Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Анаашнуудын дунд одой анааш байгааг эрдэмтэд анх удаа илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Африк тивд сүрэглэн амьдардаг анаашнуудын тоо толгойг тогтоох судалгааны үеэр эрдэмтэд хоёр ширхэг одой анааш илрүүлсэн байна.

Тэдгээрийн нэгийг Намибиас нөгөөг нь Угандагаас илрүүлсэн бөгөөд зэрлэг амьтдын дотор маш ховор тохиолддог араг яс, мөгөөрсний гаж хөгжлийн үр дүнд бусдаасаа жижиг биетэй болсныг тогтоосноо BMC Research Notes сэтгүүлд мэдээлжээ.

Нас биед хүрсэн хоёр анааш хоёул богино хөлтэй, нэгнийх нь хүзүү ердийн анаашныхаас богино байгааг хэмжсэн байна.

Ердийн анаашны өндөр 4.8 метр хүрдэг. Харин Намибид амьдардаг анаашны өндөр 2.8 метр, Угандагийн анаашны өндөр 2.6 метр байжээ.

 
Намибид амьдардаг одой анааш
 
Угандад амьдардаг одой анааш

Богино хөл нь тэднийг араатан амьтнаас зугтахад саад болох эрсдэлтэйг эрдэмтэд тайландаа бичсэн байна.

Угандагийн одой анаашийг тэд 2017 онд, Намибийнхийг 2020 оны долдугаар сард анх илрүүлэн судалж эхэлжээ.

Ерөнхийдөө анаашны тоо толгой цөөрч, устахын ирмэгт хүрснийг энэ удаагийн судалгаа харуулсан байна.

Өнөөдөр дэлхий даяар 111,000 орчим зэрлэг анааш үлдсэн бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тоо толгойнхоо 36-40 орчим хувийг алдсан байна.

“Африкийн анааш бол бидэнд анзаарагдалгүй устаж байгаа амьтан юм. Тэдний дунд одой анааш байдгийг анх удаа илрүүлсэн нь бид энэ сайхан амьтны талаар ямар бага мэдлэгтэйг харуулж байна” гэж Анааш Хамгаалах Сангийн захирал Жюлиан Феннесси мэдэгджээ.

 

Эх сурвалж: Mashable