2021/04/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.83₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-8°
03:00
S29
-6°
04:00
S29
-6°
05:00
S29
-7°
06:00
S29
-7°
07:00
S30
-6°
08:00
S32
-4°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32

Төрийн өмчит уул уурхайн компаниудын “шинэ эгэл”-ийг судлахуйд

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл
Энэхүү судалгааг Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллагаас тэтгэлэг авч, “Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансанд мэдээллийн дүн шинжилгээ хийх” төслийг хэрэгжүүлэв. Мэдээллийн шинжилгээг Mongolian Mining Journal сэтгүүлийн Б.Төгсбилэгт, Asia Mining Magazine сэтгүүлийн Ц.Элбэгсайхан, www.itoim.mn сайтын О.Мөнхбат, www.gogo.mn сайтын Р.Адъяасүрэн, www.iKon.mn сайтын Р.Оюунцэцэг, www.ubn.mn сайтын Д.Идэржаргал нарын сэтгүүлчид гүйцэтгэв.

-Шилэн дансны мэдээлэлд хийсэн дүн шинжилгээний тойм-

Шилэн дансыг нягтлахын учир

Байгалийн баялгийн салбарт засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад мэдээллийн ил тод, нээлттэй байдал хөтлөн чиглүүлэх учиртай. Монгол Улсад энэ чиглэлд жилээс жилд ахиц дэвшил гарч, асар их мэдээлэл нээлттэй болсоор байна.

Уул уурхайн салбарт ТӨК-уудын үүрэг, нөлөө онцгой их байгаа өнөөгийн нөхцөлд ил тод байдлыг хангаснаар тэдний засаглал, ашигт ажиллагаа нэмэгдэх суурь бүрдэх юм. Энэ чиглэлээрх тодорхой нэг алхам нь 2014 онд батлагдан, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн, төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм. Уг хуулиар /www.shilendans.gov.mn/ сайтад маш их тоон мэдээлэл нээлттэй болж байна.

Төрийн өмчит уул уурхайн компаниудын Шилэн дансны хэрэгжилт дээр сэтгүүлчид дүн шинжилгээ хийсэн анхны туршлага болов

Ийм их нээлттэй өгөгдлүүд ил тод болж буй тохиолдолд дурдсан хуулиудын хэрэгжилт, түүний хүрээнд мэдээллийг ил тод болгож буй үйл явцыг үнэлж дүгнэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилт төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд харилцан адилгүй байгаа тул дүн шинжилгээ хийх нь мэдээллийг ашиглагдахуйц байлгах, олон нийтийн хяналтад оруулах, илүү ахьсан түвшинд үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чухал алхам юм.

Тиймээс дээр дурдсан сэтгүүлчид энэхүү судалгааг гүйцэтгэсэн бөгөөд төрийн өмчит уул уурхайн компаниудын Шилэн дансны хэрэгжилт дээр сэтгүүлчид дүн шинжилгээ хийсэн анхны туршлага юм.  

Төслийн хүрээнд сэтгүүлчид нээлттэй өгөгдлийг боловсруулах ур чадварт суралцангаа төрийн өмчит уул уурхайн компаниудын Шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Түүндээ үндэслэн шилэн дансны тайлагналыг сайжруулах, илүү үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргасны сацуу сэтгүүл зүйн ажлаар асуудлыг олон нийтэд хүргэх юм.

Цаашид Шилэн дансны хөтлөлтийг сайжруулахаас гадна түүнд хуримтлагдсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ТӨК-уудын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргалт болон төр, олон нийтийн хяналтын түвшинд ашиглах явдал чухал байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд тус асуудал хамраагүй болно.

Судалгааны арга зүй, үе шат

Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны хөтлөлтөд мэдээллийн дүн шинжилгээ хийхдээ Шилэн дансны хууль болон холбогдох хууль, журмыг үндэслэл болгож, Шилэн дансны хөтлөлттэй харьцуулав.  

