Лондон Соут Банк их сургуулийн Менежментийн ахлах багш болон Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч М.Саранзаяатай ярилцлаа.
Тэрбээр гадаадад сурч буй олон мянган оюутнуудын адил туулсан замналаасаа гадна Монгол гэхээр л нүүдэлчин соёл, Чингис хаан, 13-р зуун биш орчин үеийн Монголын нийгэм, соёл, улс төр, эдийн засаг, менежментийн талаар, Монгол гэж ийм бие даасан, өөрийн гэсэн үндэсний онцлог түүх, соёлтой, тэрэндээ тулгуурласан эдийн засаг, менежментийн онол, арга барилтай улс юм гэдгийг олон улсад түгээх боломжийг эрэлхийлэн томоохон судалгааны ажил эхлүүлж байгаа тухайгаа хуваалцсан юм.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Маналсүрэнгийн Саранзаяа гэдэг. Би Английн нийслэл Лондон хотын төвд оршиx Лондон Соут Банк их сургуульд Менежментийн ахлах багш болон Бакалврын хөтөлбөрийн эрхлэгчээр ажилладаг. Энэ сургууль маань 1892 онд байгуулагдсан, 125 гаран жилийн түүхтэй. Нийт оюутнуудын тоо болон сургуулийн кампусаараа Лондондоо эхний тавд багтдаг том сургуулиудын нэг. 2020 оны байдлаар манай сургуульд нийт 130 орны 18,000 гаран оюутнууд ирж суралцаж байна. Нийт 1,700 гаран багш, ажилчидтай бөгөөд би энэ сургуульдаа 2013 оноос хойш ажиллаж байгаа.
-Англид их сургуулийн багшаар ажилд орох бас тийм хялбархан хэрэг биш байх. Өөрийнхөө багш болсон болон Англид сурч, ажилласан түүхээс хуваалцаж болох уу?
-Бололгүй яахав. Би Монголд бакалавраа төгсөөд жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаад Англи руу Магистраа хийхээр 2010 оны сүүлээр ирсэн. Дунд сургуульдаа орос, герман хэл үзэж байсан учраас англи хэлний ямар ч мэдлэг байгаагүй. Тэгээд хэлний бэлтгэлд нэг жил суугаад шалгалтаа амжилттай өгч, магистрын хөтөлбөртөө орж байлаа.
Монголоос дөнгөж ирээд аав ээжээсээ хол, тэс өөр орчин, хэлний бэрхшээл гээд асуудлууд зөндөө байсныг нуухгүй. Миний төрсөн болон нагац ах нар надаас түрүүлээд сурах гээд ирчихсэн байсан учраас их дэм, түшигтэй байсан. Бид бүгдээрээ гадаадад ажиллаж, сурч буй олон мянган монгол оюутнуудын адил ажлаа хийгээд, төлбөрөө төлөөд, болж өгвөл аав ээж рүүгээ илүүчилдэг тийм л оюутнууд байлаа.
Миний анхны ажил Япон ресторанд ногоон цай бэлдэж, дараа нь цайныхаа аягануудыг угаадаг ажил байсан. Зөөгч хийлгэх гэхээр миний англи хэл гологдсон хэрэг. Мөн 05:30-д босоод ажил 09:00 цагаас эхлэхээс өмнө оффис цэвэрлэдэг өглөөний ажилтай байлаа. Оффисоо цэвэрлэчихээд хичээлдээ явна. Орой нь Япон ресторандоо 19:00-22:00 хүртэл долоо хоногийн зургаан өдөр ажилладаг маршруттай байлаа. Тэгээд гэртээ харих замдаа метронд, бас хариад хичээлээ хийдэг байв. Аягаа угааж зогсохдоо "Би энд байх хүн биш, энэ бол түр зуурын шатны зогсоол" гэдэг үгийг өөртөө дандаа хэлдэг байсан. Тэгээд удалгүй хэл сайжраад ирэхээр нь Лондоны алдартай Ковент гарденд гутлын дэлгүүрийн худалдагч болсон. Тушаал дэвшээд байна шүү дээ(инээв). Энэ бүхэн, бүх туршлага минь надад хүнтэй харилцахаас авхуулаад их зүйл сургасан даа.
Би багаасаа багш болно гэж боддог байсан. Тэгээд оюутан байхдаа сургуулийнхаа номын санд сайн дураараа, долоо хоногийн гурван өдөр цалингүй ажилладаг байлаа. Заримдаа өдөржин каноны ард зогсож, номын санч болон багш нарт тусалдаг байсан. Энэ үедээ мэдээж багш нар болон бусад хүмүүстэй танилцаж, бас хэлээ давхар сайжруулах сайхан боломж байсан.
Би хичээлдээ мэрийлттэй, семинарт сайн оролцохын тулд их уншдаг, бэлддэг, болж өгвөл мэтгэлцээнд их ордог байсан маань миний англи хэлний чадвар, олны өмнө ярих, үндсэн мэдлэг, бас багш нар намайг мэддэг болсон зэрэг их олон ач тус өгсөн дөө. Английн боловсролын ситемийн онцлог бол оюутнуудыг маш их бие даалгадаг, тэр хэрээрээ нэг семинарт бэлдэх гэж маш олон өгүүллүүд уншиж, харьцуулсан дүгнэлт гаргахыг шаарддаг. Эрдэм шинжилгээний өгүүллүүд бол чанга шүү дээ, хэд уншиж байж ойлгоно. Их суудаг байсан, одоо ч нэлээн сууна.
Тэр хугацаандаа хагас цагаар ажиллах ТА буюу багшийн туслахын ажлын зар гараад, би Бизнесийн сургуулийнхаа професcорын туслах болж байлаа. Тэндээс л миний их сургуультай холбогдох зам эхэлсэн дээ.
Магистраа төгсөөд хувийн коллежуудад цагийн багш хийж эхэлсэн. Учир нь их сургуульд багшаар орно гэдэг бол босго өндөр, шалгуур ихтэй албан тушаал. Наад зах нь докторын зэрэгтэй байх, судалгаа, туршлагатай байх ёстой гэх мэт. Тэгээд 2013 онд Англидаа менежментийн судалгаагаараа эхний 25-д, нийгмийн ухааны судлалааp дэлхийд эхний 50-д багтдаг Эссэксийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар орсон. Мөн тухайн ондоо Лондон Соут Банк их сургуульд цагийн багшийн зар гарсны дагуу ажилд орох хүсэлтээ өгч, нэлээд хэдэн шалгуур давсны дараа цагийн багшаар ажилд орж байлаа. Тэгээд 3 жилийн дараа дахин шалгагдаж, ярилцлаганд орсноор үндсэн багш болсон. Тэрнээс хойш 5 жилийн хугацаанд Менежментийн ахлах багш болон Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч болон дэвшин ажиллаж байна.
-Доктор хамгаалсан сэдэв тань сонирхолтой санагдлаа. Хамгаалсан сэдэв болон судалгааныхаа талаар ярихгүй юу?
-Миний судалгааны үндсэн чиглэл бол социалист байсан орнуудын менежмент, тэр дундаа тухайн улсын үндэсний соёл, түүх, өмнөх ба орчин үеийн нийгэм, эдийн засаг, улс төр нь удирдахуйн болон менежментийн арга барилд хэрхэн нөлөөлдөг талаар судалдаг.
Менежмент нь зөвхөн дан ганц бизнесийн орчин болон ажил олгогчдooс хамаардаг бус, байгууллага толгойлж, ажилчдаа зангидсан гар шиг болгон удирдаж, санхүүгийн болон нийгмийн баялаг бүтээнэ гэдэг бол олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс ингэж том цар хүрээгээр нь харахаас өөр аргагүй.
Би 2017 онд "Соёлын болон институтийн өөрчлөлтийн нөлөөн доорx Монголын орчин үеийн менежмент" сэдэвтэй эрдмийн ажил бичиж, менежментийн шинжлэх ухааны докторын зэрэг (PhD) хамгаалсан. Тэрнээс хойш орчин үеийн Монголын менежментийн арга барил, хүний нөөц, нийгэм-эдийн засгийн тогтворгүй байдалд дасан зохицох болон давж гарах монгол сэтгэлгээ зэрэг хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийг олон улсын академик сэтгүүлүүдэд болон номонд хэвлүүлсэн.
-Нэгэнт менежментийн судлаач, багш хүнтэй ярилцаж байгаа учраас орчин үеийн менежментийн чиг хандлагын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ тухай үзэл бодлоо хуваалцахгүй юу?
-Маш сайхан асуулт байна.
