Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн үйлдвэрийг ОХУ-д байгуулах сонирхлоо Илон Маск илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани удахгүй төлөөлөгчийн газраа ОХУ-д нээх бөгөөд үйлдвэрлэл явуулах боломжийг судлах тухай тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр мэдэгджээ.

Тесла компани одоогоор үйлдвэрээ АНУ, Хятад улсуудад нээсэн, цаашдаа дэлхийн бусад бүс нутагт нээх боломжийг судалж байгааг Маск видео холбоогоор ОХУ-д болсон арга хэмжээнд оролцохдоо хэлсэн байна.

ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн яам уг мэдэгдлийг тэр дор нь талархан хүлээж авч, Илон Маскыг эх орондоо урьжээ.

“Эрхэм @Elonmusk, Орост үйлдвэр нээх сонирхолтой байгааг тань сонсоод бид талархаж байна. Ташрамд дурдахад дотооддоо OEM (Original Equipment Manufacturers) байгуулахыг дэмжсэн олон арга хэмжээг манай засгийн газар авч хэрэгжүүлж байгаа. Манай эх оронд зочлон ирэхийг урьж байна. Бид ярилцахад бэлэн :)” гэж тус яамны албан ёсны сошиал хуудсанд англи хэлээр бичсэн байна.

Оросын хувийн жижиг компани Zetta өөрийн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг энэ онд багтаан үйлдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Дэлхийн газрын тосны томоохон экспортлогч гэгддэг Орос улсад шинэ төрлийн хөдөлгүүртэй автомашины технологи сул хөгжсөн байдаг.

 

Эх сурвалж: Reuters