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд шилэн дансаа хэрхэн хөтөлснийг шинжлэхдээ дараах алхмаар ажиллав:  

  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын жагсаалтыг гаргав.
  • Жагсаалтад орсон компани тус бүр шилэн дансны цэсэнд бүртгэгдсэн эсэхийг нягталж шалгав.  
  • Шилэн дансны цэсэнд бүртгэлтэй компаниуд 2015-2020 оны холбогдох мэдээллүүдээ байршуулсан эсэхийг нягтлав.
  • Компаниуд өөрийн албан ёсны вебсайттай эсэх, түүндээ Шилэн дансны тухай хуульд заагдсан мэдээллүүдийг байршуулдаг эсэхийг нягтлав.  
  • Шилэн дансаа хөтөлж буй компаниуд ямар түвшинд хөтөлж буйг шинжлэхдээ жишиг болгож, тодорхой компаниудыг сонгон авав.

Эдгээр алхмын дүнд доорх 7 компанийн Шилэн дансны хөтлөлтийг харьцуулав.

  1. "Эрдэнэс Монгол" ХХК
  2. “Эрдэнэс-Тавантолгой” ХК,
  3. “Эрдэнэс Оюутолгой” ХХК
  4. “Багануур” ХК
  5. “Шивээ Овоо” ХК
  6. “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК
  7. “Монголросцветмет” ТӨҮГ

Алдаа дутагдалтай ч ил тодын шинэ соёл төлөвшиж байна

 
Эх сурвалж: Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл
2021 оны нэгдүгээр сарын байдлаар Шилэн дансны статистикаар тус системд нийт 8,222 байгууллага бүртгэгдэж, 2015-2021 онд нийт 4,558,469 мэдээлэл оруулжээ.

Шилэн дансанд бүртгэлтэй байгууллагууд Шилэн дансны нэгдсэн систем /www.shilendans.gov.mn/ болон байгууллагынхаа цахим хуудасны “Шилэн данс” цэсээр мэдээллийг ил тод болгож байна.  

Төрийн өмчийн менежментийг хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлж, нийтэд мэдээлэх нэгдсэн систем Шилэн данс бий болгосон нь мэдээллийн ил тод байдлын төлөө Монгол Улсын оруулж буй дэвшилтэт санаачилга, чухал хүчин чармайлт гэж үзэж болохоор байна.

Нийтийн өмчийг захиран зарцуулж буй байгууллагууд Шилэн данс хөтөлж, хэвшил болгосон нь чухал ахиц дэвшил бөгөөд хүрсэн амжилтаасаа ухрахгүй улам бататгаж бэхжүүлэх нь чухал байна.

Төрийн өмчийн засаглалыг сайжруулахын төлөөх ил тодын эхний энэ алхмыг дагаад менежмент сайжрах, үр ашигтай ажиллах, албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил, авилгалд өртөх эрсдэл буурах, улмаар иргэд, олон нийтэд итгэлцэл үүсэх зэрэг эерэг талууд бий болж байна.  

Шилэн дансны нэгдсэн системд 417 төрийн өмчит аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Эдгээрээс 12 нь төрийн өмчит уул уурхайн компани байна.

Хүснэгт 1. Сангийн яамнаас Шилэн дансны цэсэнд бүртгэл нээсэн төрийн өмчит уул уурхайн компаниуд

Төрийн өмчит уул уурхайн компанийн нэр

Төрийн өмчлөлийн хувь

Төрийн өмчлөлийн хэлбэр

  1.  

Эрдэнэс Тавантолгой ХК

65,2%

Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани

  1.  

Эрдэнэс Монгол ХХК

100%

Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани

  1.  

Эрдэнэс Алт Ресурс ХХК

100%

Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани

  1.  

Эрдэнэс Силвер Ресурс ХХК

100%

Төрийн өмчит аж ахуйн нэгж

  1.  

Шивээ Овоо ХК

90%

Төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани

  1.  

Багануур ХК

75%

Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани

  1.  

“Мон Атом” ХХК

100%

Хувь оролцоотой болон Төрийн өмчит хувьцаат компани

  1.  

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

51% +49%

Төрийн өмчит үйлдвэрийн газар

  1.  

Монголросцветмет ТӨҮГ

51%+49%

Төрийн өмчит үйлдвэрийн газар

  1.  

Тавантолгой ХК

51%

Хувь оролцоотой болон Орон нутгийн өмчит хувьцаат компани

  1.  

