Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халжээ.
Энэ талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Бид үйл ажиллагаа явуулах 25 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн маш олон хохирогчтой таарсан. 2004-2008 онд л гэхэд шүүх эмнэлгийн асуудлаас болж хэрэг нь шийдвэрлэгдээгүй 36,000 хүн байсан. Яагаад шүүх эмнэлэг бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүсээс төлбөр авах ёстой гэж, тэр нь хуульд нийцсэн шударга зүйл үү гэдэг асуудлаар бид нэлээд ажиглаж, үнэлэлт дүгнэлт хийж ирсэн" хэмээн “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн захирал Н.Арвинтариа мэдээллийн эхэнд хэлэв.
Мөн тэрбээр "Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/115, А/176, 142 тоот тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмаар бэлгийн гэмт хэргийн үзлэг хийхэд 10,000 төгрөг, гэмтлийн зэрэг тогтооход 8,000 төгрөгийн төлбөр тогтоосон нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, тэдний хуулийн хамгаалалт авах, хохирол, нөхөн төлбөрөө төлүүлэх боломжийг алдагдуулж, зарим тохиолдолд ял завших боломж олгож байсан юм.
Шүүхийн шинжилгээний тухай хуульд “Шүүхийн шинжилгээний байгууллага улсын төсвөөс санхүүжнэ” гэж заасан атал үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэх үйл ажиллагааг нь үйлчилгээний төрөлд тооцож, төлбөр тогтоосон нь буруу гэж үзэн уг зохицуулалтыг хүчингүй болгуулахаар 2017 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Үүний дараа төлбөрөөс болж хохирсон олон кэйс гарсан.
Ийнхүү явсаар Улсын дээд шүүхээс бэлгийн гэмт хэргийн үзлэгийн төлбөрт 10,000 төгрөг хураадаг зохицуулалтыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр бэлгийн гэмт хэргийн хохирогчид шударга ёсыг хүртэх боломж дээшилж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн тэр дороо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй бол ул мөр нь амархан арилдаг. Гэмтлийн зэрэг тотоох үзлэг дээр 8,000 төгрөг авдаг зохицуулалт хуучин хэвээрээ" гэв.
Монголын Хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч С.Дондов "Аливаа хүчирхийллийн хохирогч хэн ч байж болно. Энэ хүмүүсийн найдвартай, хуулийн хувьд, эдийн засгийн хувьд баталгаатай байх боломжийг төр бүрдүүлнэ. Гэтэл төлбөр авч байгаа нь шударга бус юм. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өнөөдрөөс эхлэн уг зохицуулалт хүчингүй болсон хуулийн зохицуулалт мөрдөгдөж эхэллээ. Ард түмний эрх ашгийн төлөө хуулийн хяналт сайн байх ёстой. Хуульчид бас уг асуудлыг сайтар анхаарах хэрэгтэй” гэв.
Мөн "Цагдаа нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос мэдүүлэг авах арга нь харьцангуй өөрчлөгдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчоос мэдүүлэг авахдаа тусгай өрөө ашиглаж болно гэж заасан байдаг. Зарим тохиолдолд тусгай өрөөтэй болсон. Бага насны хүүхдээс тэр өрөөнд мэдүүлэг авдаг. Ер нь төр гэмт хэргийн халдлагад өртсөн хэнээс ч төлбөр авч төсвийн эх үүсвэр болгон гэдэг байж болохгүй асуудал” гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн захирал Н.Арвинтариа мэдээллийн төгсгөлд хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!