Хүн хүнтэйгээ хамтран ажиллаж байгаа учраас ингэхээс ч өөр аргагүй. Сүүлийн үеийн менежментийн ухааны онол, дадлагууд нийгмийн ухааны салбар ухаануудтай зэрэгцэн судлагдаж, хөгжиж байгаа. Ялангуяа соёл судлал, хөгжил судлал, урлаг судлал, тэр бүү хэл шашин судлалын онолууд хүчтэй орж байна.
Сонирхуулж хэлэхэд, жишээ болгон бүжгийн урлаг болон удирдах ухааны хоорондох харилцан хамаарлын талаар дурьдаж болно. Сайхан вальс эргэхэд бүжгийн нэг хос нь заавал дагуулагч, нөгөө нь дагагч байдаг. Удирдах ухаанд ч гэсэн дагагчгүйгээр удирдагч ярих боломжгүй. Сайн гүйцэтгэлтэй бүжиглэхийн тулд бүжиглэгч хосууд хөгжмөө мэдрэхээс гадна нэг нэгнийхээ хэмнэл, хөдөлгөөн, мэдрэмжийг бүрэн ойлгож, хамтран бүжиглэх ёстой. Нэг нь алдаа гаргахад энэ нь төгс гүйцэтгэл болох боломжгүй.
Түүн шиг удирдах ухаанд ч гэсэн дагуулагч нь дарга болон менежерүүд, дагагчид нь ажилчид болон багийн гишүүд байдаг. Тиймээс дагуулагч нь багийн хамт олноо сонсож, ойлгож, мэдэрч байж л сайн засаглал үүснэ. Тэрнээс ганцаараа хэчнээн чадвартай эргэлээ гээд сайхан вальс эргэх боломжгүйтэй адил. Мөн дагагчид буюу багийнхан нь ч гэсэн удирдлагаа ойлгож, хамтран ажилласан тохиолдолд л үр дүн гарна гэсэн үг.
Миний бас нэг дурдах гэсэн сэдэв бол соёл судлал ба менежментийн ухаан.
Менежмент гэдэг маань хүмүүстэй ажилладаг учраас эргээд л хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшил, дадал зуршлыг судлах, ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Хувь хүний үнэт зүйлсийг бүтээдэг нэг том хүчин зүйл нь тухайн хүний төрж, өссөн гэр бүл, нийгэм, соёл соёлын нөлөө. Тэгэхээр соёл судлал бол менежментийн ухаанд маш чухал ухагдахуун болоод ирнэ. Ялангуяа даяаршлын эрин үед, олон соёлтой хүмүүс нэг баг болж ажиллаж байгаа өнөөгийн нийгэмд нэг нэгнийхээ соёлыг таньж мэдэх, ойлгон хүндлэх гэдэг бол хамт олныг нэг баг болгох, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд маш чухал хүчин зүйлсийн нэг. Энэ салбарын ухааныг cross-cultural management буюу менежмент дэх хувь хүний болон нийгэм-соёлын нөлөөний онол гэдэг. Мөн олон соёлтой хүмүүсийг нэгтэн ажиллуулах ухаан ч гэж нэрших нь бий. Энэ салбар 1990-ээд оноос эхлэн үүссэн бөгөөд, одоо болтол гүнзгийрүүлэн судлагдсаар яваа.
Энэ салбар ухааны дотор гарч ирсэн бас нэг сонирхолтой ухагдахуун бол indigenous management буюу улс орны онцлог бүхий менежментийн ухаан. Өөрөөр хэлбэл, 18-р зууны аж үйлдвэрийн хувьсгалаас хойш барууны улсуудад хөгжсөн менежментийн ухаан нь улам бүр явцгүй болж, өөр соёл, үнэт зүйлстэй улс оронд тохирох арга барил биш юм гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч, амьдрал дээр ч нотлогдсоор байгаа.
Улс орнууд баруунд төвтэй менежментийн арга барилын оронд өөрийн улс орны соёлын онцлог, үнэт зүйл төвтэй менежментийн арга боловсруулах нь хувь илүү үр дүнтэй гэсэн үг. Үүний нэг том жишээ нь Японы менежментийн арга барил. Дэлхийн II дайны дараа Япон улс өөрийн үндэсний онцлог, Япон хүний сэтгэлгээ, үнэт зүйлст тохирсон менежментийн аргачлал боловсруулсан. Зарим эрдэмтэд Япон улсын эдийн засгийн хөгжлийн нэг нууц нь үүнд оршдог ч гэж үзэх нь бий. Oдоогоор Хятад, Өмнөд Африк, Казахстан, Энэтхэг зэрэг нэлээд хэдэн орон өөрсдийн судалгаагаа эхлүүлсэн, хийсэн байгаа.
