Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"63 мянган жолооч 10-аас дээш удаагийн торгуультай бөгөөд хамгийн их нь ₮8 саяд хүрсэн байна"

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн хэмжээ, төлөлтийн явцын талаар холбогдох албаныхнаас  тодрууллаа. 

Энэ талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас  "Автомашин эзэмшигчийн нэр шилжүүлэхэд торгуулиа төлсөн байх хуулийн зохицуулалттай. 10 жил нэг машинаа унаад торгуулиа төлөхгүй явж байгаа тохиолдол бий. 

Улсын хэмжээнд 4.5 сая ширхэг торгууль огт төлөгдөөгүй байна. Үүнээс 63 мянган жолооч 10-аас дээш удаагийн торгуультай байгаа бөгөөд хамгийн их торгууль хуримтлуулсан хүнийх ₮8 сая төгрөгтэй тэнцэж байна. Мөн нийт жолооч нарын 44 хувь нь улсын үзлэг оношилгоонд хамрагдахгүй замын хөдөлгөөнд оролцдог. 

Ерөнхийлөгчийн сонгуулиар торгуулиас чөлөөлнө гэсэн дам яриаг дагаад хүмүүс торгуулиа төлөхгүй байна

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар торгуулиас чөлөөлнө гэсэн дам яриаг дагаад хүмүүс торгуулиа төлөхгүй байгаад байна. Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад хөдөлгөөнд оролцвол торгууль төлөх шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг дагаад замын хөдөлгөөний ачаалал ч буурах бүрэн боломжтой" гэдгийг хэлэв. 

Харин Тээврийн цагдаагийн албанаас "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журмын 4.1-д зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор шийтгэлийн хуудсанд заасан тухайн дансанд төлөх үүрэгтэй гэж заасан.

Эрх бүхий байгууллагууд болох татвар, авто тээврийн бүртгэл хяналтын төвөөс үйлчилгээ авахад зайлшгүй торгуулиа төлсөн байхыг шаарддаг. Тээврийн цагдаагийн албанаас торгууль нь өндөр байгаа жолоочийн бичиг баримтыг хурааж авдаг. 

Шилжилт хөдөлгөөн хийлгэхээс эхлээд бусад салбарын үйлчилгээ авах учраас иргэд торгуулиа заавал төлсөн байх учиртай" гэсэн хариултыг өглөө. 

Замын хөдөлгөөний дүрэмд хөдөлгөөнд оролцогч нь дүрмийн шаардлагыг сахин биелүүлнэ, зөрчвөл холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ хэмээн заасан байдаг. 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар 10-400 мянга хүртэлх төгрөгийн торгууль оногдуулдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар жолоо барих эрхийг нь хасдаг. Хэрвээ эрхээ хасуулсан үедээ машин барих юм бол 30 хоногийн хугацаатай баривчилдаг байна.

Манай улсын хэмжээнд 1,163,228 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн. 

Харин эдгээр жолоочоос торгуулиа төлөөгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад нь хязгаарлалт хийхийг холбогдох албаныханд өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан үүрэг болгож байв. Харамсалтай нь тухайн шийдвэр хэрэгжээгүй бөгөөд 4.5 сая ширхэг торгууль төлөгдөөгүйг дээр дурдсан. Мөн энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал ч буураагүй хэвээр байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 30.8 хувиар өссөн

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат “Энэ оны нэгдүгээр улиралд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 30.8 хувиар, журамлагдсан тээврийн хэрэгсэл 26 хувиар, торгуулсан хүний тоо 15, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан ч хөдөлгөөнд оролцсон хүний тоо 23 хувиар, баривчлагдсан хүний тоо 28 хувиар өссөн.

Энэ нь хорио цээрийг мөрдүүлж байгаа ч 18-аас доош градустай согтууруулах ундааны зүйлийг хориогүй учраас авто машин согтуугаар жолоодох, жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироох явдал буурахгүй өсөлттэй байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ ойр орчимдоо байгаа зүйлийг анхаарч харах гээд энгийн зүйлүүдийг мөрдлөг болгох нь чухал байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 59 хүний амь нас хохирсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол үргэлж танаас хамаарна. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг нь бүх үйлдлээр хөдөлгөөн бүрийг заасан байдаг. Үүнийг мөрдөж явбал та бүхэн хамгаалагдах боломжтой ” хэмээн тайлбарлав. 

Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хуулийн дагуу авагдсан арга хэмжээ болох торгуулиа цаг тухайд нь төлөх нь хувь хүн бүрийн ухамсар, хариуцлага юм.