Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийнхээ манаанд БИД өөрсдөө зогсоё

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

- Утаагүй Улаанбаатарын төлөө цувралын гуравдугаар хэсэг -

Утаагүй Улаанбаатарыг цогцлоохын төлөө төр засаг чамгүй хөрөнгө гаргаж, багагүй ажил хийж байгаа нь үнэн. Орон сууцжуулах хөтөлбөр, шахмал түлш, утаагүй зуух, гэрийн дуулаалга...

Харамсалтай нь нийслэлийн утаа зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр багасахгүй нь ойлгомжтой ажээ. Олон жилийн зорилтот хөтөлбөрийн хүрээнд аяндаа л яадаг юм гэхээс, өнөө маргаашдаа ор мөргүй замхарна гэвэл үлгэр.

Нийслэлийн иргэд бид ч “Утааг арилга” гэж төр засгаас шаардахаас илүүтэй хүн бүр өөртөө, үр хүүхэддээ, гэр бүлдээ анхаарал тавьж яавал хорт утааг арай бага “амтлах” вэ гэдгээ бодох хэрэгтэй болж.

Үгүй бол хорт утааны хөнөөл бидний эрүүл мэндэд алсуурхан гэтэж хүрээд, нэг л өдөр ар дагзнаас нам цохиход бэлэн болсныг хэн хүнгүй харж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, иргэд бид л өөсрдийнхөө эрүүл мэндийн манаанд зогсох хэрэгтэй болж байна.

Дөрвөн хананыхаа дундаас өндийе

Хүний эрүүл мэндэд хамгийн тустай зүйлсийн нэг нь мэдээж ЦЭВЭР АГААР. Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах тэр л мэдрэмж ямар сайхан билээ. Тиймээс нийслэлийн иргэн танд хандаж, “Дөрвөн хананыхаа дундаас өндийе” гэж уриалмаар байна.

Амралтынхаа өдрийн алтан цагийг хэрэгтэй хэрэггүй телевизийн хэдэн суваг эргүүлж өнгөрөөснөөс гэр бүлийнхэндээ зориулж, тэр далимаараа цэвэр агаар амьсгалвал сайхан биш гэж үү?

Хотоос 20, 30-хан км яваад л эрүүл цэнгэг агаар амьсгалах боломж бидэнд бий шүү дээ. Та автобусаар явсан ч болно.

Цэвэр агаар амьсгалснаар

Хүн гээч амьтан усгүй бол хэдэн өдөр амьд явж чадах ч харин хүчил төрөгчгүй бол гуравхан минут л амьдардаг байна. Иймээс л цэвэр агаар бидэнд юу юуунаас илүү чухал байх нь.

 
  • Цэвэр агаар нь цусыг цэвэршүүлж, цусанд хангалттай хүчилтөрөгч авах боломжийг бүрдүүлэх бөгөөд энэхүү хүчилтөрөгчөөр баялаг цус хүний биеийн эс эд бүхэнд хүрдэг байна.
  • Цэвэр агаарт гарсны үр дүнд хоолны дуршил сайжирч, хоол боловсруулах үйл ажиллагаа хэвийн болж, нойрны цикл мөн эрүүлждэг буюу эрүүл байх үеийнхтэй адил болдог аж.
  • Түүнчлэн хүний амин чухал эрхтэн системүүдийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ тэдгээрийн бодисын солилцооны хортой нэгдлүүдийг хоргүйжүүлж гадагшлахад эергээр нөлөөлдөг байна.
  • Эрүүл агаарын нөлөөгөөр арьс салстын тэжээл нэмэгдэж, улмаар арьс толийн эрүүлждэг байна. Хүчилтөрөгчийн хангамж сайжирснаар бидний тархинд очих тэжээлийн хэмжээ ихсэн үүнийг дагалдан ядаргаа болон стресс тайлагдна.
  • Хүний дархлааны систем бүхэл өдрийн турш зогсолтгүй ажилладаг бөгөөд дархлааны нян бактери устгадаг эсүүд үрэвслийн эмгэг газарт очин нян вирусыг хайлуулан үхүүлэх процессь жирийн үеийнхээс маш их хэмжээний хүчилтөрөгч шаардлагатай болдог. Цэвэр агаарт алхах зэргийн үр дүнд дээрх хэрэгцээт хүчилтөрөгчөө илүү хурдан нөхөж авснаар хүний дархлаа сайжирна.

Тэгвэл бидэнд цэвэр агаар, хүчилтөрөгч дутахад ямар сөрөг нөлөө илэрдэг вэ?

  • Ядарна
  • Уурлаж бухимдана
  • Залхуурна
  • Толгой ажиллахгүй буюу сэтгэлгээ удаан болно

Ажлын өдрүүдэд утаанаас хэрхэн сэргийлэх вэ

Утаанаас хэрхэн сэргийлэх талаар ЭМЯ-наас гаргасан зөвлөгөөг энэ хэсэгт хүргэж байна. Яамнаас гаргасан зөвлөмжинд ийн дурджээ.

 

1. Агаарын бохирдлыг бууруулахаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжинэ үү !

Сайжруулсан зуух ашиглах
Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м) хэрэглэх
Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах
Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх
Өвлийн улиралд пийшингээс өөр халаах аргыг сонгох. Цахилгаан, тосон халаалт гэх мэт.

2. Хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн эмзэг тул эцэг эхчүүд дараах зөвлөмжийг анхаарна уу !

Авто замын хажуугаар бага насны хүүхдээ дагуулж явахаас зайлсхийх. (Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд 1.5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг)
Хүүхдээ агаарын бохирдол багатай үеэр салхилуулах. Агаарын бохирдол ихтэй өглөө болон оройн цагаар салхилуулахаас зайлсхийх.

3. Чийрэгжүүлэлт, биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарах

Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Монголчуудын уламжлалт хүнс болсон адуу, хонь, үхрийн махнаас гадна, эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
Уламжлалт аргаар бүрсэн тараг хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол хүнснээс авах хэрэгцээт шимт тэжээлт бодисыг биед гүйцэд шингээж өгнө.
Идэвхтэй амрах, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах зэрэг үнэ хямдаар салхинд гарах (Заавал үнэтэй цанын баз руу явах шаардлагагүйгээр гэр бүлийн зугаалгын хүрээнд шийдэж байх).