Миний докторын судалгааны нэг чухал аргумент бас энэ сэдвийг хөндсөн. Гэхдээ Монгол улсад таарч тохирсон менежментийн арга барил боловсруулахад нэг судалгааны ажил үнэхээр хангалтгүй. Тиймээс би Монгол менежмент ийм байх ёстой гэдэг ч юм уу тийм хэтэрхий өрөөсгөл гаргалгаа хийгээгүй, хийх ч арга байхгүй. Энэ бол олон судлаачийн хамтарсан, урт хугацааны судалгаанд үндэслэгдэж, ийм байж болох юм гэсэн дүгнэлтийг гаргах боломжтой.
-Монгол улсын хувьд менежментийн судалгаа нь дэлхийн жишигтэй харьцуулахад хаана явна вэ?
-Миний дээр дурьдсанчлан дэлхийн менежментийн чиг хандлага баруун төвтэй бус, улс орны өөрийн гэсэн онцлогтой менежментийн арга барил руу явж байна гэсэн шүү дээ. Энэ тал дээр Монгол улсыг судалсан, ялангуяа олон улсын түвшинд хийсэн, хэвлүүлсэн, яригдсан судалгаа үнэхээр хомс. Наад зах нь Google Scholar дээр Mongolian management гээд хайгаад үз, үр дүн үнэхээр хангалтгүй. Гэтэл Хятад, Орос, Казахстан гэхэд маш олон судалгаа гарч ирнэ. Энэ нь бид эхлээд өөрсдийгөө судлах хэрэгтэй байна, цаашлаад энэ чиглэлээр манай эрдэмтэд, бизнесийн сургуулийн багш, профессорууд бүтээлээ олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлэх шаардлагатай байна аа гэсэн үг.
Миний одоо ажиллаж байгаа менежментийн судалгааны төсөл бол Монгол улсын орчин үеийн нийгэм-соёлын нөлөө менежментийн арга барилд хэрхэн тусч байгаа, Монгол хүмүүс хэрхэн удирддаг, итгэлцэл үүсгэдэг, баг хамт олон болон ажилладаг талаар олон улсын хэмжээнд авч үзэх судалгааны нэг гүүр болох болов уу.
-Энэ менежментийн судалгааны төслийнхөө талаар дэлгэрүүлэн ярихгүй юу.
-Энэ төслийн нэр нь ГЛОБ. GLOBE гэдэг нь Global Leadership and Organisational Effectiveness гэcэн таван үгний эхний үсгүүдийн товчлол бөгөөд даяаршлын манлайлал, байгууллагын зан үйлийн үр нөлөө гэсэн нэртэй судалгааны төсөл.
Энэ төслийг анх 1992 онд дэлхийн менежментийн ухааны нэрт эрдэмтэд болох Роберт Хаус, Паул Хэнжэс тэргүүтэй судаалчид эхлүүлж, дэлхийн таван тивийн нийт 62 орны 17,000 менежерүүдийг хамруулсан том судалгаа хийсэн. Судалгааны гол зорилго нь соёл судлал, менежмент хоёр хоорондоо салшгүй холбоотой гэдгийг тогтоож, аливаа улсын нийгэм, соёлын нөлөө нь тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүсийн удирдах арга барилд хэрхэн тусгагддаг, улмаар байгууллага, хамт олны идэвхжилт, зан үйлд хэрхэн нөлөөлдгийг судласан. Ингэсэнийхээ үндсэн дээр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж болох удирдлагын арга барил, байгууллагын зан үйл байх боломжтой юу гэсэн асуудал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, даяаршлын эрин үед аль нэг улс өөрийнхөө үндэсний онцлогт тулгуурласан менежментийн арга барилтай байж болохоос гадна, мөн олон улстай хамтран ажиллаж болох нэгдмэл менежментийн ойлголттой байж болно гэсэн санаа юм.
