Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна"

ikon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“Алтан судал” киноны зохиолч, найруулагч Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. 

- “Алтан судал” бол монголчуудын нүүдлийн ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан таны дөрөв дэх уран бүтээл. Хориод жилийн өмнө хийж байсан анхны бүтээлээс чинь энэ кино чухам юугаараа ялгарах бол. Кино хийх сэдэл хаанаас төрөв?

- Улс оронд минь үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал энэхүү киног хийх гол хөшүүрэг болж өгсөн. Тэгээд Би Эва Кэмм, Ансгар Фрерих нартай өөр нэг уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаад нутагтаа буцаж ирээд байсан үе. Тэр үед “Алтан судал” киноны санаа орж ирсэн. Байгалийн баялгийг хайр найргүй ашиглаж, уламжлалт нүүдэлчин ахуй соёл маань бага багаар бүдгэрч байгаа тухай өөрийн үзэл бодлоо уран бүтээлээрээ дамжуулан хүргэхээс өөр зам надад байхгүй санагдсан. Усны ундарга татарч, газар шороо сүйдэж байна. Бага балчир байхад бараг гараа дүрээд л баригддаг байсан загас, жараахай цөм үгүй болж. Надад өөр сонголт байхгүй, энийг хийх нь миний үүрэг гэж би ойлгосон.

- Өмнөх бүтээлүүдийг тань үзэгчид хэрхэн хүлээж авч байв?

- Бүтээл маань үзэгчдийн хүртээл болсны дараа эсвэл танилцуулгаа гаргасны дараа олон хүн надад хандаж байгаль дэлхийтэйгээ зохицож амьдрах нь энгийн хэрнээ амьдралын утга учир гэж ойлгодог тухайгаа ярьдаг. Өөрсдөд нь үгүйлэгддэг зарим нэг зүйлсийг миний бүтээлээс олж харсан байх. Би өөрөө ч нүүдэлчин амьдралын хэв маягийг түлхүү харуулахыг зорьдог уран бүтээлч л дээ. Хамгийн хачирхалтай нь олон монгол хүн, герман дахь амьдралыг мөрөөддөг юм билээ. Хүн өөрт байхгүй зүйл рүүгээ л тэмүүлдэг бололтой.

- “Алтан судал” киног үзсэн хүмүүс юуг ойлгож аваасай гэж та хүсэж байна?

- Өнгөрсөн 25 жилийн хугацаанд байгалийн баялагтай холбоотой асуудал манай улсад хурцаар тавигдсаар ирсэн. Монгол улсыг, түүхий эд нийлүүлэгч гэсэн статус дээр нь гацааж, хөгжиж дэвших замыг нь хаах сонирхол томоохон улс гүрнүүдэд байдаг байх. Монголчуудад сэрж санахад нь нэмэр болж, улс орноо үгүйрэн хоосрох аюулд үл автуулахын төлөө зүтгэх сэдэл өгөх үүднээс бүтээлүүдээ туурвидаг. Бид зүгээр ч нэг түүхий эд нийлүүлдэг улс орон биш гэдгээ батлан харуулаасай.

Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа өнөө цагт, эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүндлэн дээдлэхийн ухааныг Монголчууд дэлхий нийтэд ойлгуулж чадна гэж би итгэж байна. Түүнчлэн бид уламжлалт энэ үзэл санаагаа эдийн засгийн болоод аж үйлдвэрийн гээд аль ч салбарт үр өгөөжтэйгөөр ашиглаж, үнэ цэнийг нь өөрсдөө ч ухаж ойлгох хэрэгтэй. Шинэ уран бүтээлийг минь үзээд, эх нутгийн минь үзэсгэлэн гоог тольдож, монгол хүмүүс байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалж тэмцдэгийг олж харна гэж найдаж байна. Эх дэлхий маань хэрхэн эвдэрч сүйдэж байгааг бид бүхэн харж, сонсож байгаа. Хүн нэг бүр хичээх цаг болсон.

 

- Уул уурхай, ялангуяа Монгол дахь алт олборлолт, хүрээлэн буй орчин болон хүн зонд ноцтой аюул дагуулж байгаагийн тод жишээ болж байна. Себастиян Салгадогын Бразил улс дахь ийм нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургуудаараа алдартай. Гэрэл зургуудыг нь ч “нийгэмд хандсан баримтат кино” гэж нэрлэдэг. Таны уран бүтээлүүд дээр баримтат болон зохиомол дүрслэл, аж байдал хосолж байдаг. Та өөрийнхөө бүтээлийг хэрхэн тайлбарлах вэ?

- Говьд байгаа элсний жижигхэн ширхэг, чухам яаж дэлхий ертөнцийг дүрсэлж харуулдаг зэрэглээ болж хувираад байгаагийн учрыг хүүхэд байхдаа гайхаад бардаггүй байж билээ. Би уран бүтээлдээ элсний ширхэг шиг өчүүхэн бага хэсэг шиг нэгэн гэр бүлээр дамжуулан дэлхий ертөнцийг бусдад үзүүлж харуулахыг хичээдэг. “Алтан судал” кинонд бодит нөхцөл байдал дээр үндэслэсэн үйл явдлын тухай өгүүлнэ. Үнэндээ, гадна зураг авалтад зориулж тусгай тайз засах шаардлага бидэнд гараагүй. Бүгдийг нь бараг л бодит байдал дээр, газар дээр нь авсан гэж хэлж болно. Олборлолт явуулж байсан талбайн ойролцоо киноны зургийг авсан.

Кинон дээр гардаг толгодын орой дээрх тэр мод, олборлолт явуулах зөвшөөрөл бүхий талбай болон зөвшөөрлийн бичигт хамрагдаагүй талбай хоёрын яг зааг дээр ургасан байсан. Мөн зарим нэг хэсэгт тусгай эффект ашиглахаар төлөвлөж байсан ч тэгэх шаардлага гараагүй. Бидэнд хэрэгтэй өгөгдлүүд бэлэн байж таарсан. Кино хийж байгаа хүний хувьд завшаантай хэрэг ч гэлээ, монгол хүний хувьд эмгэнэлтэй хэрэг байлаа. Энэ бол дан ганц газар шороог хууль бусаар ухаж төнхөөд байгаа асуудал биш. Бидний уламжлал, соёл устаж үгүй болох аюулын харанга дэлдэж байгаагийн нэг илрэл. Оршин байгаа хүрээлэн буй орчин үгүй болохтой зэрэгцэн бидний соёл, байгалийн тухай мэдлэг устаж үгүй болж байгаа хэрэг юм.  

- Та элсний ширхгийг гэр бүлтэй холбож ярилаа шүү дээ. Таны хийсэн бүтээлүүд бүгд гэр бүл, ёс заншил, уламжлалын тухай сэдэвтэй байдаг. Таны кинонуудад гардаг хүүхдүүдийн дүрээс бяцхан үзэгчид  киноны гол санааг энгийнээр ойлгож хүлээж авах боломжтой гэдэг утгаараа таны кино гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан кино байх боломжтой. Таны киног гэр бүлээрээ, хэдэн үеэрээ сууж үзэх нь таны хувьд чухал уу? Эсвэл таны кинонд гардаг гэр бүл нийгэм гэдэг том зүйлийн нэгэн жижигхэн эд эсийг төлөөлж байгаа гэдэг санааг харуулахыг зорьдог юм уу?

- Аль аль нь. Хүн байх нь гэр бүлээс эхтэй. Бид нийгмийн нэг хэсэг болохын тулд бусдын шаардлагад нийцэж байх хэрэгтэй болдог. Гэтэл тэр үед хүн гэдэг амьтан хэдийнээ өөрийн гэсэн ухаан бодолтой болчихсон байдаг. Хүмүүс гэр бүлээрээ, бас хөгшин залуу гэлтгүй, бүгд киног минь үзвэл миний зорилго биелэх нь тэр. Үе үеийнхэн хоорондоо харилцаатай байх нь миний хувьд их чухал, мөн ахмад настнууд хүүхдийн нүдээр өөрсдөдөө дүгнэлт хийх нь чухал. Тийм ч учраас миний хийсэн киноны гол дүр нь бүгд жаахан хүүхдүүд байдаг. Би итгэл найдварын үр тарихыг хүссэн. Хүүхдүүд хүсэл тэмүүлэл, зориг зүрх, хурц ухаантай байж гэмээ нь дэлхий ертөнц маань өөрчлөгдөх эхлэл тавигдах юм.

