Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баавгай: Оролцоотой байлгах нь хүүхдээ хөгжүүлэх эх үндэс

ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Васт контент продакшн, Тогтвортой хөгжил түншлэлийн “Амгалан дэлхий” ТББ хамтран "Айл гэр" подкастыг эхлүүлээд байна. 
 
Хүүхэд хамгааллын талаар мэдээлэл өгөх зорилгоор "Цаг гаргая” уриатай явуулж буй уг подкастын эхний зочин хүүхэд, гэр бүл судлаач, доктор Х.Баавгайн ярилцлагыг хүргэж байна.
 
Ярилцлагыг үзэх:
 
https://fb.watch/2Suoa7nVvO/
 
-Хүүхдийн оролцоо гэдгийг тодруулбал?  
 
-Гэр бүл гэдэг анхдагч нэгжээс эхлээд нийгмийн амьдралд оролцох хүртэл өндөр шатанд хүүхдийн оролцооны асуудал яригддаг. Хүүхдүүд эвлэлдэн нэгдээд, хүүхдийн өөрөө удирдах байгууллагууд олноор бий болоод хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд, насанд хүрэгчид хүлээж авдаг соёл хандлага бий болоод ирвэл энд хүүхдийн оролцоо маш зөв явж байна гэж ойлгодог. Гэтэл энэ байхгүй болж байгаа нь хүүхдүүд маань үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, энэ оролцооны эрх нь цаашид хангагдах байдал нь хумигдаж байна гэсэн үг.
 
Хүүхдийн оролцох эрх хангагдсанаар бусад эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг. Хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд  нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хүрээнд энэ оролцоог хангах нь чухал.

-Гэр бүл дэх хүүхдийн оролцоо гэж юу вэ? 

-Гэр бүл дэх хүүхдийн оролцоо гэдэг бол хүүхдээ сонсох, хүүхэдтэй харилцан ярилцах, хүүхдийнхээ саналыг сонсохоос эхэлнэ. Ингэж гэр бүл доторх ахуй амьдралын үйл ажиллагаанд татан оролцуулна.
 
Оройн хоолоо хийлээ гэж бодоход тэр хүүхэд ямар хуваарьт үүрэгтэй байх вэ? Төмс ногоогоо арилгах юм уу, гурилаа зуурах уу, элдэх үү гээд ахуй амьдралын явцад хүүхэд оролцож байгаа тэр үйл явц нь цаашаа гүнзгийрээд явж байгаа нь гэр бүлд хүүхдийн оролцоог дэмжиж байгаа нэг жишээ.  
 
-Аав ээжүүд хүүхдийнхээ оролцоог дэмжихийг чухлыг тодруулбал?    
 
-Хүүхэд заавал өөрөө юмыг туршиж хийж байж, заавал өөрөө яагаад вэ гэж бодож, учрыг нь олох гэж оролдсноор дараагийн шинэ ертөнц нь нээгдэж байдаг. Бага насны хүүхэд бол яагаад гээд шууд асуудаг. Дунд, өсвөр насныхан ингэж асуухаа больчихдог. Тиймээс аав ээжүүд хүүхдийнхээ яагаад гэдэг асуулт болгонд нь зөв тайлбар өгч, зөв хариулаад байвал хүүхэд цаашдаа өсвөр насанд хүрсэн ч өөрийнхөө болохгүй, мэдэхгүй байгаагаа  асуусан хэвээр байдаг. Асуулт, хариулт бүрт хүүхэд өөрийгөө танин мэддэг. Гэр бүлийн хүрээнд ээж, аавтайгаа санал бодлоо солилцдог, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг, хийж чадах чадахгүйгээ харилцан ойлголцдог болно. Ингэж гэр бүлд оролцооны суурь нь тавигдсан хүүхэд цаашдаа нийгмийн бусад салбар руу орох оролцоо нь нээлттэй болдог. Бусдыгаа манлайлдаг, бусдыгаа зохион байгуулдаг, бусдынхаа өмнө өөрийнхөө үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаг, эргээд бусад хүүхдээ сонсож, хүлээж авч чаддаг болно. Оролцоо бол хүүхэд хөгжих эх булаг. 

