Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсаас өнгөрсөн онд бараа захиалсан болон карго ачуулж хохирсон иргэд төр засгаас тусламж хүслээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Турк улсаас өнгөрсөн онд карго ачаа ачуулсан иргэд 40-50 тэрбум төгрөгөөр хохирсон талаар мэдээлэл хийлээ.

"БНХАУ-ын нутагт орсон ширүүн борооны улмаас чингэлгүүд урсаж байна гэх мэдээлэл байна"

"Турк бараа" онлайн худалдаа эрхлэгч н.Уугантамир “Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдардаг иргэд 2020 оны долдугаар сараас хойш онлайн худалдаанд идэвхтэй орж эхэлсэн.

Гэтэл 2020 оны аравдугаар сард цар тахлын нөхцөл байдлын улмаас Засгийн газраас 2021 оны зургаадугаар сарын 1-н хүртэл Алтанбулагийн хилийг хаах шийдвэр гаргасан. Үүний дараа Турк улсад албан ёсны карго эрхэлдэг компаниуд газрын тээврээр ачаа бараа авахыг зогсоох тухай мэдэгдэл гаргаж эхэлсэн байдаг.

Тухайн үед газрын карго ачаа килограмм тутамдаа 2.5 долларын үнэ ханштай байсан юм.

Яг энэ үеэр "Гэрээт ложистик" гэх компани далайн тээврээр 60-90 хоногийн хугацаанд ачаа барааг авчирна гэх мэдээлэл тарааж, килограмм тутамдаа 1 долларын ханшаар 80 орчим хүний барааг авсан.

Гэвч тухайн явдлаас хойш гурван сарын дараа буюу өнгөрсөн оны 10, 11, 12 дугаар сарын ачаа барааг 2021 оны хоёрдугаар сард Турк улсаас гаргасан бөгөөд одоо БНХАУ-ын Тяньжинь боомтод манай улсын бусад чингэлэгтэй хамт саатаад байгаа аж.

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас биднийг луйварын хэрэгт өртсөн байж болзошгүй гэх зөвлөмжийг өгөөд байгаа тул тус компанийг шүүхэд өгөхөөр шийдээд байна.

Түүнээс өмнө хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа нь төрийн зүгээс карго ачааны талаарх мэдээлэл нь бодит байдлаас хол зөрж байна. Карго ачаа одоо хүртэл гацсан хэвээр байгааг хэлье.

Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын нутагт орсон ширүүн борооны улмаас чингэлгүүд урсаж байна гэх мэдээлэл байна" хэмээн ярилаа.

"Энэ асуудал ачаа барааны гацалтыг шийдвэрлэж чадахгүй байгаа төр засгийн буруу байж магадгүй"

Үргэлжлүүлэн "Манай компанийн хувьд, "Гэрээт ложистик" компанид өгсөн нийт бараа 2.5 тонн бөгөөд 887.8 сая төгрөгийн үнэтэй. Энэ бол ганцхан манай компанийн ачааны үнийн дүн. Гэтэл миний ард яг ийм асуудалтай 70-80 хүн бий. Бүр 4 тонн жинтэй 1.4 тэрбум төгрөгийн ачаа барааг дээрх каргонд өгөөд одоог хүртэл авч чадахгүй байгаа хүн ч бий. Би тэдгээр иргэнийг төлөөлж Туркээс Монголд ирсэн.

Нөгөөтээгүүр, Засгийн газар энэ асуудалд анхаараасай гэж хүсэж байна.  Энэ асуудал ганц компанийн буруу биш, хилээр орж ирэх ачаа барааны гацалтыг шийдвэрлэж чадахгүй байгаа төр засгийн буруу ч байж магадгүй.

Энэ ганц каргоны асуудал биш бөгөөд Монголын тэр их мөнгөн тэмдэгт Турк улсад очоод түгжигдсэнтэй адил.

Дээрээс нь тэр барааг зарж борлуулж, талхныхаа мөнгийг олдог Монгол дахь худалдаа эрхлэгчдийн амьдрал яахыг бодож үзэн, анхаарлаа хандуулж туслаасай гэж хүсэж байна" гэсэн юм.

"Бараа захиалсан иргэд хохирч байна"

Бараа захиалсан иргэдийн төлөөлөгчийн нэг “Миний захиалсан бараа бүтээгдэхүүн гэхэд л нийт таван сая төгрөгийн өртөгтэй. Гэтэл надаас өөр өчнөөн хүмүүс бараа захиалаад авч чадахгүй хохирч байна” хэмээн ярьсан бол өөр нэг иргэн "2020 оны арванхоёрдугаар сард зөвхөн гэр бүлийн хэрэглээнд онлайн дэлгүүрээр дамжуулж Туркээс 500,000 төгрөгийн бараа захиалсан нь одоог хүртэл ирээгүй. Одоо хэнийг буруутгахаа мэдэхгүй байна" хэмээн бухимдаж байсан юм.