Буянт-Ухаа нисэх буудлыг Инновацын төв болгох уу?
Буянт-Ухаа нисэх буудлыг Оюун ухааны, цахим технологийн чөлөөт бүс болгох санаачилга гарсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд баярын мэндчилгээ дэвшүүлэх үеэр хэлсэн.
Нисэх орчимд Технологийн дээд сургууль байгуулж, орчин үеийн инновацыг хэрэгжүүлж, хөгжүүлэх санаачилгыг дэмжиж ажиллана гэдгээ УИХ-ын дарга илэрхийлээд, "Буянт-Ухаа Монголын “цахиурын хөндий” болох бүрэн боломжтой" хэмээн онцолсон юм.
Үүнтэй холбогдуулан Буянт-Ухаа нисэх буудал ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг ИНЕГ-ын Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодрууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд ажиллуулах шийдвэр гаргасан нь хүчин төгөлдөр байгаа. Тус тогтоолын хүрээнд Буянт-Ухаа нисэх буудлыг
- Давагдашгүй хүчин зүйл үүсэх үед,
- Онцгой болон тусгай үүргийн нислэг,
- Агаарын хөлгийн засвар үйлчилгээ,
- Иргэний нисэхийн сургалт, дадлага,
- Олон улсын болон орон нутгийн нислэгийн зориулалтаар ашиглах юм.
Тухайлбал, өнөөдрөөс/2021.11.15/ засварын онгоц хүлээж авч эхэлсэн.
Үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, ойрын үед яригдаад байгаа Инновацын төв болгох гэх мэт тохиолдолд нэлээд өргөн хүрээтэй судалгаа, эдийн засгийн тооцоолол, шинжилгээ хийх шаардлагатай.
Нисэх буудлыг дээр дурдсан чиглэлүүдээр ашиглаж байгаа одоогийн нөхцөлд ойр орчимд нь өндөр барилга байгууламж барихгүй байх, мал, амьтан тодруулбал шувууг тухайн орчинд цуглах нөхцөлийг хязгаарлах ёстой" гэсэн хариултыг өглөө.
Засгийн газрын тогтоол:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
