Ирэх жилийн улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед КОВИД-19 цар тахлын дэглэмтэй холбоотойгоор гадаад худалдаа, хил гаалийн үйл ажиллагаа саатаж байгаа нь Монгол Улсын эдийн засагт сорилт болж, уул уурхайн бус экспортоо хөгжүүлэх зайлшгүй шаардлага урьд өмнөхөөсөө ч илүү тулгарч байна.
Уул уурхайн салбарын экпортоос гүнзгий хамааралтай манай орны эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжлийн талаар Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Зүүн бүсийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих төслийн зохицуулагч, эдийн засагч Б.Зулбаяртай ярилцлаа.
-Танай төслийн баг саяхан зүүн аймгуудад ажиллаж, төслийн зарим үр дүнг танилцуулсан. Төслийн гол үр дүнгээс хуваалцахгүй юу?
-Төслийн багийн гишүүд сая 2021 оны аравдугаар сард зүүн гурван аймгуудын удирдлагууд, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудтай уулзаж төслийн судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Манай төслийн хувьд зүүн бүсийн аймгуудын эдийн засгийн боломж, давуу талуудыг тодорхойлох, хувийн хэвшлийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод зөвлөмж боловсруулах, орон нутгийн бизнесүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тул бид дээрх чиглэлээр хүрсэн үр дүнгүүдээ танилцуулсан.
Төслийн судалгааны үр дүнд орон нутгийн бизнесийн онцлогийг харгалзсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд бизнесийг санхүүжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүүн аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих том хөшүүрэг болох нь харагдсан. Мөн орон нутгийн ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд төслийн баг орон нутгийн удирдлагуудын зүгээс бүсийн ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх, чадваржуулах сургалтын хөтөлбөр санаачлах, хэрэгжүүлэх нь чухал гэсэн зөвлөмж боловсруулсан. Орон нутгийн аж ахуйн нэгжүүд ч нь үүн дээр санал нэг байгаа ба бизнес эрхлэхэд ажиллах хүчний хомсдол хүнд асуудал болж байгааг дурдаж байсан. Сүхбаатар аймгийн төр хувийн хэвшлийн зөвлөлийн гишүүдээс мөн төрөөс баримталж байгаа халамжийн хөтөлбөр болон ажиллах хүчний хомсдлын хооронд хамаарал байгаа эсэхийг судалж тогтоохыг санал болгож байв.
Түүнчлэн, зүүн аймгууд бол онцлогтой бүс нутаг. Газарзүйн болон тээвэр ложистикийн давуу тал, хөдөө аж ахуйн боломжоо ашиглан экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлбэл эдийн засгийн хувьд хурдан хөгжих боломжтой бүс. Иймд зүүн бүсийн аймгуудад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс худалдааны чөлөөт бүс байгуулах талаар судалж үзэхийг төслийн багийн зүгээс санал болгож байгаа.
Монголын Улсын нийт хөдөлмөр эрхлэлтийн 25% нь хөдөө аж ахуйн салбарт ногддог. Иймд хүний хөдөлмөр хөнгөвчлөөгүй, автоматжаагүй хөдөө аж ахуйн салбар нь бүтээмжид сөргөөр нөлөөлж байгаа тул технологийн шинэчлэлийг дэмжсэн бодлогын арга хэмжээг засгийн газраас авах нь зүүн бүсийн хөгжилд эергээр нөлөөлнө гэж дүгнэсэн. Мөн орон нутгийн удирдлагууд усан хангамж, дулаан, цахилгааны хангамжийг сайжруулах чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлбэл тус бүс нутагт бизнесийн зардлыг бууруулах бодитой дэмжлэг дэмжлэг болно гэсэн судалгааны дүгнэлт гарсан.
Зураг. Зүүн гурван аймгийн ажил олгогч гол салбарууд (Эх сурвалж: АХБ)
-Одоогоор зүүн бүсийн эдийн засгийн хөгжил аль шатанд байгаа вэ?Монгол улсын хувьд газар нутаг том, уул уурхай баялаг ихтэй улс боловч нэг салбарт төвлөрч бусад салбарууд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоог хангалттай ашиглаж чадахгүй байна.
Зүүн бүсийн тухайд нийт газар нутгийн 18%, мал сүргийн 15% нь энэ бүс нутагт байдаг боловч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дөнгөж 8%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 5.6% хүрэхгүй хувь нь энэ бүс нутагт ногдож байна.
Мөн Дэлхийн тэргүүлэх гүрнүүд болох ОХУ, БНХАУ-тай шууд хиллэдэг бүс нутаг боловч аж үйлдвэр, хөдөө аж ахуйн экспорт экспорт бараг байхгүй, дотоодын болон зүүн хойд Азийн аялал жуулчлалын боломжийг сайн ашиглаж чадахгүй байна. Улмаар ядуурлын түвшин энэ бүс нутаг 43.9%-тай байгаа нь орон нутгийн удирдлагууд хувийн хэвшлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарах ёстойг харуулж байна.
Нөгөө талаар зүүн бүсийн гурван аймаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт Монгол Улсын нийт хүн амыг 5.6% оршин суудагт тул нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Улаанбаатарын дараа хоёрдугаарт орж байгаа. Энэ нь тус бүс нутагт уул уурхай, газрын тосны хэд хэдэн том аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой. Иймд зүүн бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа хамгийн их ажлын байр бий болгодог хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагаа, оролцоог дэмжих нэн шаардлагатай. Энэ дэмжлэгийн эхний алхам бол тус бүс нутгийн бизнесийн онцлогт тохирсон санхүүжилтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх явдал юм. Улмаар экспортыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээ авах, тухайлбал хилийн худалдааны бүс байгуулах, зэргээр бодитой дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
-Хөдөө орон нутагт хувийн хэвшлийг яагаад дэмжих нь ёстой талаар нэг үгээр тайлбарлахгүй юу?
Хамгийн энгийнээр тайлбарлавал хөдөө орон нутагт хувийн хэвшлийг дэмжсэнээр ажлын байр нэмэгдэж, Улаанбаатар руу чиглэсэн их нүүдэл, шилжилт саарах юм. Энэ нь агаарын бохирдол, түгжрэл, амьдралын өртөг гээд маш олон асуудлыг шийдэхэд дэмжлэг болох юм. Үүний дээр улсаас татаас авдаг аймгууд цөөрч, өөрийгөө авч явах боломж бүрдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл орон нутгийн хувийн хэвшлээс татварын орлого бүрдэх ба ажлын байртай бол хүмүүс орон нутгаасаа дайжиж нүүх шаардлагагүй болно. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл сэргэснээр ашиглагдахгүй хаягдаж байгаа түүхий эдийг ашиглах, байгаль орчны бохирдлыг бууруулах, нэг салбар буюу уул уурхайгаас хамаарах хамаарал багасах зэрэг маш олон эерэг үр дүн гарч ирнэ.
-Төслийн зорилго болон үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу?
Энэхүү төсөл нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын захиалгаар АХБ-аас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа төсөл юм. Төслийн үндэслэл нь орон нутаг болон улсын дундаж ядуурлын түвшин зөрүүтэй байгаа бөгөөд орон нутагт ажлын байр ховор, орон нутгийн эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо сул, уул уурхайн салбараас хамааралтай байдлыг бууруулахад Монгол Улсын Засгийн Газарт Монгол Улсын Бүсчилсэн Хөгжлийн Үзэл Баримтлал, Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030 зэрэг баримт бичгүүдтэй нийцүүлсэн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Уг төсөл нь Монгол Улсын зүүн бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, зүүн бүсийн аймгуудын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг дэмжих, бүсийн дотоод нөөц бололцоог ашиглах стратеги боловсруулах зорилготой.
Зүүн бүсийн эдийн засгийн голлох үзүүлэлтүүд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|