувьд ч итгэл нэмэгдүүлэх ач холбогдолтой. Богд банк сүүлийн жилүүдэд хурдацтай өсөлт үзүүлж ирсэн. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн

  • 40 хувийг технологийн хөрөнгө оруулалтад зарцуулна. Уламжлалт банкны үйл ажиллагааны зардлыг бууруулж, цахимд шилжсэнээр нэг үйлчлүүлэгчид зарцуулах хугацааг 3-6 дахин хурдасгаж, харилцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой юм.
  • 30 хувь буюу 9.5 тэрбум төгрөгийг бүтээгдэхүүн үйлчилгээнд
  • Үлдсэн 30 хувийг борлуулалтын сувгийн хөгжүүлэлтэд зориулахаар төлөвлөсөн” гэлээ.

"Богд банк бусад банкны туулсан замыг товчлоод хурдан бөгөөд ашигтайгаар өндөр өсөлттэй ажиллах боломжтой"

"MICC" ҮЦК-ийн ТУЗ-ын дарга Д.Ачит-Эрдэнэ "Банкууд салбар байгуулж, дэд бүтэц үүсгэн, олон хүн ажилд авч, харилцагч нараа нэмэгдүүлдэг байсан үе ард үлдэж, технологийн шийдлийн тусламжтайгаар тухайн хүний гар утсан дээр банк явж байх боломжтой болсон учраас хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй болсон. Богд банкны жишээн дээр энэ нь тод харагдаж болно. Богд банк өдөрт нэмэгдэж байгаа нийт харилцагчдын тоогоор сайн үзүүлэлттэй яваа. Өөрөөр хэлбэл Богд банк бусад банкны туулсан замыг товчлоод хурдан бөгөөд ашигтайгаар өндөр өсөлттэй ажиллах боломжтой нь харагдаж байна" гэв.

"Цаашид үндэсний томоохон үйлдвэрүүд олон нийтийн компани болоосой гэж хүсэх байна"

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Өмнө нь Монголд арилжааны банкууд нэг зохицуулагчтай явж ирсэн. Өнөөдөр харин анхны банк хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Богд банк олон нийтийн компани болж байгаад баяртай байна. Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн хяналт зохицуулалтыг хариуцахаар болж байгаа. Хуулийн үндсэн агуулга нь системийн нөлөө бүхий банк олон нийтийн банк болох ёстой. Богд банк системийн нөлөө бүхий банк биш хэдий ч салбараа түүчээлэн хуулийн хэрэгжилтийг хангалаа.

Цаашид үндэсний томоохон үйлдвэрүүд олон нийтийн компани болоосой гэж хүсэх байна. Системийн нөлөө бүхий банкууд ирэх оны долдугаар сарын 1-н гэхэд олон нийтийнх болох ёстой.Бүх банкууд ерөнхий төлөвлөгөөгөө СЗХ, болон Монголбанканд хүргүүлчихсэн" хэмээв. 

 

Монголын банкны салбарт анх удаа нээлттэй, олон нийтийн оролцоотой засаглалын хэлбэр нутагших эхлэл ийнхүү тавигдлаа. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/594086631878660

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.