Энэ судалгаа cross-cultural management (менежмент дэх хувь хүний болон нийгэм-соёлын нөлөөний онол)-ын нэрт эрдэмтэн Жийрт Хофштедийн (Geert Hofstede) үндэслэсэн соёлын хэмжээсийн онол буюу Cultural Dimensions нэртэй онолд тулгуурлан, цааш нь дэлгэрүүлж удирдах болон менежментийн ухаан руу чиглүүлсэн дэлхийн хэмжээний том судалгаа юм. Соёлын хэмжээсийн онол болон ГЛОБ судалгааны талаар дэлхийн ямар ч бизнесийн чиглэлийн сургуульд суpсан хүмүүс заавал сонссон байдаг. Академик түвшний хүмүүст бол ишлэлийн хэмжээгээрээ нийгэм судлалын ухааны дэлхийн шилдэг 25 онолын нэгт багтдаг гэхээр энэ судалгааны цар хүрээ нь мэдэгдэх байх.
ГЛОБ төслийн хувьд одоо ч гэсэн нэмэлт судалгаа хийгдсээр байгаа бөгөөд 2020 оны байдлаар дэлхийн өнцөг бүрээс нийт 500 гаран судлаачид 150 орны менежрүүдйиг энэ төсөлд хамруулж, өөрсдийн орны менежментийн арга барилыг тодорхойлоход хувь нэмрээ оруулаад байна.
-Монгол Улсын хувьд энэ судалгааны төсөлд хамрагдах бoломжтой юу?
-Монгол Улсын хувьд соёлын хэмжээсийн онол болон ГЛОБ судалгааны аль алинд нь хамрагдаж байгаагүй. Гол шалтгаан нь хэлний бэрхшээл болон менежментийн чиглэлийн судлаачдын талаарх мэдээлэл дутмаг байсантай холбоотой. Харин энэ удаад Монгол лсын хувьд анх удаа дэлхийн хэмжээний нийгэм соёл ба менежментийн арга барилын хамааралыг тодорхойлох судалгаанд хамрагдах боломжтой болоод байна.
Өнгөрсөн сард буюу 2021 оны гуравдугаар сард энэ төслийн ахлах судлаачдын нэг Делваэрийн их сургуулийн профессор Аманда Буллов надтай холбогдож, миний Монголын менежментийн талаар хэвлүүлсэн бүтээлүүдийг уншсаны үндсэн дээр энэ судалгаанд Монголын талыг хариуцан хамтарч ажиллах санал тавьсан юм. Надаас өмнө 2020 онд Монголын талаас С.Энхжаргал, Б.Цэрэнханд гээд хоёр судлаачтай холбогдсон ч судалгааны ирц болон чанар нь одоогоор хангалтгүй байгаа юм билээ. Тийм учраас над руу давхар хандсан гэж байсан.
-Монгол Улс яагаад энэ судалгааны төсөлд хамрагдах ёстой вэ?
-Монгол Улс энэ төсөлд хамрагдах хэд хэдэн шалтгаан болон ач холбогдол бий. Дээр дурдсанчлан энэ бол дэлхийн аль ч бизнесийн их сургуулийн сургалтын төлөвлөгөөнд зүй ёсоор ордог онол ба практикийн хичээлийн сэдэв. Монгол улс энэ судалгаанд орж өөрийн гэсэн мэдээллээ оруулсанаар:
-Энэ төсөлд хэн оролцох боломжтой вэ?
-Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн болон төрийн бус, хувийн, олон улсын, сайн дурын ямар ч байгуулаггын мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан менежерүүд, байгууллагын бүх шатны ажилтнууд хамрагдах боломжтой. Хэдий хүний нөөцийн менежерүүд ажилчидтайгаа тулж ажилладгийн хувьд илүү мэдээлэл өгөх боломжтой ч заавал тийм албан тушаалтай байх ёстой гэсэн нөхцөл байхгүй.
Мэдээж судалгааны үр дүн ирц, чанараас хамаардаг. Тэгэхээр аль болох Монгол Улсыг бүхэлд нь хамарсан байх тусмаа үнэн бодитой үр дүн гарна. Өөрөөр хэлбэл хот, хөдөө гэлтгүй байгууллагууд, хувь хүмүүс хамрагдвал маш сайн. Эхний ээлжинд 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд 500 хүнээс судалгаа авах төлөвлөгөө бий. Энэ нь цаашдаа үргэлжлээд явна.
