Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Pfizer, Moderna зэрэг компанийн хүүхдийн вакцины туршилт амжилттай байна. Хүүхдүүдээ дархлаажуулах төлөвлөлтийг өнөөдрөөс эхлүүлье"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч доктор Д.Улам-Оргих хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл ороход халдварыг дахин алдах эрсдэл байгааг хэвлэл өгсөн ярилцлагадаа онцолсон. Мөн дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар халдварт өртсөн хүүхдийн тоо 6,615 болсон нь 18 хүртэлх насны хүүхдүүд өвдөх, халдвар авах эрсдэл өндөр байгааг илтгэж байна. 

Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах төлөвлөлтийг эхлүүлэхийг цахим хуудсаараа дамжуулан уриалсныг хүргэж байна.

Уг нийтлэлд Pfizer, Moderna, Johnson-Johnson зэрэг компаниуд хүүхдийн вакцины туршилтууд амжилттай болж байгааг онцолжээ.



ХҮҮХДИЙН ХАЛДВАРЛАЛТ БА ЭРСДЭЛИЙН ТАЛААР

Манай Улс 0-18 насны 1,250,000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм.

Улсын Онцгой комиссын төлөвлөгөөний дагуу

  • 5 дугаар сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг,
  • 6 дугаар сарын 10-нд 2 дахь тунг хийж дуусгана
  • 7 дугаар сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдах юм.

Гэхдээ насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан ч цаана нь үлдэж байгаа хүүхдүүдээ дархлаажуулж чадахгүй бол бид халдварыг бүрэн хумих боломжгүй юм.

2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 6,615 хүүхэд халдвар авсан нь тогтоогджээ. Хэдийгээр Ковид хүүхдэд цөөн халдварладаг, бага хүндэрдэг, цөөн нас бардаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

ХИЧЭЭЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?

Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл ийм өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдүүдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Хичээл хэзээ эхлэх вэ? гэсэн асуултад “тархалтыг зогсоосон тэр үед” гэсэн хариултыг одоогоор өгч чадахаар байна.

Тиймээс намар хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

 
Эх сурвалж: БШУЯ
 
Эх сурвалж: БШУЯ
ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ СУДАЛГАА БА БУСАД ОРНЫ БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

Цар тахлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүүхдийн вакцинжуулалт гэж эрдэмтэд үзэж байна. Одоогийн байдлаар Pfizer, Moderna, Johnson-Johnson зэрэг компаниуд хүүхдийн вакцины туршилтууд амжилттай болж байгаа талаар мэдээлээд байна.

  • 2021 оны гуравдугаар сарын 31-нд Pfizer вакцины үйлдвэрлэгч 12-15 насны хүүхдүүдэд вакцинаа туршиж үзэхэд 100% үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.
  • 2021 оны дөрөвдүгээр сарын 7-нд хүүхдүүдэд AstraZeneca вакцины туршилт хийхийг зогссон
  • 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Vero Cell вакцины үйлдвэрлэгч вакциныг 3-17 насны хүүхдүүдэд аюулгүй гэж тогтоосон талаар Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
  • 2021 оны гуравдугаар сарын 22-нд Спутник үйлдвэрлэгч 3-17 насны хүүхдүүдэд зориулсан вакциныг хөгжүүлж эхлээд байгаа талаар мэдээлэв.
 
Эх сурвалж: БШУЯ
 
Эх сурвалж: БШУЯ
ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ САНАЛ

Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед бид хэд хэдэн алдаа гаргасан ч энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал юм. Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс дараах саналыг холбогдох газруудад хүргүүлэв.

  • 5 сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг ЗГ-аас шийдвэрлэх
  • 6-7 сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах
  • 9-10 сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх