Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрч, 19%-аар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

2020 оны гуравдугаар улирлын байдлаар банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ДНБ-нд эзлэх хувь 14%-д хүрсэн болохыг Санхүүгийн зах зээлийн 2020 оны гуравдугаар улирлын тоймыг СЗХ-ноос танилцуулах үеэр онцоллоо. 

Үүнд, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ голлон нөлөөлжээ. 

Санхүүгийн зах зээлийн мэдээллээс харвал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөгт хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна.

Хөрөнгийн зах зээлд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 40.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Тодруулбал,

  • 85.4% нь хувьцаа хэлбэрээр
  • 13.1% нь компанийн бонд
  • 1.4% нь Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гарсан аж. 

Харин даатгалын компаниудын нийт хөрөнгө 390.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 4.6%-аар өссөн. Салбарын нөөц сангийн хэмжээ 180.5 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 6.3%-аар өссөн гэдгийг мэдээлэв. 

533 ББСБ нийт 2.6 сая харилцагчдадаа үйлчилгээ үзүүлсний 90% нь финтекээр зээл авжээ. Түүнчлэн 2020 оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 19%-аар өсжээ. Тус салбарын зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөгт хүрээд байна.

Харин чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өсөж, 9.4 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 2 пунктээр буурч 0.9%-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар ББСБ-ын нийт зээлдэгчдийн тоо 551,977-д хүрээд буй. 

ХЗХ-дын тоо өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 248-д хүрсэн бөгөөд 73,182 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрсэн бахадгаламжийн хэмжээ 163.6 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байгаа аж.

Түүнчлэн тайлант улиралд 16.8 их наяд төгрөгийн алт, мөнгө худалдан авч, 291.3 тэрбум төгрөгийн алт, мөнгөний борлуулалт хийжээ.

Түүнчлэн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид 450.1 сая төгрөгийн алтан эдлэл, 146.3 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан авч, 751.6 сая төгрөгийн алтан эдлэл, 257.6 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан борлуулсан байна.