Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Лабораторийн ажилчид хэт ядарснаасаа үүдэн шинжилгээний хариуг үүрээр уншуулах үедээ алдсан цөөн тохиолдол гарсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Халдвар авсан хүнийг 7 хоног эмнэлэгт хэвтүүлээд шинжилгээ авалгүй гаргаж байгаа нь ямар учиртай вэ. Давтан шинжилгээ авахгүй бол тухайн иргэдийг бүрэн эдгэрсэн эсэхийг яаж мэдэх юм бэ?

 -Халдварын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас эмнэл зүйн заавар зөвлөгөөг шинэчилсээр байгаа. Хамгийн сүүлд ЭМ-ийн сайдын А/140 тоот тушаалаар эмнэл зүйн заавар зөвлөгөө шинэчлэгдсэн.

Үүнд хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлуудыг 7-10 хоногт эмнэлэгт тусгаарлаж, биеийн нөхцөл байдлыг харгалзаж, гэрийн тусгаарлалт руу шилжүүлж болно гэж тусгасан.

Гэхдээ гэрийн тусгаарлалтад шилжсэн хүн шууд нийгмийн харилцаанд орох боломжтой гэсэн үг биш. Хамгийн багадаа 4-7 хоног тусгаарлалтад байх ёстой.

-Гар утсанд нь сөрөг гэсэн хариу ирсэн ч дараа нь ХӨСҮТ-өөс залгаж, халдвар авсныг нь хэлээд шууд тусгаарласан тухай мэдээлэл байна. Үүнд

-Нэг хаалга-Нэг шинжилгээ ажлын хүрээнд "Гэрэгэ системс" компанитай лабораториудаа холбон шинжилгээний хариуг маш хурдан хугацаанд гар утсанд нь илгээж эхэлсэн.

Шинээр нэвтэрсэн энэ технологийг ашиглахад ялангуяа өндөр ачаалалтай ажиллаж буй лабораторийн ажилчид хэт ядарснаасаа үүдэн үүрээр хариуг уншуулах үедээ алдаа гаргах тохиолдол бий. Ийм цөөн тоон тохиолдол гарсан. Тэр болгонд бид тухайн хүнтэй хурдан холбогдож, гарсан алдааг залруулах байдлаар ажиллаж байна.

Ийм алдааг дахин гаргахгүйн тулд нэмэлт хяналтыг нэвтрүүлсэн. PCR шинжилгээг Монгол Улс харьцангуй өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хийж буй.

Энэ нь маш олон лабораториудад цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн үр дүн юм. Ямар ч систем төгс ажиллана гэж байдаггүй. Цөөн тохиолдолд алдаа гарах нь практикт тохиолддог зүйл тул иргэд ойлгохыг хүсэж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/267767311637290