Могойн гол ХК

 51%

Хувь оролцоотой болон Орон нутгийн өмчит хувьцаат компани

  1.  

Баянтээг ХК

70%

Хувь оролцоотой болон Орон нутгийн өмчит хувьцаат компани

  • Ерөнхий зургаар харвал төрийн өмчит уул уурхайн компаниуд санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлд ихээхэн ахицтай, жилээс жилд Шилэн дансны хөтлөлт нь сайжирч иржээ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны хуулийг 2018 оныг дуустал бараг хэрэгжүүлээгүй гэж үзэж болохоор байна. 2018 онд “Багануур” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шилэн дансанд мэдээлэл оруулжээ. Харин 2019 оноос ихэнх компани Шилэн дансыг идэвхтэй хөтөлж эхэлсэн төдийгүй 2020 онд санхүүгийн ил тод байдлын хувьд харьцангуй сайн үр дүнгүүд харуулсан байна.
  • Шилэн дансыг хууль, журмын дагуу хөтөлж, ил тод байдлыг харьцангуй сайн хангаж байгаа компаниуд /”Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Тавантолгой”/ байгааг сайшаан тэмдэглэх ёстой. Зарим компани Шилэн дансны хууль, журмаар шаардаж буй мэдээллээс ч өргөн цар хүрээнд, илүү дэлгэрэнгүй мэдээллийг компанийн цахим хуудаснаа оруулж, ил тод байдлыг шинэ шатанд гаргаж байгаа нь компанийн засаглалын маш сайн жишээ юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд компанийн вэб сайтад “Эрдэнэс Тавантолгой шилэн компани” цэс үүсгэж, үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой өргөн хүрээний мэдээллийг нээлттэй болгосон онцлог байна.  
  • Шилэн дансны тухай хуулийн 3.1.1-д зааснаар хуулийн үйлчлэх хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хамаарч буй. Энэхүү заалтаар шилэн данс хөтлөх ёстой орон нутгийн өмчит хувьцаат компаниуд болох “Тавантолгой” ХК, “Могойн гол” ХК, “Баянтээг” ХК нь Шилэн дансны цэсэнд бүртгэл нээлгэсэн ч огт хөтлөөгүй нь анхаарал татаж байна.
  • Шилэн дансны хуулийн хүрээнд хамаарахаар харагдаж байгаа ч Шилэн данс хөтлөөгүй аж ахуйн нэгжүүд байна. Үүний нэг жишээ нь “Оюутолгой” ХХК юм. Шилэн дансны тухай хуулийн 3.1.3-т зааснаар Монгол Улсын Засгийн газар хувьцаа эзэмшиж буйн хувьд төрийн өмчийн оролцоотой компанид харьяалагдаж, Шилэн данс хөтлөх хуулийн хүрээнд хамаарахаар байгаа ч Шилэн дансны цэсэнд бүртгэгдээгүй байна. “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 1.2-д Төрийн  өмчийн  оролцоотой  хуулийн  этгээдэд хамаарах хуулийн этгээдийг дараах байдлаар тодорхойлжээ.
    • 1.2.1. нийт гаргасан энгийн хувьцааг нь 100 хувь төр эзэмшдэг компани;
    • -1.2.2. нийт гаргасан энгийн хувьцааны тодорхой хувийг нь төр эзэмшдэг, энэ журмын 1.2.1-д зааснаас бусад компани хэмээн заажээ.

Эндээс харвал төрийн өмчийн оролцоотой гэсэн ангилалд “Оюутолгой” ХХК багтаж болохоор байна. Нөгөө талаар Үндэсний аудитын газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 34%-ийн эзэмшлийн Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Оюутолгой” компани шилэн данс хөтлөх үүрэгтэй гэж үзжээ. Аудитын дүгнэлтийн хариуд компанийн зүгээс ямар нэг тайлбар мэдээлэл гаргаагүй байна. Энэхүү ойлгомжгүй асуудлыг цэгцэлж, нэг мөр болгох шаардлагатай.

