Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Одбаяр: Хүмүүс дөрвөн хана биш орчин худалдаж авдаг болсон

ikon.mn
2021 оны 6 сарын 14
Сурталчилгаа

Дэлхийн хэмжээний шарк болох холын мөрөөдөлтэй, 31 настай залуу захиралтай уулзаж ярилцлаа. Тэр бол RE/MAX STAR оффисын брокер эзэмшигч Г.Одбаяр. Түүний “Хүнээ бодсон бизнес л амжилтад хүрдэг. Энэ миний бизнесийн филисофи” хэмээн ярьсан нь хэдийнээ үнэн, үнэ цэнтэй шарк болсныг нь илтгэж байлаа.


-Жил ирэх тусам хүмүүсийн амьдрах хэв маяг өөрчлөгдсөөр байна. Байр худалдан авах сонирхол хааш чиглэж байна вэ?

-Сүүлийн үед харилцагчид орчин л худалдаж авдаг болчихож. Надад автомашины хүрэлцээтэй зогсоол, хүүхэд салхилуулах талбай, утаагүй орчин хэрэгтэй байна гэдэг. Харин өмнө нь дөрвөн хана л худалдаж авдаг байсан. Мөн үл хөдлөхийн салбарт хамгийн чухал зүйл байршил, үнэ байдаг бол одоо орчин чухал болчихлоо.

-Нийгэмд үл хөдлөхийн зуучлагчид үнэ нэмж зардаг гэх хандлага бий. Өөрийн бизнесээ өмөөрөөч гэвэл?

-Үл хөдлөх хөрөнгө зуучлагч нар үнэ нэмж зардаг гэх ташаа ойлголт байдаг. Зах зээл дээр тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн төгрөгөөр зарагдах, түрээслэгдэх талаар харилцагчид зөвлөж, зөвлөлдөж худалдан борлуулдаг ажлыг л агентууд хийдэг. Манай компанийн үндсэн зарчим бусдыг мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалж, бүгд хожно гэсэн зарчимтай. Тэгэхээр харах өнцгөө л өөрчлөх хэрэгтэй. Бид хүмүүс тусалдаг л ажил хийдэг.

-Та үл хөдлөхийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Миний хувьд үл хөдлөхийн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын худалдаа бизнесийн удирдлага, англи хэлний орчуулагч гэсэн хоёр дипломтой төгссөн. Мастераа 2017 онд “Монгол улсад олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалыг нэвтрүүлэх нь” гэсэн сэдвээр хамгаалж байлаа. Их сургуулиа төгсөөд “Зар мэдээ” сонин авч уншиж байгаад үл хөдлөхийн зуучлагч гэсэн ажлыг сонирхоод “Меско Арвис” ХХК-нд анх ажилд орж байлаа. Энэ салбарт түүчээлэн ажиллаж буй П.Одгэрэл гэж эмэгтэйн удирдлага дор хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж олон туршлага хуримтлуулсан. Үүний дараа хувирааа хоёр жил орчим зуучлал хийж явтал RE/MAX 2015 онд Монголд орж ирэхэд агентаар ажилд орж байлаа.

 

-Тэгэхээр RE/MAX-ийн ууган агентуудын нэг байх нь?

-Тийм шүү, анхны агентуудын нэг. Мөн анхны агентаас анхны брокер эзэмшигч болсон. Ер нь RE/MAX MONGOLIA бүсийн брокер эзэмшигчдийн тэн хагас нь агентаар ажиллаж байгаад франчайз эрх авсан хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл энэ салбарын, үл хөдлөх хөрөнгө зуучлалын үнэ цэнийг илүүтэй мэдэрсэн хүмүүс брокер эзэмшигч болдог. RE/MAX надад мэргэжлийн болон мэдлэгийн хувьд маш их өөрчлөлтийг авчирсан. RE/MAX 2015 оны аравдугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн. Миний хувьд наймдугаар сард нь агентаар орчихсон байлаа. Ингээд 2016 онд Лас-Вегаст болдог R4 гээд дэлхийн бүх RE/MAX-чууд чуулдаг арга хэмжээнд оролцох боломж надад олдсон. Салбарынхаа захирлуудтай ганцхан агент явсан нь би. Тэр үед л мэргэжил, мэдлэгийн хувьд бөглөө онгойх шиг санагдсан. Энд орохоос өмнөх үл хөдлөхийн салбарт ажилласан дөрвөн жил зүгээр “трейлер” байж. Бизнесмэн хүнд байх ёстой олон чадварыг RE/MAX-аас л суралцаж байна.

