Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж байна. Үүний уршгаар нүдний хараа муудах, анхаарал төвлөрөх хугацаа богиносох, дархлаа унах гэх зэргээр алгын чинээхэн гар утас бидний хүүхдэд аюул учруулж байгаа юм.
Хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа хүчтэй байхад чухал нөлөөлөх зүйлийн нэг нь хөдөлгөөн. Ялангуяа таваас доош насныханд булчингийн хөгжил, ясны хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Хөдөлж байж улам сайн хөгждөг байна.
Гэтэл гүйж, хөдөлж, хөгжих үедээ утас, зурагтыг удаан хугацаанд үзсээр байвал хүүхдийн сэтгэл санаа, дархлааны системд хэрхэн нөлөөлөх талаар сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд "Хүүхэд зурагт, гар утас үзэхдээ биеэ эвхэж суудаг. Энэ үед булчин чангарч, тархинд "Стресстэж байна" гэх дохио очих ба цусанд стрессийн даавар ялгарна. Хүүхэд өөрөө ч мэдэлгүй зурагтын өмнө стресстээд сууж байна гэсэн үг.
Эрт үеийнхээр жишээлбэл, араатан амьтан дайрахад хүн биеэ хумьж, нэг бол эсэргүүцэн дайрах, эсвэл зугтахын аль нэгийг сонгоно. Хэрэв хүүхдийг зурагт, утас үзэж байхад нь унтраа, боль гэвэл эсэргүүцэн дайрах хувилбарыг сонгох нь элбэг байдаг. Хүүхдээ "Үгүй" гэж хүчтэй эсэргүүцэхэд нь эцэг, эхчүүд орхисоор байвал стрессийн даавар ялгарсаар дархлааны систем унана. Жишээлбэл, хоёр цагийн хугацаанд биеэ хумьж, зурагт үзээд суувал дархлааны систем эргэн сэргэхэд тодорхой хугацаа шаардана" хэмээн өмнө нь хэлж байв.
Түүнчлэн Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн багш Эми Кадди "The Presence" номд өгүүлснээр хүн биеэ хумьсан байдалтайгаар 60 секунд байхад л кортизол буюу стрессийн даавар ихсэж, өөртөө итгэлтэй байдал нь буурч байсныг дурдсан байдаг.
Утасны хэрэглээг хязгаарлах найман зөвлөмж
Тэгвэл хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хэрхэн хязгаарлах найман зөвлөмжийг сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд ийнхүү зөвлөлөө.
- Хүүхдэдээ тавьж буй шаардлагаа өөрсдөө ч биелүүл. Гэртээ орж ирээд гараа угаасны дараа л утсандаа хүрэх, унтахаасаа өмнө утсаа үзэж болохгүй гэж хүүхдэдээ хэлдэг бол та ч бас тийм байх ёстой.
- Гэртээ дүрэм тогтоо. Тухайлбал, хичээлийн цагаар хол байлгах, хоолны цагаар утас үзэхгүй байх, тодорхой цагт унтах гэх мэт.
- Утасны хэрэглээг шийтгэл болгон хорьж болохгүй. Хүүхдүүд, ялангуяа өсвөр насны буюу 10-аас дээш насныханд найз нөхдийн харилцаа холбоо хамгийн чухал учир утсыг нь хураах, хэрэглэхийг нь хориглох гэх мэт нь хүндээр тусна. Учир нь хүүхдүүдэд найзтайгаа холбогдох нэг хэрэгсэл нь утас. Харин харилцааны гол хэрэгслийг нь хурааснаар эцэг, эхийнхээ үгийг сонсохгүй байх магадлалтай.
- Оройн хоолоо бүгд хамтдаа хоолоо идэж, утсаа хол байлга. Бага насны хүүхдүүдэд энэ нь хамгийн чухал. Энэ үед эцэг, эх дууны хоолойны өнгө зөөлөн байх ёстой бөгөөд оройн хоолоо хамтдаа идэж байхдаа утсаа хол байлгацгаах нь зүйтэй юм.
- Сайн эцэг, эх байхын тулд хүүхдийнхээ хүсэл бүхнийг биелүүлэх шаардлагагүй. Заримдаа хүүхдэдээд сайн зан төлөвийг хэвшүүлэхийн тулд "муу" эцэг, эх байх шаардлага гарна.
- Дүрмийг гэр бүлээрээ ярилцаж гарга. Хүүхдийнхээ утас хэрэглэх хэрэгцээг сайтар сонсож, аль гарагт илүү цаг хэрэглэх, аль гарагт цөөн цагаар хэрэглэж болох талаар ярилцаж, тохиролцох ёстой. Ярилцаж, тохиролцон шийдвэр гаргах нь хүүхдийн цаашдын амьдрал, ирээдүйн хосын харилцаанд нь ч тустай.
- Хүүхдийнхээ ангийн эцэг, эхийн хурал дээр жирийн утас хэрэглэх уриалга гаргах. Найзууд нь ухаалаг утастай бол хүүхдүүд ухаалаг утас авах хүсэл их төрнө. Иймд ангийнх нь эцэг, эхийн хурал дээр сургуульдаа энгийн утас хэрэглэхийг уриалах нь зүйтэй. Ингэж жигдэрвэл ганцаараа шийтгэгдсэн мэдрэмж авахгүй.
- Хүүхдүүд тодорхой цагт унтдаг болгох. Хүн тодорхой цагт унтсанаар тархи амарч, маргаашийнхаа хийх бүх зүйлд бэлтгэгддэг. Иймд өсвөр насныханд унтахаасаа өмнө ганц цаг утсаа үзэх гэх мэт зүйл байж болохгүй тул 22:00 цаг гэхэд утсаа хол тавиад унтах ёстой гэх дүрмийг баримтлах ёстой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!