ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-COVID-19-ийн өвчтөнүүдэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмчилгээ хийж байгаа юу?
Д.Нарангэрэл: - Уламжлалт анагаах ухааны чиглэлээр манай эмнэлгийн тусламжийн газар болон ЭМЯ-ны эмнэлгийн зөвлөх баг ажиллаж байгаа. Мөн манай ардын эмнэлгийн эмч нар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмж зөвлөгөө ч өгч байсан.
Манай уламжлалт анагаах ухаан бол дэлхий дахинд хосгүй анагаах ухааны нэг. Уламжлалт анагаах ухаан бол ялангуяа биеийн эсэргүүцэл сайжруулах, дархлааг дэмжихэд үнэхээр үр дүнтэй.
Иймд ЭМЯ-наас аарц, чацаргана, барагшуун, хунчир хэрэглэх зэргээс эхлээд цэгэн иллэг хийх гэх мэт уламжлалт аргуудаас зөвлөж байгаа хэрэг.
-Өвчтөнүүдээс амьсгалын аппаратад орсон тохиолдол бий юу?
Д.Нарангэрэл: Монгол Улсад 428 ширхэг амьсгалын аппарат бий. Цаашдаа бид амьсгалын аппаратын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор коронавирусийн халдвар авсан хүмүүсээс амьсгалын аппаратад орсон хүн байхгүй.
-БНХАУ-аас ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэм алдсан гэдэг нь үнэн үү. Мөн Дархан-Уул аймагт 11 сарын 6-нд болсон Төмөр замчдын тэмцээнд ОХУ-аас хүмүүс ирж оролцсон гэсэн мэдээлэл байна. Тухайн хүмүүсээ сайн тогтоож шалгасан уу?
А.Амбасэлмаа: -Хятад улсаас орж ирсэн иргэдийг мөн л бид орж ирэхэд нь шинжилгээ хийж, 21 хоног тусгаарлаж, хяналтдаа авч явсан.
Харин төмөр замчдын тэмцээний үед ганц хоёр ОХУ-ын иргэн байсан. Тэдгээр хүмүүс тухайн үедээ эрүүл мэндийн шинжилгээтэй байсан учраас түүгээр дамжиж халдвар орж ирсэн гэж хэлэхгүй.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!