Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын түгжрэлийг бууруулахаар ирэх гурван жилд нийт 223 километр авто зам барина

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд өчигдөр танилцуулжээ.

Тодруулбал, Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн.

УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих, шинэчлэлт хийх, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн ухаалаг системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хотын зам, тээврийн стратеги судалгаа, чадавхи бэхжүүлэх цогц ажлыг таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх юм байна.

Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, ачааны терминал, логистикийн төвийг байгуулах тооцоо судалгаа хийж аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж буй ажээ.

Түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог 71.5, гол ба туслах 73.5 км, авто зам, гол болон туслах гудамж 78 км зам тус тус баригдана. Зураг төслийг энэ онд боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар