Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн тойрог замд хог хаягдал үүсгэсэн ОХУ-ыг AНУ шүүмжлэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт ОХУ сансарт хиймэл дагуул устгах зэвсэг туршсаны улмаас дэлхийн тойрог замд олон мянган хэлтэрхий үүссэн байна.

Туршилтын үеэр Оросын тал 1982 онд хөөргөсөн, олон жилийн өмнө ашиглалтаас гарсан, тонн гаруй жинтэй Космос-1408 хиймэл дагуулыг пуужингаар харваж устгажээ.

Энэ үеэр хуучин хиймэл дагуулын олон жижиг хэлтэрхий тойрог замд цацагдсан нь Олон Улсын Сансрын Станцад аюул учруулсан байна. Тодруулбал үүссэн хэлтэрхийнүүдийн тойрог зам Олон Улсын Сансрын Станцын тойрог замтай огтлолцжээ. Үүний улмаас станцад ажиллаж байсан сансрын нисгэгчид дэлхий рүү буцах сансрын хөлгийн бүхээг рүү нүүж, түгшүүрийн горимд шилжсэн байна.

Одоо Олон Улсын Сансрын Станцад АНУ-ын дөрөв, Германы нэг, ОХУ-ын хоёр сансрын нисгэгч ажиллаж байгаа.

Болсон явдалтай холбоотойгоор АНУ-ын төрийн департаментаас гаргасан мэдэгдэлд “Өнөөдөр ОХУ хиймэл дагуул устгах пуужин туршсан нь болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл боллоо. Туршилтын улмаас тойрог замд хөдөлгөөнийг нь хянах боломжтой 1,500 гаруй хэлтэрхий, олон зуун мянган жижиг хэсгүүд үүссэн нь олон улс орны эх ашигт заналхийлж байна” гэжээ.

Харин ОХУ-ын сансар судлалын байгууллага Роскосмос гаргасан мэдэгдэлдээ “Сансрын нисгэгчдийг түгшүүрийн горимд шилжихэд хүргэсэн объектын тойрог зам одоо Олон Улсын Сансрын Станцын байгаа тойрог замаас холдсон. Станц одоо аюулгүй бүсэд байна” гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн тойрог замын хог хаягдал олон улсын томоохон асуудал болоод байгаа. Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмших болсон 64 жилийн түүхэнд дэлхийн тойрог замд 1 см-ээс 10 см хүртэл хэмжээтэй сая орчим ширхэг хог үүссэн гэдэг.

Эдгээрийн нэг нь л хиймэл дагуултай мөргөлдвөл ажиллагаагүй болгох аюултай. Одоо дэлхий нийтээр тойрог зам дахь хог хаягдлыг нэмэгдүүлэхгүй байх, байгааг нь устгаж, цэвэрлэх бодлого барьж байна.

2007 онд Хятад улс хуучин цаг уурын хиймэл дагуулаа устгах туршилт хийсний улмаас тойрог замд 2,000 гаруй хэлтэрхий үүсэж байжээ.

 

Эх сурвалж: BBC