-Гэр бүл дотор, аав ээжүүд хүүхдийнхээ энэ эрхийг яаж дэмжих ёстой вэ? 
 
-Нэг энгийн жишээ хэлье. Хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд ярихад миний хүү зөв ярьж байна, энэ саналыг нь хүлээж авъя гэх зэргээр хүүхэдтэйгээ ярилцаж, сонсож байх хэрэгтэй. Хүүхэд тань тоглоом, хувцас авах гээд сонгож байхад нь чи энийг авахгүй, тэрийг ав гээд шууд тулгах зэргээр харьцаад байвал хүүхэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нь хумигдаад байдаг.
 
Хуучин аав ээжийнхээ үгнээс гардаггүй, үгэнд сайн ордог, томоотой сайн хүүхэд, даруу хүүхэд гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо нийгмийнхээ хөгжлийг дагаад хүүхдийн хөгжил, хүүхдийн идэвх оролцоо, хүүхдийн сонирхол өөрчлөгдөж байна. 
 
Нэн тэргүүнд эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гарга. Тэдэнтэйгээ харилцан ярилцах, санааг нь сонсох нь, хамтдаа тоглох, ном унших гэх зэргээр цаг гаргах нь чухал. Хоёрт хүүхэд юу хийх гэж байна вэ гэдгээс хамаарч материаллаг зүйлсийг нь бэлдэж өгөх хэрэгтэй. Хүүхдийн оролцох юмсан, хийх юмсан гэдэг хүсэл нь тэр хүслээ гүйцээх боломжоо хангуулсны үр дүнд хэрэгждэг. Боломжийг нь хангахгүй, тэрийг нь хаагаад байвал хүүхэд улам бүр дотогшоо болж, өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, идэвхгүй нэгэн болно. Бүр томоор зүйрлэвэл өнөөдрийн нийгмийн амьдралын үр дүнг харвал магадгүй, за энэ сонгуульд би оролцсон ч яахав, оролцохгүй байсан ч яахав гэсэн байдалтай ижил. 
 
-Хүүхдийн оролцох эрхийг тоглоом наадгайгаар дамжуулан хэрхэн хангах вэ? 
 
-Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн оролцох эрхийг тоглоомоор дамжуулж хангана. Тоглоом наадгай нь тэр хүүхдийг цаашид танин мэдэх, хөгжих, хүн болж төлөвшихийн суурийг тавьж байдаг.
 
Монголчуудын хамгийн сайн мэдэх шагайгаар жишээ авъя. Манай аав ээжүүд хүүхдүүдээ хоёр гурван наснаас эхлээд шагай няслахад сургах ёстой. Хүүхэд бүх хуруунуудаараа шагайг зөв няслаж, түлхэж чадаж байвал хүүхдийн гарын жижиг булчин зөв хөгжинө. Гарын жижиг булчин ингэж зөв хөгжсөнөөр хүүхэд сургууль цэцэрлэгт ороход дүрс зурах, зурлага бичихэд бэлэн болж байна гэсэн үг. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэж, оролцох эрхээ хангаж болно.
 
-Энэ хөл хорионы өдрүүдэд гэр бүл хамтдаа өмнөхөөсөө их цагийг хамт өнгөрөөж байна. Энэ нөхцөл байдал, боломжийг хэрхэн ашиглаж болохыг та зөвлөвөл?  
 
-Манай байгууллагаас Монгол гэр бүлийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж нийслэлийн 3500 өрхөд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн нэг сарын хөл хорионы үеэр амьжиргааны доод, дундаж түвшний зарим гэр бүл хуримтлалтай болсон. Гэр бүлийн санхүүгээ хөтлөхдөө хүүхэдтэйгээ хамтдаа хөтлөж, хэмнэж болох зардлаа хүүхдээрээ шийдүүлсэн. Ингэхэд хүүхэд нь аавынхаа тамхины мөнгийг хасах санал гаргаад аав нь хүүгийнхээ саналыг дэмжиж, хуримтлал үүсгэсэн туршлага бий. Энэ маягаар гэр бүл хүүхэд, аав ээж хамтдаа суугаад ярилцаад 20 мянгаас 150 мянга хүртэлх төгрөгийн хадгаламж үүсгэсэн байна. Энд хүүхэд гол тоглогч нь. Гэр бүл дэх хүүхдийн оролцооны бодит жишээ энэ юм. 
 