  • Шилэн данс хөтөлсөн төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хувьд тайлагнал харилцан адилгүй, өөр өөр түвшинд байна. Үүнд нөлөөлж буй нэг том хүчин зүйл нь Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журмын 4 дүгээр зүйлээр төрийн өмчит аж ахуйн нэгжийн тавих мэдээллийг:
    • 4.1. Төрийн өмчит аж ахуйн нэгж
    • 4.2. Хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани хэмээн хоёр ангилсан явдал.

Энэ ангилал нь ил тодын шалгуурыг харилцан адилгүй тогтоосон тул аж ахуйн нэгжүүд нэг дүрмээр мэдээллийг ил тод болгохгүй байх гол шалтгаан болж байна. Тус журамд зааснаар 4.1-д хамаарах төрийн өмчит аж ахуйн нэгж нийт 17 төрлийн мэдээлэл, 4.2-т хамаарах компаниуд 6 төрлийн мэдээллийг ил болгож байна. Тухайлбал, төрийн өмчит корпорац болох “Эрдэнэс Монгол” ХХК нь охин/хараат компани болох “Багануур” ХК-д 75%, “Шивээ-Овоо”ХК-д 90%, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 65,2%-ийн эзэмшилтэй. Гэвч нэг компанийн охин/ хараат 3 компани Шилэн дансны хөтлөлтөөр гурван өөр түвшинд ил тод байдлыг хангаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн нэг жилийн Шилэн данс хөтлөлтийн жишгээр Хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компаниуд журамд зааснаас илүү өргөн хүрээнд мэдээллийг ил тод болгох боломжтойг харуулж байна. Журмаар ил тод байдлын шалгуурыг хэт зөрүүтэй тогтоосон нь мэдээллийг хангалттай хэмжээнд нээлттэй байлгахгүй байх нөхцөл үүсгэхээс гадна зарим компанийн хувьд мэдээллийн ил тайлагналын хүрсэн түвшнээсээ ухрах байдал руу түлхэж болзошгүй.

  • Компаниудын шилэн дансны мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, ойлгомжтой байх, тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай шинэчлэгддэг байх зарчмууд биелэхгүй байх дутагдал нийтлэг байна. Шилэн дансны хууль компаниудад жигд хэрэгжихгүй, нэгдсэн стандартгүй, мэдээллүүдээ дутуу оруулж байна. Тухайлбал, харилцсан компанийн нэрийг өөр өөрөөр бичсэнээс болж харилцагч компани олон болж харагдах, хувь хүний нэрийг овогтой, овоггүй бичих, ижил гүйлгээний утгыг янз бүрээр бичих тохиолдол цөөнгүй. Гүйлгээ бүр баримттай байх ёстой атал томоохон үнийн дүнтэй гүйлгээнүүд дээр гэрээний эхээ оруулаагүй, гүйлгээний утгаа маш ерөнхий бичсэн тохиолдлууд олон байна. Энэ нь эргээд шилэн дансны мэдээлэл ойлгомжтой, ашиглагдахуйц байхад хүндрэл учруулж байна.

1.    Дүгнэлт, Зөвлөмж

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын Шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст үр дүнтэй хэрэгжилтэд саад болж байна хэмээн доорх асуудлуудыг тодорхойлж, засаж сайжруулах талаарх дараах зөвлөмжийг санал болгож байна. Эдгээр нь мэдээллийг иргэд, олон нийт ойлгомжтой хүртээмжтэй хүртэж, эргээд хяналт тавих нөхцөлийг хангахад зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна:

  1. Шилэн дансны тухай хуулийн Дагалдах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хоёр ангилж, ил тод болгох мэдээллийн цар хүрээг хэт зөрүүтэй тогтоосныг ойртуулах  

Төрийн өмчит аж ахуйн нэгж, Хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани хэмээн хоёр ангилж, ил тод болгох мэдээллийн цар хүрээ, агуулгыг хэт зөрүүтэй байгааг ойртуулж, ил тод байдлын шалгуурыг адил тэгш тавихын төлөө явах шаардлагатай.

  1. Дагалдах журмын хэрэгжилтэд хяналт тавьж, сайжруулах

“Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг хэрэгжилтийг сайжруулах, мэдээллийн иж бүрэн байдлыг хангах. Тухайлбал,

  • Ихэнх компани шилэн дансан дээрх төсвийн хэтрэлт, хэмнэлтийг тайлбарладаггүй,
  • Мэдээллээ хуульд заасан цаг, хугацаанд тайлагнадаггүй,
  • Гүйлгээний утгын ард шийдвэрийн хуудсыг оруулдаггүй,
  • Худалдан авалт, төсөл гүйцэтгэлийн тайланд мэдээллийг маш ерөнхий байдлаар оруулсан дутагдал нийтлэг байна.
  1. Шилэн дансны хуулийн хүрээнд хамаарч байгаа ч Шилэн данс хөтлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулах   

Шилэн дансны цэсэнд төрийн өмчит уул уурхайн 12 компани бүртгэгдсэн нь уул уурхайн салбар дахь төрийн өмчийн компаниудыг бүрэн хамарч чадаагүй байна. Монголын уул уурхайн салбарын хамгийн том төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин хараат компанийн тоо гэхэд 13 байна. Шилэн дансны хуулийн үйлчлэлд хамаарч буй төрийн өмчийн хувь оролцоотой болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулж, Шилэн данс хөтлүүлэх шаардлагатай.

Орон нутгийн өмчит уул уурхайн компаниуд Шилэн данс хөтлөхгүй байгаад Орон нутгийн засаг захиргаа анхаарал хандуулж, хуулийн хэрэгжилтийг шаардах шаардлагатай.  

  1. Шилэн дансны хөтлөлтөд хяналт тавих, хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгож сайжруулах

Төрийн өмчит байгууллагын санхүүгийн мэдээллийг ил тод болгож буй механизмын хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгосноор санхүүгийн үр ашиггүй зарцуулалт, ашиг сонирхлын зөрчилтэй худалдан авалт, авилгын эрсдэл улам бүр буурна. Гэвч Шилэн дансны хуулийн хэрэгжилт харилцан адилгүй, Шилэн дансны хөтлөлтийн хувьд зарим нь үлгэр жишээ, зарим нь огт хөтлөхгүй долоон жил болж байгаа нь хариуцлага тооцох, хяналтын механизмыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна.  Шилэн дансны хуулийг биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын системийг илүү тодорхой болгосон зохицуулалт хийх шаардлагатай байна.

  1. Өгөгдлийн нэгдсэн стандарттай болох

Өгөгдлийн чанар, баталгаажуулалт, үнэн зөв эсэхийг нягтлах, өгөгдлийн шинэчлэл, бүрэн байдлыг тодорхойлох стандарт, бодлого байхгүй байна. Шилэн дансанд асар их мэдээлэл агуулагддаг ч иргэд, олон нийтийн хувьд ашиглагдахуйц биш байгаа нь мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйл явцыг амаргүй  болгож байна.

Олон улсад нээлттэй өгөгдлийн стандартыг “нэвтрэх, нийтлэх, хуваалцах, дахин ашиглах боломжтой, хэрэглэгчид хэрэглэхэд хялбар, машин унших боломжтой, тухайн улсын хэлээр бичигдсэн, үр дүн, тоо баримт нь тодорхой, харьцуулалт хийх боломжтой” байна гэж тодорхойлсон байдаг.

Шилэн дансанд байршуулсан мэдээллүүд нээлттэй өгөгдлийн эдгээр шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна.  Үүний тулд нээлттэй өгөгдөлд тавигддаг хууль эрх зүйн болон техникийн шаардлагыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүнд: Нээлттэй өгөгдлийн лицензтэй болох. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэснээр шилэн дансны мэдээлэлд “нээлттэй өгөгдөл” гэсэн лиценз тавих боломжтой. Нээлттэй өгөгдөлд тавигддаг техникийн шаардлагыг одоо байгаа нөхцөлөөс илүү түвшинд хангуулах хэрэгтэй байна. Зөвхөн excel, pdf, jpeg хэлбэрээр мэдээллээ тавьж буй нь нээлттэй өгөгдлийн дахин ашиглах хэлбэрийн хувьд хамгийн доод түвшнийх нь юм.

  1. Шилэн данс хөтлөлтийн нэгдсэн форматтай болгох

Компаниуд шилэн дансаа хөтлөхдөө мэдээллээ ойлгомжтой, тодорхой мэдээлэх нөхцөлийг хангах шаардлагатай байна. Шилэн дансны сайтын цэсийг хариуцаж буй Сангийн яам гүйлгээний утгын жагсаалт гаргаж, түүнээс сонгож оруулах боломжтой болгох, Шилэн дансыг Улсын бүртгэлийн нэгдсэн системтэй холбож, компанийн улсын бүртгэлд бүртгэгдсэн регистрийн дугаарыг оруулснаар дээрх дутагдлуудыг засах боломжтой.

Компаниуд шилэн данс хөтлөхдөө мэдээллийг бүрэн гүйцэд оруулах нөхцөлийг хангаж өгөх шаардлагатай. Тиймээс хавсаргах ёстой бусад баримтыг хангаагүй тохиолдолд шилэн дансны мэдээллээ хадгалахад алдаа заадаг байдлаар технологийн хувьд асуудлыг шийдэх боломжтой. 

Шилэн дансанд оруулдаг хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын мэдээллүүдийг www.opendata.tender.gov.mn дээрх мэдээлэлтэй тус бүрчлэн холбож өгдөг болгох. Энэ нь мэдээллийн уялдаа холбоо, ил тод байдал, төрийн байгууллагын нээлттэй өгөгдлийн менежментийг улам бүр сайжруулна.

Шилэн дансан дахь мэдээллийг засварлах боломжийг олгосон ч засварласан тохиолдолд тухай бүрд нь өөрчилсөн болохыг илэрхийлэх тусгай тэмдэглэгээ, эсвэл дан ганц өөрчлөлтийг харуулах дэд хуудас шинээр үүсгэж, ямар учраас өөрчлөлт оруулсан тайлбарыг хамт оруулах  шаардлагатай гэж үзэж байна. Учир нь компаниуд оруулсан мэдээлэл нь олон нийтийн анхааралд өртсөн тохиолдолд устгах, шинэчлэх боломжтой байгаа нь ил тод байдлын шалгуурыг хангаж чадахгүйд хүргэж байна.

  1. Шилэн дансны сайтын системийн сайжруулалт хийх, загвар дизайныг сайжруулах

Цаашид шилэн данс нь ил тод байдлыг хангах чухал хэрэгсэл тул Шилэн дансны вебсайтын интерфейст сайжруулалт хийж, мэдээллүүдийг www.1212.mn шиг инфографик байдлаар харах боломжтойгоор нэмж хөгжүүлэх нь зүйтэй.

Мөн компанийн мэдээллийг зөвхөн тухайн сар, улирал, жилээр бус, өмнөх бүх мэдээллийг нэг дор татан авах боломж олгох, компанийн өмнөх мэдээллийг одоогийнхтой болон компани хоорондын мэдээллийг шууд харьцуулах боломж олгох зэрэг шинэлэг зүйлсийг нэвтрүүлэх боломжтой.

Шилэн дансны цахим хуудасны загвар дизайнд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, мэдээлэл оруулсныг батлах зөвлөмж тэмдэг дээр курсор очиход “энд дарж мэдээллийг үзнэ үү” гэсэн тайлбар гардаг болгох хэрэгтэй. Мөн нэмэлт өөрчлөлт ороогүй, шинэ мэдээлэл нэмэгдээгүй тохиолдолд мэдээлэл оруулсан мэт зөвлөж харагдаж байгааг болиулах хэрэгтэй байна. Энэ мэт загвар дизайны ээлгүй байдлаас болоод Шилэн дансны мэдээллийн ойлгомжтой байх зарчим алдагдаж байгаа тул Шилэн дансны сайтын загвар дизайн хийгээд системийн зарим үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай.

Н.Ариунтуяа /Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл /

О.Батболд /Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл /

Р.Адъяасүрэн /www.gogo.mn/

Д.Идэржаргал /www.ubn.mn /

О.Мөнхбат /www.itoim.mn /

Б.Төгсбилэгт /Mongolian Mining Journal/

Р.Оюунцэцэг /www.ikon.mn/

Ц.Элбэгсайхан /Asia Mining Magazine/

x