Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Одоогийн байдлаар гадаадаас сайн дураар ирж ажиллах хүсэлт гаргасан эмч алга байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сайн дураараа ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд хүсэлт гаргаж байгаа юу?

-Одоогийн байдлаар эмч, сувилагч, асрагч, ариутгагч гээд эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ хангамж байгаа. Цаашдаа өндөр насны тэтгэвэрт гарсан, сайн дураар ажиллах хүмүүсийн тооцооллыг гаргасан. Нөөцөнд байгаа хүмүүсийг халдварын үед ажиллахад сургах ажлыг ЭМЯ-наас зохион байгуулж байгаа.

Дэлхий дахинаараа коронавирустэй дасан зохицож амьдрах шаардлага үүсэж байгаа учраас эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөцийн асуудал маш чухал. Коронавирустэй тэмцэх сэргийлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудаа давтан сургалтуудад хамруулах шаардлагатай.

Миний мэдэж байгаагаар одоогийн байдлаар гадаадаас сайн дураар ирж ажиллах хүсэлт гаргасан эмч, эмнэлгийн ажилтан алга байна. Харин гадаадад байгаа эрдэмтэн, судлаачид  маань цахимаар холбогдож санал зөвлөмжөө хэлж байгаа.

-Гэрийн тусгаарлалтад гарсан иргэдэд хэрхэн хяналт тавьж байгаа вэ, халдвар тараах эрсдэлгүй гэж үзэж болох уу?

-Эдгэрээд гэрийн тусгаарлалтад шилжсэн хүмүүсийг аюулгүй гэж үзэж байгаа. Гэр бүлийнхэн нь айж, цэрвээд байх шаардлагагүй. Гэхдээ халдварт өвчин эдгэрсний дараа баримтлах дэглэмийг өвдөөд эдгэрсэн хүн болон гэр бүлийнхэн нь баримтлах зөвлөмжийг өгч байна.

Дэлхий дахинд эргэн өвчилсөн цөөн тохиолдол гарсан. Тухайлбал, Египетэд коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрээд эмнэлгээс гарсан хүн 40 гаруй хоногийн дараа мутацид орсон вирусээр халдварлаж эндсэн тохиолдол гарсан байсан. Өвдөөд эдгэрсэн хүний хувьд мутацид орсон вирусээр өвчлөх эрсдэл байна хэмээн үзсэн судалгаанууд байна.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/140085991219713
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.