Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн зургаан хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, өнөөдөр албан ёсоор гэрчилгээгээ гардан авлаа.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн зургаан хөтөлбөр:
Дээрх зургаан хөтөлбөр нь Европын холбооны "ASIIN" байгууллагаар таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж байгаа юм.
Ийнхүү магадлан итгэмжлэгдэх шалгуур стандартыг хангаж, гэрчилгээгээ гардан авснаар тус сургуулийг дээрх зургаан хөтөлбөрөөр суралцаж төгсөх оюутнуудын диплом олон улсад хүчин төгөлдөр боллоо.
Үүгээр зогсохгүй магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр сурч төгссөн оюутнууд маань бусад шаардлагаа хангаж байвал олон улсад ажиллах, мэргэжил дээшлүүлэх бүрэн боломж нээгдэж буйг МУБИС-ийн захирал Д.Мандах гэрчилгээ авах арга хэмжээний үеэр онцоллоо.
Мөн тэрбээр “МУБИС нь улсдаа багш бэлтгэж байгаа. Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас гэдэг. Багш нарын чанарыг дээшлүүлж, хөтөлбөрүүдээ судалгаанд үндэслэн байнга шинэчлэх ёстой. Оюутнууд маань ч нийгмийн хөгжлийн чиг хандлагыг даган суралцах хэрэгтэй.
Энэ удаа Герман улсад төвтэй олон улсын "ASIIN" хэмээх магадлан итгэмжлэх байгууллагаар магадлуулж, гэрчилгээгээ авч байгаад баяртай байна. Тус байгууллага нь байгалийн ухааны чиглэлээр дагнаж ажилладаг бөгөөд хэд хэдэн багцтай 30 гаруй үзүүлэлтээр шалгадаг. Гэрчилгээ авч байгаа энэ үйл явдал ганц МУБИС-ийн бус Монголын их, дээд сургуулиудын дунд орж буй өөрчлөлт шинэчлэлийн асуудал билээ.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд сүүлийн үед дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүд байгалийн ухааны чиглэлийн хичээл сонгох нь багасаж байна гэх ерөнхий судалгаа бий. Байгалийн ухааны чиглэлээр анхан шатны мэдлэгийг олж аваад, техник технологийн тусламжтайгаар илүү гүнзгийрүүлж судлах шаардлагатай байгаа" гэв.
МУБИС-ийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаа "Багш боловсролын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Яагаад гэвэл Монгол Улсын хэмжээнд багш бэлтгэх хөтөлбөрүүд анх удаа олон улсад магадлуулж байгаа юм. Энэ зургаан хөтөлбөрийн тухайд манай улсын боловсролын тогтолцоонд хамгийн олон цагаар тасралтгүй үздэг гол хичээлүүд юм” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!