Гэхдээ том болсон бидэнд ч бас үүрэг хариуцлага бий. Хал үзэж хашир суусан ахмад үеийнхэн болон дэд бүтцийг бүрдүүлж байгаа дунд үеийнхний харилцаа л тогтвортой эерэг өөрчлөлтийг авчирч чадна. Миний кинонууд олон жилийн турш хадгалагдаж ирсэн уламжлалаас сайн зүйлийг нь авч, түүнийг орчин үеийн шинэ зүйлтэй хослуулж нэгтгэх тухай юм. Би үүнийг ахиц дэвшил гэж боддог. Би ахиц дэвшлийг буруушаадаггүй. Тийм ч учраас анхны кинонд маань гардаг хүү киноны төгсгөлд зурагтын өмнө сууж байгаагаар төгсдөг бол, энэ киноны дүр Амараа маань барууны хүүхдүүд шиг, гар утсан дээрээ найзуудтайгаа тоглоом тоглож байгаагаар гардаг.

 

- Таны өмнөх кинон дээр гардаг гэр бүл, мөн таны сүүлийн бүтээл болох “Алтан судал” дээр гарч байгаа гэр бүл ямар чухал үүрэг гүйцэтгэж байгаа вэ? Хэнээр юуг харуулахыг зорьсон бэ? Мэдээж эх эцэг хүмүүс, үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдэдээ хайр халамж хүртээн, хариу хүндлэл хүлээж байгаа байх. Гэхдээ таны өгүүлж буй энэ түүхэнд хүн тус бүрийн дүр ямар чухал үүрэгтэй гарсан бэ? Тэдгээр дүрүүд хэрхэн байгаль орчинд хэрэгтэй чухал зүйлсийг, хүмүүсийн амьдралтай уялдуулж өгсөн бэ? 

- Монголын нүүдэлчин гэр бүлийн үүрэг Европын гэр бүлээс ялгаатай. Ээж нь гэр орныхоо аж ахуйг зохицуулдаг бол, аав нь гэрийн гадуурх ажлаа зохицуулна. Дан ганц үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлснээр нүүдэлчин эмэгтэйн түүхэн үүрэг хязгаарлагддаггүй.Эрчүүд нь дайчид,энхийн цагт ан гөрөө хийж үргэлж байлдааны бэлэн байдалд байна.Ийм эрчүүд өрхийн аж ахуйд тэр болгон оролцоод байх завгүй. Иймээс  Монгол эмэгтэйчүүдийн гарт өрхийн эдийн засаг төвлөрдөг.Үүгээрээ суурин иргэншилтэй бусад эмэгтэйчүүдээс ялгардаг.

Ихэнх соёл иргэншилд эмэгтэй хүн туслах үүргийг гүйцэтгэдэг. Харин монгол эмэгтэйчүүдийн хувьд, үр хүүхдээ өсгөж, гэр доторх халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эдийн засгаа зохицуулж авч явж чаддаг.

- Өдөр тутмын нүүдлийн амьдрал аж үйлдвэржилтийн өмнөх үеийг бодвол хэр их өөрчлөгдсөн бэ? Та бидэнтэй нүүдлийн амьдралтай байсан өвөө эмээгийнхээ туршлагаас хуваалцахгүй юу? 

- Нүүдлийн амьдралд шинэ болон хуучин үеийнхэн хоорондоо хэлхээ холбоотой байх нь үнэхээр чухал зүйл юм. Иймэрхүү үзэгдэл Европын нийгэмд материаллаг түвшинд дарагдан маш эрчимтэйгээр буурч яваа. Энэ байдлаас болж үе дамжсан уламжлал замхрахад хүрч байгаа юм. Нүүдэлчид, хэдэн мянганы турш, байгаль орчинтойгоо, хол ойрын хөршүүдтэйгээ эв найрамдалтай амьдарч ирсэн. Нүүдэлчид, суурин газарт амьдарсаар ирсэн Европчуудаас ялгаатай. Нүүдэлчид улиралдаа тохируулан өөр өөр газар мал сүргээ бэлчээдэг.

Нүүдэлчин айл буйраа сэлгээд нүүсэн бол та тэр газраас тэднийг хайгаад олохгүй. Нүүдлийн амьдрал бол багийн ажиллагаа. Нүүдэллэн амьдарснаар хамтран ажиллах арга ухаанд суралцана. Танихгүй хүмүүс ч мөн нэг нэгэндээ тусалж, мэдлэг чадвараа хуваалцдаг. Ийм зүйл барууны соёлд дутагдаад байгаа. Баруунд ахмад үеийнхний туршлага залуу үедээ дамжиж чадалгүй үгүй болдог. Дэлхий ертөнц хумигдан байгаа энэ үед, ийм зүйл Улаанбаатар хотод ч мөн адил анзаарагдах болсон.