-Монголд RE/MAX орж ирснээр ямар шинэчлэлтийг авчирсан бол?

-Франчайз бизнес орж ирснээр энэ салбарыг зөв системд оруулсан. Өмнө нь албан бус “зэрлэг” зах зээлтэй явж байсан бол өнөөдөр уян хатан, тодорхой стандарттай болсон гэж хувьдаа дүгнэдэг юм. Мөн энэ франчайз маш олон залууст боломжийг нь олгож, нүдийг нь нээж өгч байгаа. Салбарын хөгжил гэдэг зүйлийг франчайз бизнесгүйгээр төсөөлөшгүй. Монгол Улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарыг зөв урсгалд оруулсан нь RE/MAX-ийн франчайз.

-Таны 11 жилийн ажлаасаа олж авсан хамгийн чухал нөү, хау юу вэ?

-Бизнесийн филисофи гэж нэг зүйл байдаг юм билээ. Энэ филисофи нь зөв байх юм бол компани нь хэзээ нэгэн цагт амжилтад хүрэх нь тодорхой. Тэр нь юу вэ гэвэл удирдлага хүнээ боддог уу, эсвэл амин хувиа хичээдэг үү гэдэг ойлголт. Ямар ч байгууллага хүнээ боддог бол амжилтад хүрэх нь тодорхой байдаг. Тэгэхээр бизнесийн филисофи гэдэг бол энэ. Миний олж авсан хамгийн чухал нөү хау гэвэл хүнээ бодсон удирдлага л амжилтад хүрдэг.

 

-Амбиц бизнест бас амьдралд байх хэрэгтэй зүйл үү?

-Би агент байхдаа их амбицтай байлаа. RE/MAX MONGOLIA бүсийн анхны тодотголтой олон гүйлгээг хийсэн. Амбиц хүнд байх хэрэгтэй. Гэхдээ тодорхой хэмжээнд дарж, хэтрүүлэхгүй байх нь чухал. Буруу тийшээ эргэвэл эгогоо удирдаж хянаж чадаагүйгээс өөрийнхөө мөн чанарыг алдаж болно.

-Таны бизнесийн ирээдүй ямар харагдаж байна вэ? Мөн та юуг хүсэж, мөрөөдөж явна вэ?

-Манайх RE/MAX Mongolia бүсээс франчайз эрхээ авсан 11 дэх оффис. Бид оффисоо 2017 оны зургаадугаар сарын 3-нд нээсэн, дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манайх 25 агенттай, захиргааны таван ажилтантай. Ирэх жилүүдэд улам олуулаа болох зорилго, төлөвлөгөө тавиад ажиллаж байна. Мөн агентуудаа төрөлжүүлж ур чадварт суралцуулахыг хичээж байгаа. Тухайлбал зөвхөн тансаг зэрэглэлийн орон сууцны агент, эсвэл зөвхөн төсөл, амины орон сууцны борлуулалтад мэргэшсэн агент бэлтгэхээр зорьж байгаа. Хүсэл мөрөөдлийн тухайд би хүмүүсийн амьдралыг л өөрчилмөөр байна. Үүнд маш их цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ энд, надтай хамт ажиллаж байгаа залуусын нэг нь ч гэсэн амьдралаа өөрчлөөсэй, өөр сэтгэлгээтэй болоосой л гэж хүсч байна. Би баян болгомоор байна гэж хэлээгүй. Харин сэтгэлгээ нь, аливааг харах нүд сэтгэл нь өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Тэгж чадвал маш олон боломж гарч ирнэ. Хэтдээ салбартаа тэргүүлэгч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шарк болох зорилготой  ажиллаж байна даа. 

-Залуу хүмүүс өсч дэвжиж, амжилттай ажиллахад Монгол хэр боломж байна вэ?

-Монголд боломж маш их бий. Учир нь зах зээл нь сайн хөгжөөгүй байгаа учраас эзлэгдээгүй орон зай, эхлээгүй бизнесийн боломж маш олон байгаа. Хэцүү нь гэвэл улстөрчид, хууль санаачилдаг хүмүүсийн үйл хэрэг бизнес эрхлэгчдэд нөлөөлнө. Тухайлбал татварын дарамт, дүрэм журмыг нэрлэж болно. Мэдээж дүрэм, журам байх ёстой. Гэхдээ үүнийг олон улсын түвшинд хэрхэн хэрэгжүүлэх вэ зэргээр судалгаа, шинжилгээтэйгээр хэрэгжүүлэх нь зөв.

 

-Залуу захирлын зарчим юу бол?

-Үл хөдлөх хөрөнгийн салбарын хүмүүс том дүнтэй хөрөнгө оруулалтад “тоглолт” хийдэг учраас илүү үнэ цэнтэй. Материалистик санагдаж болох ч мэргэжлийн байдлыг хүний хувцаслалт, хэрэглээ ч илтгэдэг. Үүний дараа мэдлэгээ, ур чадвараа харуулах имиж чухал. Би нэг зүйлийг олж харсан нь Монголчууд бизнес хийж чаддаггүй юм билээ. Учир нь хувийн эрх ашгаа бизнестээ оруулчихдаг. Найз нөхөд, хамаатан саднаа ажилд авчихдаг. Эсвэл “Ингээд л болно, юун сүртэй юм” гэх хандлага гаргадаг. Бизнест ийм хандлага байх ёсгүй гэж боддог.

-Бизнесмэн хүнд байх ёстой хамгийн чухал чадварыг нэрлээч гэвэл?

-Олон байна. Чухлыг нь нэрлээч гэвэл хариуцлагатай, тасралтгүй суралцдаг байх хэрэгтэй. Бас уян хатан байдал, бизнесийн алсын хараа чухал.

-Та Улаанбаатарын унаган иргэн үү?

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Хүүхэд нас маань Үйлдвэр компинат, 19 дүгээр хороолол, 120 мянгатад өнгөрсөн. Сагс, шатар тоглох дуртай энэ спортуудын зэрэгтэй хүүхэд байлаа. Ер нь их олон зүйл сонирхдог байсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө цаашид сагсаараа хичээллэнэ гэж боддог байсан ч их, сургуульд ороод энэ бодол маань эрс өөрчлөгдсөн дөө.

 

-Таны багад 120 мянгат ямар байв, өнөөдөр хэрхэн хөгжив?

-Мэдээж хөгжсөн. Гэхдээ сэтгэлд хүртэл хөгжсөн үү гэвэл учир дутагдалтай л байна. Тухайн үед саарал угсармал таван давхрууд олон байлаа. Тэр бүс одоо нэг их өөрчлөгдсөн зүйл алга л байна. Би 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Манай сургуулийн хөлбөмбөгийн талбай дунд орон сууц барьсан байна. Энэ мэтчилэн зохион байгуулалт, төлөвлөлт муутай барилга, байгууламж бий болсон. Хан-Уул дүүрэг маань Яармаг тал руугаа тэлээд байгаа.

 

-Яагаад Яармаг руу тэлээд байгаа гэж та харж байна вэ? Таныг үл хөдлөхийн салбарын хүн болохоор саваагүйтээд асуумаар санагдлаа.

-Хүмүүс Яармагт байр худалдан авах сонирхол нэмэгдэж, нэг хэсэг шуурсан. Гэхдээ одоо гэртээ ирж очих гэж олон цаг зам дээр түгжрэх болсон тул хүмүүсийн урсгал буцаад хотын төв рүү чиглэж байгаа. Улаанбаатар хотод өмнө нь Үйлдвэрийн ройн гэж нэршил, бүтэц байлаа. Олон улсын жишгээр бол хот энэ мэтчилэн жижиг, жижиг суурин бүстэй байх ёстой. Гэтэл Монгол Улс дэд бүтцийн хувьд төдийлөн сайнгүй. Харин Улаанбаатарын хувьд нэг сая хүрэхгүй хүн амд зориулагдсан хот боловч өнөөдөр 1.2-1.3 саяулаа бөөгнөрөөд амьдарч байгаа нь асуудал болоод байгаа. Жайкагаас 2003 онд судалгаа хийж гаргасан, Улаанбаатар хотод цаашид ийм болох ёстой гэсэн төлөвлөлт байдаг. Үүнийг Улаанбаатар хотын инженер, төлөвлөгчид хэрэгжүүлээд явсан юм билээ. Гэхдээ энэ судалгаанаас санаа авахдаа жаахан буруу л хэрэгжүүлээд байх шиг санагддаг.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.