Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний PCR шинжилгээний хариуг алдаатай ирүүлээгүй бол би хэзээ ч ногоон бүс рүү очиж, олон хүнийг эрсдэлд оруулахгүй байсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар авсан Баянгол дүүргийн иргэн шинжилгээнийхээ хариуг хүлээлгүй Төв аймгийн Баянчандмань суманд буяны ажилд орохоор очсон талаар өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Гэвч бодит байдал дээр тус иргэний шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс буруу мэдээлсний улмаас дээрх асуудал үүссэн талаараа редакцид хандсан юм.

Тодруулбал, тэрбээр буяны ажлаар Төв аймгийн Баянчандмань сумыг зорих зайлшгүй шаардлага тулгарсан тул гуравдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагийн үед коронавирус илрүүлэх PCR  шинжилгээг 48 дугаар сургууль дээр нөхөртэйгөө очиж өгсөн бөгөөд тухайн өдрийн 23:50 минутын орчимд eruul.gerege.mn сайт руу ороход шинжилгээний хариу хоёулаа сөрөг гарсан байсан талаар хэлэв.

Иргэн Х ярихдаа "Эрүүл мэндийн яамнаас ташаа мэдээлэл тарааж байгаад гомдолтой байна.

Биднийг шинжилгээ өгсөн орой нь сөрөг гарсан тул бид шөнөдөө замд гараад 03:00 цагт /2021.03.18/ товчоогоор нэвтэрсэн. Ингэхдээ холбогдох бүх бичиг баримт болон шинжилгээний хариуг сөрөг гарснаа үзүүлээд хотоос гарсан.

Гэтэл маргааш нь буюу гуравдугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагийн үед ХӨСҮТ-өөс над руу залгаж, надаас халдвар илэрсэн тухай хэлсэн.

Ингээд миний шинжилгээний хариуг алдаатай явуулсан хүмүүсээс болоод Баянчандмань сум тэр чигтээ тусгаарлагдаж, намайг нөхөртэй минь хамт Улаанбаатар хотод авчирч тусгаарласан.

Тэдэнд сөрөг гэсэн шинжилгээнийхээ хариуг үзүүлээд яагаад ийм буруу хариу илгээсэн талаар эмч нараас асуухад "Шивэлтийн алдаа байж магадгүй" гэсэн хариу өгсөн. Би давтан шинжилгээ өгөхийг хүсэхэд хариу нэгэнт эерэг гэдэг нь батлагдсан гээд давтан шинжилгээ аваагүй. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ.

Тэгээд ч зогсохгүй өчигдөр Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллээр огт худлаа мэдээлэл нийтэд цацсан. Үүнд гомдолтой байна. Бид Баянгол дүүргийн ч иргэн биш.

Ялангуяа шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр хулгайн замаар, нууцаар хотоос гараагүй” гэсэн юм.

Халдвартай нь батлагдсан иргэдийн сөрөг гарсан шинжилгээний хариу:

Мөн тэрбээр “Нэг хүний алдаанаас болоод тэр сумын иргэд бүхэлдээ хорионд орчихсон. Дээрээс нь тэр Эрүүл мэндийн яамны худлаа мэдээллээс болж биднийг Баянчандмань суманд очиж халдвар тараасан гэж сумын иргэд ойлгож байна. Би тэр шинжилгээнийхээ хариунд итгэж л хотоос гарсан. Албаар ногоон бүсэд халдвар тараах гэж очоогүй.

Хэрвээ над руу шинжилгээний хариуг буруу явуулаагүй байсан бол би хэзээ ч ах, дүү, хамаатан садан дээрээ очихгүй байсан. Би тэр олон хүнийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй. Яаж ч бодсон халдвартайгаа мэдчхээд эсвэл шинжилгээнийхээ хариуг хүлээхгүй дураараа явж тэр сумын иргэдэд халдвар тараая гэж хэн ч хүсэхгүй. Би ёс журмынхаа дагуу шинжилгээгээ өгөөд бүр шалгуулаад хотоос гарсан. Ийм хариуцлагагүй байж болохгүй гэж бодсон тул бусдад сануулах үүднээс мэдээлэл өгч байна" хэмээн ярилаа.

Иргэдийн шинжилгээний хариу ийнхүү андуурагдаж байгаа тухай ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өндөр ачаалалтай ажиллаж буй лабораторийн ажилчид хэт ядарснаасаа үүдэн үүрээр хариуг уншуулах үедээ алдаа гаргасан цөөн тохиолдол гарсан. Тэр болгонд бид тухайн хүнтэй хурдан холбогдож, гарсан алдааг залруулах байдлаар ажиллаж байна" гэсэн тайлбар хийсэн билээ.