 

- Таны кинонд гардаг дуу хөгжим мөн л Монголын амьдралыг өгүүлэн харуулдаг. Та өөр нэг ярилцлагадаа “ Сайхан хөдөө тал нутгийн амьдралаа дагасан монголчуудын цусанд дуулах авьяас бий. Магадгүй дуулах нь, байгальтай зохицон амьдрах гэсэн хүмүүний нэг арга байх” гэж хэлж байсан?

- Дуу дуулах, түүх ярих нь Монгол ардын урлагийн нэг байгаад зогсохгүй, мэдлэг мэдээлэл дамжуулах чухал үүрэгтэй байсан юм. Домог яриа, ардын дуу нь хэзээд нийгмийн ёс заншил, дүрэм журмын үндэс суурь байсаар ирсэн. Хүүхэд бүр Алунгоо эхийн домгийг мэднэ. Ганц сум амархан хугарч, харин багц сум хугарахгүй байгааг харуулдаг. Ямар ч нөхцөл тулгарсан, тэр асуудалд таарсан дуу, түүх байж л байдаг. Тэднийг Монголын сургамжит өгүүллэгүүд гэж болно. Одоо үед, хотод амьдардаг монголчуудын амьдрал их өөрчлөгдсөн. Олонх хэсэг нь жижигхэн орон сууцанд 4 хананы дунд хашигдаж амьдардаг. Хотын оршин суугчид долоо хоногт дор хаяж нэг удаа караоке бар орцгоодог. Яг л хөдөөгийн айл бүр гар утастай болсон шиг. Бас хөдөө орон нутагт сайн сүлжээтэй болсон.

- Дүрийн сонголт явагдаж байхад, нүүдэлчин хүүхдүүд бүгд дуу дуулж, морь унаж чадаж байсан гэж продюсерууд хэлж байсан. Энэ нь барууны соёлоос эрс тэс ялгаатай сонсогдож байна. Монгол бол байгаль, соёл хоёр нь нэгэн цогц болсон газар бөгөөд өлгийтэй байхаасаа эхлээд хүүхдүүд үүнийг үнэн мөн чанар гэж ухаарч өсдөг.

- Тийм ээ, тэр үнэн. Уртын дуу нь дууны анхны хэлбэр. Аливаа амьтдын гаргаж байгаа дуу авианаас үүдэлтэй юм. Миний хувьд, уртын дуу нь Монголчууд байгальтайгаа ойр байсаар ирснийг илтгэж өгч байгаа хэлбэр гэж боддог. Гэсэн хэдий ч хүүхдүүд, миний кинон дээр харуулсан шиг, орчноо анзаарах сөхөөгүй гар утсаараа тоглож, “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийг үзсээр байгаа. Энэ нь бидний өдөр тутмын амьдралд, уламжлал, ёс заншил болон медиа интертэймент зэрэгцэн оршиж байгааг харуулсан юм. 

- Амараад зориулсан дуу “Алтан судал” кинонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Та энэ дууг яаж олсон бэ? Энэ дуу Монгол түмний сайн мэддэг дуу юу?

- Үгүй, энэ дуу өмнө нь байгаагүй. Энэ бол зохиолын нэг хэсэг. Киноны эхэнд гарч байгаа үгийг би удаан хугацаанд бодож явсан. “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна.” Зураг авалт эхлэхээс өмнө, бид хөгжмийн зохиолч, дуучин Лхагвасүрэнгээс  энэ үгэнд тохирсон шүлэг бичиж өгөхийг хүссэн юм. Үүний дараа Лхагвасүрэн ах голын эрэг дээр 2 долоо хоног амрах явцдаа, “Алтан судал” дууг зохиосон. Монголчууд энэ дууг сонсоод, өмнө нь сонсож байсан дуу шиг байна гэцгээж байсан.

Би кино зохиолоороо дамжуулж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн мэргэн ухаан болон өв уламжлалыг дараа үедээ таниулан өгөхийг зорьсон. Амараа “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт орох үед уламжлал болон орчин үеийн медиа хоршиж ирдэг. Би алтны судлын тухай харанхуй бараан зүйл яримааргүй байна. Харин миний киноны гол дүрийн жаал хүү, үзэгчдэд эх орноо хамгаалж үлдэх боломж байгаа гэсэн итгэл найдвар төрүүлээсэй гэж хүсэж байна.

Киноны трейлэр: