Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр эмнэлэг болон Тайваний Ци Жи эмнэлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ikon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын хувийн хэвшлийн Дөрөвдүгээр эмнэлэг (Fourth Hospital) нь Тайваний Тайпэй Ци Жи эмнэлэгтэй санамж бичигт гарын үсэг зурсан нь Тайвань, Монголын хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өнөөг хүртэлх хамгийн том хамтын ажиллагаа юм.

Монгол Улсад шинээр байгуулагдаж буй томоохон хэмжээний хувийн эмнэлэг болох Дөрөвдүгээр эмнэлэг /Fourth Hospital/ болон Тайваний Тайпэй Ци Жи эмнэлэг нь 2021 оны 10-р сарын 21-ний өдөр алсын зайнаас цахим уулзалт хийх замаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр тал 7-р сарын үед цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай туршлага хуваалцах цахим хэлэлцүүлэг хамтран зохион байгуулснаас хойш түншлэлийг гүнзгийрүүлэх гол алхам болж байгаа юм. Мөн Тайвань болон Монголын хувийн эмнэлгүүдийн солилцоо, хамтын ажиллагааны чухал үе шат болж байна.

 

Дөрөвдүгээр эмнэлэг нь 2022 онд ашиглалтад орсноор Монголын хамгийн том хувийн эмнэлэг болох төлөвтэй байгаа. (зурган дээрх тэргүүн эгнээнд тус эмнэлгийн Гүйцэтгэх захирал Б.Золжаргал.)

Дөрөвдүгээр эмнэлэг нь 310 орчим ортой үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх 2022 онд ашиглалтад орсны дараа Монгол Улсын хамгийн том хувийн эмнэлэг болох төлөвтэй байна. Одоогийн байдлаар Дөрөвдүгээр эмнэлэг Монгол Улсаас цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнд хувь нэмрээ оруулах үүднээс эмнэлгийн барилгын зарим давхруудыг нээж, COVID-19-ийн халдвартай хүний хавьтлуудыг тусгаарлах тал дээр туслан дэмжиж байна. Тус эмнэлгийг төлөөлж гарын үсэг зурсан Гүйцэтгэх захирал Б.Золжаргал хэлсэн үгэндээ “Ци Жи эмнэлэг бол Дөрөвдүгээр эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан анхны гадаад эмнэлэг, хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын эмнэлгийн үйлчилгээг шинэ өндөр түвшинд гаргаж, улмаар олон Монгол хүн Тайвань, БНСУ-д үйлчлүүлдэг чанартай эмнэлгийн үйлчилгээг гадаад руу явахгүйгээр эх орондоо авах боломжтой болно гэдэгт найдаж байна.” гэв.

 

Тайпэй Ци Жи эмнэлгийн захирал профессор Жао Ёв Чэн санамж бичигт гарын үсэг зурах ёслол дээр үг хэллээ.

Буддын шашны Ци Жи анагаах ухааны сан нь Тайваньд долоон том эмнэлэгтэй бөгөөд тэдний нэг нь 2005 онд байгуулагдсан Тайпэй Ци Жи эмнэлэг юм. Тус эмнэлэг нь одоогоор 1000 орчим ортой бөгөөд, Ухань хотоос гаралтай уушгины хатгалгааг эмчлэх арвин туршлагатай. Тайпэй Ци Жи эмнэлгийг төлөөлж гарын үсэг зурсан тус эмнэлгийн захирал Жао Ёв Чэн хэлэхдээ “ Тайпэй Ци Жи эмнэлэг нь эмчилгээ, боловсон хүчний сургалт, судалгаа хийхээс гадна зүрх, элэг, бөөр, нүдний эвэрлэг бүрхүүл зэрэг эрхтнүүдийг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Мөн тус эмнэлэг нь нийгэм, эдийн засгийн хувьд хүндрэлтэй өвчтөнүүдийн эмчилгээний тал дээр онцгой анхаарал хандуулдаг ба Дөрөвдүгээр эмнэлэгтэй туршлага, мэдлэг, технологи солилцоход бэлэн байгаа бөгөөд ингэснээр хоёр эмнэлгийн чухалчлан үздэг өвчтөнүүдэд хамгийн сайн тусламж үйлчилгээг адилхан үзүүлэх боломжтой болно. ” гэв.

 

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уг санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд уригдан оролцож үг хэллээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уг ёслолын үйл ажиллагаанд уригдан оролцож үг хэлсэн бөгөөд, хэлсэн үгэндээ “Монгол Улс шинэ төрлийн коронавирусийн вакцинжуулалтын гуравдугаар тунг идэвхтэй хийж байгаа бөгөөд нэг өдрийн дотор шинээр батлагдсан тохиолдлын дундаж тоо оргил үеэсээ буурч 1000 орчим хүн болж нийгэм эдийн засаг ч аажмаар сэргэж байна. Тайваний цар тахал ч өдөр ирэх тусам намжиж байна. 10-р сарын 18-нд 4-р сарын эхэн үеэс хойш дотоодын халдварын тоо, зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлын тоо болон нас баралтын тоо гэсэн гурван үзүүлэлтийг “ гурван тэг” болгон бууруулж цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд амжилттай үр дүнд хүрлээ. Цар тахал намжихад засгийн газар ба ард түмний хамтын ажиллагаа маш чухал байгаа юм. Тайвань болон Монгол улсын эмнэлгийн эмчилгээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх галын нэгдүгээр шугамд ажиллаж буй ажилтнуудын шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, тэр байтугай амь насаа золиосолсон нь илүү агуу билээ. Харин Тайпэй Ци Жи эмнэлэг болон Дөрөвдүгээр эмнэлэг хоёулаа цар тахлын эсрэг тусламж дэмжлэг явуулж байгаа эмнэлгүүд юм. Хэрвээ хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаторийн эмчлүүлэгчдийн тоогоор тооцвол хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа нь одоогийн байдлаар Тайвань, Монголын хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамгийн том хамтын ажиллагаа байх болно. Энэ мөчийг гэрчилж байгаадаа маш их баяртай байна. Цар тахал удахгүй дуусаж, хоёр тал солилцоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж чадна гэж найдаж байна. ” гэв.