Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Синофарм үйлдвэрийн вакцинд зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ энэ долоо хоногт шийднэ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятад улсад бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинуудын туршилтын үр дүнд олон улсын экспертүүдийн зөвлөл үнэлгээ хийснээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад хүргүүлсэн байна.

Үүнд Синофарм, Синовак компаниудын бүтээсэн вакцинууд хамрагджээ.

Вакцинуудад яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ДЭМБ энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх төлөвтэй байна.

Синофарм, Синовак үйлдвэрийн вакцинууд нь ерөнхийдөө стандарт шаардлагыг өндөр түвшинд хангаж байгаа ч өндөр настнууд, эрсдэлтэй бүлгийн хүмүүс дээр хангалттай туршигдаагүй гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийжээ.

“Асуудлын гол нь Синофармын вакцин дээрх бүлгийн хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн үг биш. Харин сөрөг нөлөө үзүүлдэггүйг нь батлах туршилтын дата хангалттай их биш байгаад гол асуудал оршиж байна” гэж мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнд ажилласан Хонг Конгийн их сургуулийн профессор Жин Дон Ян ярьжээ.

Синофарм үйлдвэрийн хоёр тун вакцин нь 18-59 насны хүмүүст дунджаар 78 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодог гэсэн ерөнхий дүгнэлт гаргасан байна.

Вакцины дархлаа тогтоох чадварт нь мэргэжилтнүүд “high level of confidence” буюу бүрэн итгэлтэй байгаа бол сөрөг нөлөө бага үзүүлдэгт нь “moderate confident” буюу дунд зэргийн итгэлтэй байгааг тайландаа дүгнэжээ.

Энэ оны хоёрдугаар сард Британи-Шведийн AstraZeneca компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд мэргэжилтнүүд үүнтэй төстэй үнэлгээ өгсөн ч ДЭМБ шуурхай горимд хэрэглэх зөвшөөрөл олгож байсан юм.

Зөвшөөрөл олгосноос хойш AstraZeneca компани туршилтын датагаа нэмэгдүүлснээр эргэлзээг арилгаж байв.

ДЭМБ-ын дэргэдэх экспертүүдийн зөвлөл Синофарм үйлдвэрийн Веро Сэлл вакцины гурван өөр туршилтын үр дүн дээр шинжилгээ хийжээ.

Бага хүрээнд явуулсан хоёр туршилтыг нь Хятад улсад, өргөн хүрээнд явуулсан гурав дахь туршилтыг Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Египет, Йордан улсуудад зохион байгуулсан юм байна.

 

Эх сурвалж: South China Morning Post