Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын пап лам түүхэн бөгөөд хамгийн аюултай гадаад айлчлалаа хийж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ромын католик шашинтнуудын тэргүүн пап лам Франциск өчигдөр Ирак улсад айлчлан очжээ.

Энэ бол үе үеийн пап лам нараас анх удаа Иракын нутагт хөл тавьсан тохиолдол юм.

Түүний айлчлал бас хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Тэрбээр коронавирусийн цар тахлын улмаас 15 сар Ватиканаас гараагүй байсан бол анхны гадаад айлчлалаа Исламын шашинт Ирак улсаас эхэлж байгаа нь энэ юм.

Тиймээс 84 настай Францискийн хувьд вирусийн халдвар авах, шашны экстремист үзэлтнүүдийн халдлагад өртөх хоёр болзошгүй аюул заналхийлж байна.

Гэхдээ пап лам болон түүнийг дагалдсан албаныхан бүгд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан гэнэ. Харин хүлээж авч буй Ирак улсад вакцин хийлгэсэн хүн цөөн байгаа.

Иракын эрх баригчид пап ламын аюулгүй байдалд дээд зэргийн анхаарал тавьж байна. Ромын пап лам нар задгай автомашин хөлөглөж, сүсэгтнүүдтэй мэндчилдэг уламжлалтай бол энэ удаа Франциск битүү хуягласан автомашинаар үйлчлүүлжээ.

Мөн Иракын дотоодод хол зайтай газарт зочлохдоо нисдэг тэрэг, онгоц хөлөглөх гэнэ.

Пап лам Иракт гурван өдөр саатахдаа исламын шийт урсгалын тэргүүн Их Аятолла Али Аль Систанитай уулзаж, Исламын Улс бүлэглэлийн дэглэм дор байхдаа харгислуулж, гадуурхагдаж байсан загалмайтнуудтай уулзаж, хамтдаа мөргөл үйлдэх юм.

Мөн исламын экстремистүүдийн эвдэлж, сүйтгэсэн зарим сүм хийдүүдийг адислаж, үйл ажиллагааг нь сэргээх юм байна.

2003 онд АНУ-ын цэрэг Иракт орох үед тус улсад 1.4 сая загалмайн шашинтан амьдарч байсан гэдэг. Харин одоо энэ тоо 250,000 орчимд хүрсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian