Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Америк, Канадын 17 шашин номлогчийг Хайтид барьцаалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хайти улсын нутаг дэвсгэрт зорчиж явсан Америкийн 16, Канадын нэг шашин номлогчийг гэмт этгээдүүд барьцаалжээ.

Тэдгээр хүмүүс өнчин хүүхдийн асрамжийн газарт очихоор нийслэл Порт О Прэнс хотын зүүн захад автобустай явж байгаад Бямба гарагт хулгайлагдсан байна.

Хайти улсын цагдаагийн газрын мэдээлснээр тэднийг “400 Mawozo” нэртэй гэмт хэргийн бүлэг барьцаалжээ.

Тус бүлэг Хайти улсад бүртгэгдсэн хүн барьцаалах гэмт хэргийн 80 хувийг үйлддэг гэнэ. Эдийн засаг нь сүйрч, улс төр нь тогтворгүйжсэн, дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Хайтид сүүлийн саруудад хүн барьцаалах хэрэг нэмэгдэх болжээ.

Гэхдээ гадаадын иргэдийг барьцаалах явдал харьцангуй цөөн гардаг. Гэмт этгээдүүд ихэвчлэн Хайтийн дунд давхаргынхан буюу багш, лам хувраг, төрийн албан хаагч, жижиг бизнес эрхлэгчдийг барьцаалдаг байна. Ийм хүмүүс бие хамгаалагч хөлслөх чадваргүй ч барьцааны мөнгө цуглуулж өгөх боломжтой байдаг гэнэ.

Энэ оны долдугаар сард Хайтийн ерөнхийлөгч Жовенел Мойсе гэртээ байхдаа хөлсний алуурчдын гарт амиа алдсан юм. Өнгөрсөн сард Хайтийн олон мянган дүрвэгч АНУ-Мексикийн хил дээр цугларч, тэдгээрээс 7,000 орчмыг нь Вашингтоны засаг захиргаа өөрийн зардлаар буцааж байжээ.

АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхимын гадаад хэргийн байнгын хорооны гишүүн Адам Кинзингер “Бид барьцаалагдсан хүмүүсийг мөнгө төлөлгүйгээр суллах хэлэлцээр хийхийг оролдох болно. Хэрвээ амжилтгүй болвол цэрэг, цагдаагийн хүчийг ашиглана” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters