Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч нарын 22.6 хувь нь торгуулийн 50 хувиа төлж, Өршөөлийн хуульд хамрагджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин торгох шийтгэл хүлээсэн 2,804,816 зөрчлийн 66 тэрбум 517 сая нэг зуун мянган төгрөгийн торгуулийн 50 хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон.

Өнөөдрийн байдлаар дээрх хүмүүсийн 22.6 хувь нь торгуулийнхаа 50 хувийг төлсөн байгаа бол 77.4 хувь буюу 2,290,049 хүн 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна. 

Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийнхөө 50 хувийг төлж барагдуулаагүй иргэд өршөөлд хамрагдах боломжгүй болж, торгуулиа бүрэн төлөх шаардлагатай болох юм хэмээн Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 

Түүнчлэн Өршөөлийн хуульд зөвхөн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний 00:00 цагаас өмнө зөрчил үйлдэн торгуульсан бол торгуулийн 50 хувийг хөнгөлж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Өршөөлийн хуульд тодорхой хугацааны торгуулиуд хамаарч байгаа бөгөөд smartcar.mn дээр дүн нь 50 хувь хөнгөлөгдсөнөөрөө гарч байгаа. Жолооч нар аравдугаар сарын 1-н хүртэл торгуульсан бол бүгд 50 хувь хөнгөлөгдөнө гэж ташаа ойлгох нь элбэг байна. 

Жолооч та 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-н хүртэл хугацаанд торгуульсан төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг аравдугаар сарын 1-ний өмнөөс төлсөн тохиолдолд үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой байгаа" гэлээ.