Хүн юу мэдэрч байгаагаасаа шалтгаалж, үйлдэл хийдэг үү, эсвэл ямар үйлдэл хийж байгаагаас хамааран сэтгэл хөдлөл өөрчлөгддөг үү?
Энэ асуултад Эми Кадди “The Presence” номоороо дамжуулан тун сонирхолтой хариултыг өгөх болно. Түүнчлэн номын хавтсан дээр бичигдсэнчлэн Их сорилтын өмнө өөрийгөө зоригжуулах аргыг хуваалцах юм.
Номын зохиогч, Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн багш Эми Кадди 2012 онд TEDTalks-д “Таны биеийн хэл хэн гэдгийг тань тодорхойлох боломжтой” хэмээх илтгэл тавьсан нь олон хүний анхаарлыг татаж, түүний илтгэл үзэлтээрээ TEDTаlks-н түүхэнд хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Үзэгч, сонсогчдоос олон санал хүсэлт ирж, өөрсдийнхөө түүхийг хуваалцах болсноор Эми илтгэлийн санаагаа дэлгэрүүлж, энэхүү номыг бичсэн байна.
"The Presence" ном нь 2015 онд хэвлэгдсэн даруйдаа олны таашаалд нийцэж, 34 улсын хэл дээр хэвлэгдэн, сая сая хувь борлогджээ.
“The Presence” номоо Эми Кадди өөрийн түүхээр эхлүүлжээ.
Тэрбээр 19 настайдаа осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авчээ. Үүнээс болж Эми үеийнхнээсээ дөрвөн жилээр хоцорсон ч коллежоо дүүргэж, нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан юм.
Магистр болсныхоо дараагаар тэрбээр судалгаа хийж докторын зэрэг хамгаалахаар Принстонд суралцан, судалгаагаа хийсээр төгсөх дөхсөн үедээ буюу 2004 онд ажилд орох боломж эрэлхийлэн нэгэн томоохон хэмжээний хуралд очжээ.
Тэнд Эми таван жилийн турш хийсэн судалгааны талаар илтгэл тавих зорилготой байв.
Тухайн үед салбартаа цахиур хагалж буй гурван хүнтэй хамт цахилгаан шатанд таарсан бөгөөд энэ үед салбарынх нь хүндэт гурван эрхэм Эмиг өөрийгөө танилцуулж, судалгааныхаа талаар ярихыг хүсдэг. Гэнэтийн тохиолдолд Эми машид сандарч, дорвитой зүйл хэлж чадаагүй аж.
Хэн бүхэнд л ийм зүйл тохиолддог байх. Эмигийн хувьд энэ сандрал нь голчлон эмэгтэйчүүдэд тохиолддог болов уу хэмээн таамаглаж, сандарч мэгдсэн үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулж болохыг судалсан байна.
Түүний дэвшүүлсэн таамаг бол “Хүчирхэг зогсолт” байв. Тэрбээр хүчирхэг байрлалаар зогссоноор сандрал арилж, өөртөө итгэлтэй болох боломжтой гэж таамаглажээ.
Хүний биеийн хөдөлгөөн нь дотоод мэдрэмж, бодол санаа, улмаар ааш занд нөлөөлдөг гэх онолыг Америкийн сэтгэл зүйн шинжлэх ухааны эцэг гэж нэрлэгддэг Уильям Жеймс гаргажээ.
Тайлбарлавал, "Би жаргалтай байгаа болохоороо л дуулж байгаа юм биш. Би дуулж байгаа болохоор аз жаргалтай байна" буюу биеийн хөдөлгөөнөөс хамаарч мэдрэмж өөрчлөгддөг гэсэн үг юм.
Дээрх онолд суурилан Эми өөрийн таамгийг батлахын тулд хүмүүс хүчирхэг байрлалаар болон биеэ хумьж зогссоноор даавар нь хэрхэн өөрчлөгдөж буйг туршжээ.
Туршилтад оролцсон хүмүүсийн нэг хэсгийг 60 секундийн туршид хүчирхэг зогсолттой байлгахад кортизол* 25 хувиар багасаж, тестостерон* 19 хувиар нэмэгдэж, өөртөө итгэх итгэл ихэссэн байна. Түүнчлэн эрсдэл үүрэх чадамж ч нэмэгдэж байв.
Харин нөгөө хэсгийг нь мөн хугацаанд биеэ хумьсан байдалтайгаар суулгах болон зогсооход кортизолын хэмжээ ихсэж, тестостерон буурчээ.
Ийнхүү хүний биеийн хөдөлгөөн нь сэтгэл санаа, дааврын хэмжээг өөрчилж байгааг дээрх туршилт баталжээ.
Түүнчлэн сандарч мэгддэг үедээ 2-3 минутын турш хүчирхэг зогсолтоор зогсож, өөрийгөө зоригжуулахыг зөвлөсөн байна.
*Кортизол-Стресстэй үед үүсэх даавар
*Тестостерон-Өөртөө итгэлтэй, бардам үед ялгарах даавар
Өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон гар утас, компьютерийн дэлгэцээ харах үедээ биеэ хумьсан эсвэл тэлсэн байгаа нь сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгаа мөн Эми Кадди судалжээ.
Хүмүүс ихэнхдээ утсаа харахдаа бөхийх буюу биеэ хумьсан байдалтай байдгийг Эми Кадди iPosture гэж тодорхойлсон байна.
Эми судалгаандаа iPhone, iPad, лаптоп, суурин дэлгэц/дэкстоп/ хэрэглэх үед биед ямар өөрчлөлт гарч байгааг харьцуулжээ.
Ингэхэд дэлгэцийн хэмжээ жижиг байх тусам хүн улам бөхийж, биеэ эвхдэг байна. Удаан бөхийснөөр эрүүл мэндэд хортойгоос гадна биеэ хумьснаар сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдгийг туршилтаар нотолсон үр дүнг дээр дурдсан билээ.
Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө ч анзааралгүй хумьсан байрлалтай байж, мэдрэмжээ сөрөг болгосоор байна.
2012 онд TEDTalks-Д тавьсан Эми Каддигийн илтгэл: