Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярсайхан Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын даргаар сонгогдлоо

ikon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилга /ECAPI/-ын даргаар сонгогдлоо. Тодруулбал, Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын 7 дахь удаагийн хурал цахим хэлбэрээр өнөөдөр болж хурлын гишүүд ийнхүү сонгосон юм. 

Бүсийн санаачилгын хурал жилд 2 удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн хурлаар хийж хэрэгжүүлсэн ажлын явц, биелэлт, ирэх жилийн төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Мөн гишүүн байгууллагууд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан бодлогын өөрчлөлт, шинэчлэл, шинэ санаачлагууд болон “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах арга хэмжээнүүдийн талаар санал солилцохын зэрэгцээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүсийн санаачилгыг тэргүүлж байсан Бүгд Найрамдах Армени Улсын Төв банкны дэд ерөнхийлөгч Вахтанг Абрамяны  ажлыг хүлээлцэх ёслол болсон юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хурлын үеэр Зүүн европ, төв азийн бүсийн санаачилгын даргын хувьд бүс нутаг дахь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх чиглэлд цаашид анхаарч ажиллахаа илэрхийллээ. 

Харин маргааш үргэлжлэх хурлаар гишүүн байгууллагууд, хөгжингүй орнууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд дижитал санхүүгийн үйлчилгээ, орон нутагт санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, бичил бизнесийг дэмжих чиглэлээр туршлага солилцоно. Мөн дэлхий нийтийн чиг хандлага, инновацийг судалж, бүс нутгийн хувьд нэн чухал асуудал болох шинээр нэвтэрч буй зохицуулалт (RegTech), хяналтын технологи (SupTech)-оос үүдэлтэй өөрчлөлтүүд эдгээртэй уялдсан үр дүнтэй шийдлүүд, арга замуудын талаар хэлэлцэнэ.

Бүсийн санаачилгын бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, Казакстаны Санхүүгийн зах зээлийг зохицуулах, хөгжүүлэх агентлаг, Армени, ОХУ, Узбекстаны Төв банк, Беларусын Үндэсний банк, Тажикстаны Үндэсний банк багтдаг.