Бидний боловсруулсан гэр бүлийн хөгжлийн хөтөлбөрт гэр бүлээрээ хамтдаа хийх ажлын хуваарийг долоо долоо хоногоор гаргасан. Нэг долоо хоногт нь хамтдаа тоглох, нэг долоо хоногт нь хамтдаа хоол хийх, нөгөөд нь хамтдаа уншсан номныхоо талаар ярилцах гээд. Ингээд хөгжлийн хөтөлбөрөө хүүхэд удирдаж явуулна. Ийм байдлаар хүүхдийн оролцох эрхийг ээж аавуудад ойлгуулах ажил хийж байна.
 
-Ээж аав, хүүхдүүд мөн ямар үр бүтээлтэй зүйлсийг хамтдаа хиймээр байгаагаа өөрсдөө сонгоод хуваарь гаргаад хэрэгжүүлж болох юм байна шүү дээ. 
 
-Бололгүй яахав. Хүмүүс өөрсдөө гэр бүлийн цагийн хуваарьтаа тааруулаад өөрсдөө зохиож болно. Ялангуяа энэ хөл хорионы үед бүр их боломжтой. Юу сурах вэ, ямар зүйлсийг бүтээлчээр хийх вэ гэдэг дээр тухайн гэр бүлийн онцлог бас их нөлөөлнө. Аав ээжүүдийн ур чадвар, мэргэжил гээд.  Гэр бүлийн боломжийг судлавал асар их. Тэрийг л ашиглах хэрэгтэй. 
 
-Гэр бүл дэх хүүхдийн оролцооны өнөөдрийн түвшинг өнгөрсөн тодорхой хугацаатай харьцуулахад ямар байгаа бол?  
 
-2017 онд хийсэн судалгаагаар эцэг эхчүүдийн 75 хувь нь хүүхдээ яаж хүмүүжүүлэх, тэдэнтэй хэрхэн харилцахаа мэдэхгүй байна гэж хариулсан байсан. Яагаад томчууд хүүхдийнхээ эсрэг сөрөг үйл ажиллагаа хийдэг юм бэ, яагаад хүүхдээ загнаад, хүчирхийлээд байдаг юм бэ гэсэн асуултад судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн талаас илүү нь орчин үеийн хүүхэдтэй хэрхэн яаж ажиллах арга замаа мэдэхгүй байна гэж хариулсан байна. Гэхдээ эцэг эхчүүдийн хувьд мэдэхгүйгээ ойлгож, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилыг эрэлхийлэхэд анхаардаг болж байна. 
 
Монгол улсад нийтдээ 900 мянга орчим өрх, гэр бүл байна. Үүнээс нэлээд хувь нь залуу гэр бүл. Сүүлийн үеийн судалгааг харахад залуу гэр бүлийн хандлага, соёл өөр болжээ. 22-35 хүртэлх насны залуу гэр бүлүүд хүүхдийнхээ ирээдүй, төлөвшилд их анхаардаг болж. 

Хүүхдийнхээ авьяасыг яаж хөгжүүлэх вэ, хүүхдээ яаж чөлөөтэй ярьдаг болгох вэ, хүүхдийнхээ ирээдүйд хэрэгтэй мэргэжлийг сонгуулахын тулд би яаж чиглүүлэх вэ зэргээр мэргэжлийн хүмүүсээс зөвлөмж авдаг болсон байна. Гэр бүл дэх хүүхдийн оролцоог дэмжих тал дээр залуу гэр бүл ингэж хүчтэй гарч ирж байгаа нь нийгэмдээ сайн нөлөөлөл үзүүлнэ гэж бодож байна. 

 
                                                                                             Сэтгүүлч Ц.Мөнхзул