Судлаачийн зүгээс энэ судалгаанд орохыг хүссэн албан ёсны урилга болон судалгааны асуултуудын линк цахим шуудангаар очих болно. Энэ урилгыг албан байгууллагын дарга нар бусад менежерүүд, албан хаагчдадаа түгээх боломжтой. Мөн энэ судалгааг ажлынхаа нэг өглөөний сургалтын хэсэг болгож, үр дүнг нь хоорондоо ярилцаасай гэж хүсч байна.
-Энэ төсөлд хэрхэн оролцох вэ?
-Энэ төсөл нь цэвэр академик төсөл учраас ямар ч санхүү болон мөнгөн урамшуулал байхгүй. Судалгаанд оролцож буй хүн бүр өөрийн сайн дураар зөвшөөрсний үндсэн дээр оролцох бөгөөд оролцогчийн нэр, байгууллага, албан тушаал гэх мэт ямар ч хувийн мэдээлэл энэ судалгаанд асуугдахгүй. Судалгааны үр дүн зөвхөн эрдэм шинжилгээний ажлын хүрээнд хэрэглэгдэнэ.
Судалгааны асуултууд монгол хэл дээр бөгөөд хэрэв тухайн хүн хүсвэл надтай холбогдоод англи хувилбарыг бөглөх боломжтой.
Энэ төслийн үндсэн арга нь судалгааны асуултууд бөгөөд соёл, итгэлцлэл, удирдах, удирдуулах арга барил, байгууллагын зан үйл гэсэн үндсэн хэсгүүд бүхий нийт 182 асуулттай. Энэ судалгааг бүрэн бөглөж дуусгахад 25-30 минут зарцуулагдах бөгөөд зөвхөн бүх асуултуудыг бөглөсөн тохиолдолд л таны судалгааг ашиглах боломжтой. Хэрэв бүх асуултуудыг нэг дор бөглөх боломжгүй бол, эхэлсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор анх ашигласан электрoн төхөөрөмжөө (жишээ нь та гар утаснаасаа бөглөж эхлэсэн бол дахиад гар утаснаасаа л холбогдох боломжтой) ашиглан дуусгах боломжтой.
-Хувь хүмүүсийн хувьд энэ төсөлд орсны ашиг тус нь юу байх вэ?
-Хамгийн түрүүнд та дэлхийн хэмжээний менежментийн арга барилын судалгаанд анх удаа Монгол Улсаа төлөөлөн өөрийн хувь нэмрээ оруулж байгаа. Энэ судалгааг олон улсын эрдэмтэд, судлаачид, оюутнууд, гаднын хөрөнгө оруулагчид, монголчууд өөрсдөө уншин, цаашид судлах болно.
Хоёрдугаарт, энэ судалгааг бүрэн бөглөж дууссаны дараа энэ судалгаанд оролцсонд тань талархаж, таны өөрийн "Манлайлалын ур чадвар, арга барилын тайлан" бэлэн болно.
Таны манлайллын тайланг та өөрөө л хуваалцахгүй бол бусад хүн үзэх боломжгүй. Судалгааны асуултуудыг бүрэн бөглөж дууссаны дараа л энэ тайлан бэлэн болно гэдгийг анхаарна уу.
-Энэ судалгааны бүрэн үр дүн хэзээ гарах вэ, яаж ашиглагдах вэ?
-Судалгаанд оролцож буй бүх 150 орны мэдээлэл Канадын Саймон Фрейзер их сургуулийн серверт хадгалагдана. Дэлхийн хэмжээний том судалгаа учраас эхний ээлжийн дүгнэлт хийх, бусад улстай харьцуулах, дүгнэлтийг бичихэд 2 жилийн хугацаа орно. Энэ бол ийм том судалгааны дүгнэлт хийхэд харьцангуй бага хугацаа. Тэгээд олон улсын эрдэмтдийн хамтарсан цуврал эрдэм шинжилгээний дөрвөн өгүүлэл дэлхийн менежментийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд 2022 оны сүүлээр хэвлэгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Монгол Улсын хувьд судалгааны бүх материал эргэн ирэх бөгөөд үүн дээр нь тулгуурлан зөвхөн Монгол улсын дүгнэлтийг онцолсон тайлан илтгэл тавих, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, салбарын эрдэмтэдтэй хэлэлцэн цаашид энэ судалгааг яаж гүнзгийрүүлэх, үр дүнг нь бодитоор гаргах төлөвлөгөө бий.
-Таны эрдмийн ажилд амжилт хүсэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!