Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэглүүлж, бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй офицер амиа хорлосны улмаас Өмнөд Солонгосын агаарын хүчний командлагч огцорлоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын арми дотор гарсан бэлгийн дарамт, дэглэлттэй холбоотой дуулианы улмаас тус улсын агаарын хүчний командлагч огцорч байгаагаа Баасан гарагт зарлажээ.

Энэ оны гуравдугаар сард агаарын хүчний нэг офицер өөртэйгээ ижил тушаалын эмэгтэй офицерыг янз бүрээр дарамталж, бие махбодод нь халдсан хэрэг гарсан тухай мэдээлэл хохирогч эмэгтэй амиа хорлосны дараа ил болсон юм. 

Хохирогч сэтгэл зүйн гүн хямралд ороод байсан ч зэвсэгт хүчний удирдлагууд сүүлийн хоёр сарын турш хэргийг нуун дарагдуулахыг оролдож байсныг ар гэрийнхэн нь гэрчилжээ.

“Хохирогчийн ар гэрийнхнээс болон нийт ард иргэдээс миний бие уучлал гуйж, болсон явдалд гүнээ харамсаж байна. Бүх хариуцлагыг өөртөө хүлээн албан тушаалаасаа огцорч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэж агаарын хүчний командлагч, генерал Ли Сон Ёны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Удалгүй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин генералын огцрох хүсэлтийг хүлээж авсныг Хөх ордны захиргаа мэдээлжээ.

Ингэснээрээ Ли Сон Ён нь Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн богино хугацаанд уг өндөр албан тушаалыг хашсан эрхэм болж байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард томилогдож байжээ.

Мягмар гарагт хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн хэргийг шалгаж, буруутныг шударгаар шийтгүүлэх хүсэлтээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны өргөдлийн вэб сайтад гаргасан юм.

Өнгөрсөн хэдхэн өдрийн дотор уг өргөдөлд 326,000 орчим иргэн гарын үсгээ зурж, дэмжсэн байна.

Пүрэв гарагт ерөнхийлөгч Мүүн Жэн Ин хэргийг нарийвчлан шалгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Тухайн өдөр Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам агаарын хүчний хоёр албан тушаалтныг уг хэрэгтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Баасан гарагийн өглөө прокурорууд агаарын хүчний удирдлагын төв байранд нэгжлэг явуулж, дээрх хэрэгтэй холбоотой баримт цуглуулжээ.

 

Эх сурвалж: Reuters