Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОРУМ: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба инновац

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 29
Сурталчилгаа

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран КОЙКА-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төслийн хүрээнд "БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД БА ИННОВАЦ" форумыг 2020 оны 10-р сарын 7-нд амжилттай зохион байгууллаа.

Форумыг нээж МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал үг хэлэв. Тэрээр:

Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулах нь зөвхөн гарааны бизнест хөрөнгө оруулах, санхүүгийн хувьд эхлэх хөрөнгө өгнө гэдэг асуудал биш. Энэ нь боломжийн тэгш бус байдал, ялгаатай хэрэгцээ, ялгаатай хүчин зүйл зэргийг цуг харгалзахыг хэлэх юм. Учир нь эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд хараат бус байна гэдэг нь жендэрийн эрх тэгш байдал хангагдах суурь гэж үзэж байна.

Мөн Форумын үндсэн илтгэлиийг “Энтрепренер эмэгтэйчүүд & Инновац” сэдвийн хүрээнд Стартап Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал З. Уянга танилцуулсан. Илтгэлийн гол агуулгад:

Дэлхий ертөнц, нийгэм маш их хувьсан өөрчлөгдөж, урьдчилан тааварлаагүй шинэ нөхцөл байдал, түүнийг дагасан хэрэгцээ, бэрхшээлийг шийдэхэд ИННОВАЦ маш чухал болж байна.

Өнөөдөр хүний амьдралд ээлтэй биш бол түүнийг хөгжил гэж нэрлэхгүй. Хөгжлийг хүний эрх, амьдралын чанартай уялдуулан бид авч үзэх шаардлагатай. Үүнийг дагаад бид инновацыг юу гэж харах ёстой гэвэл хүний амьдралын чанарт эерэг өөрлөлт бий болгож байгаа, хүндээ ээлтэй, нийгэмдээ ээлтэй тэр шийдэл, санал, санаачилга гэж харж болно.

Инновац, технологийн дэвшил, тойрог эдийн засаг, блокчейн зэргийг ярихаар нэг л хийсвэр хол зүйлүүд шиг санагдаж болно. Гэхдээ инновац бол бидний амьдралаас тийм хол зүйл биш. Заавал том зүйл хийж байж инноваци хийж байна гэж хэлэх шаардлагагүй тодорхой асуудал дээр, тухайн бүтээгдэхүүн дээр, хүргэж буй үйлчилгээ эсвэл явуулж буй тэр үйл явц дээрээ гаргаж ирж байгаа зөв нийцтэй шинэ санааг бид нар инноваци гэж ойлгож болно.

Нэг жишээ дурьдахад: Эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны маш том ололт бол MRI аппарат байгаа. Энэхүү аппартыг зохион бүтээсэн хүн эмнэлэгүүдээр явж аппарат нь хүний эрүүл мэндэд хэр их тусламж үзүүлж буйтай танилцаж яваад нэг зүйл ажигласан. Хүүхэд MRI аппаратад ороход маш их айдастай байдгийг олж мэдсэн. 10 хүүхдийн 8 нь тайвшруулах тариагаар тариулж уг аппаратад ордог болохыг олж тогтоосон. Зохион бүтээгчийн хувьд энэ бол асар аймшигтай зүйл байсан. Өөрийнх нь бүтээсэн тэрхүү инновацлаг зүйл нь хүүхдүүдэд ямар мэдрэмжийг төрүүлж байна вэ? Би юуны төлөө энэ технологийг бий болголоо гэдгийг эргэж харах болсон . Үүнд ямар арга хэмжээ авсан гэхээр Стэнфорд их сургуулийн хүмүүстэй хамтран дизайн сэтгэлгээний аргачлалыг ашиглан MRI-ийг хэрхэн хүүхдэд ээлтэй болгох талаар ажиллаж эхэлсэн. Дизайн сэтгэлгээний аргачлалыг бүтэн тойргоор нь ашиглан хүүхэд, эцэг эхчүүд, эмч нартай гээд бүхий л талын төлөөөлөлтэй хамтран ажиллаж олон янзын туршилт хийсээр эцсийн бүтээглэхүүн нь хүүхдэд ээлтэй MRI болсон.

Инновацыг хөгжүүлж, амжилттай хийж чадах хүмүүс бол эмэгтэйчүүд. Учир нь нийгэмд, ажлын байранд, гэр бүлдээ ч тэр хүмүүсийн сайн сайхан байдлыг бид үргэлж нэн тэргүүнд бодож явдаг хүмүүс бол эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд бизнес эрхлэн амжилт гаргаж манлайлахын тулд өөрийгөө өөрчлөх шаардлагагүй, өөрөөрөө байж, өөртэй итгэлтэйгээр хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй. Ингэснээр бид өөрсдийн хүрээнд болон цаашлаад нийгэмд өөрсдийн арга барилаараа эерэг өөрчлөлт бий болгоно.

Хөгжил дэвшил, өөрчлөлт, цэцэглэлтийг дагаад манлайллын хэв шинж мөн өөрчлөгдөж байна. Манлайллын уламжлалт загвараас илүү хамтын манлайлал болох хамтрах, бие биенийгээ дэмжих, нөхөж ажиллах, мөн өрсөлдөхөөс илүүтэй хамтран ажиллах зэрэг шинэлэг арга барилыг чухалд тооцогдож байна.

Эмэгтэйчүүдэд бизнесийн орчин хэр таатай байна, систем нь дэмжлэг үзүүлж чадаж байна уу? Үүнд мөн бид хувь нэмрээ оруулж чадаж байна уу? Зэрэг асуултын байнга бид асууж энэ талаар шинжилж байх нь бизнесээ ахиулж, хөгжүүлэхэд нэн чухал юм. 

Форумд оролцсон панелистуудын хүргэсэн гол санаануудаас:

М.Золзаяа, Иромакс ХХК-ын Гүйцэтгэх захирал: Технологийг бид тултал нь ашиглах хэрэгтэй. Тэгж бид нар цаг хугацаа, хөдөлмөрөө хэмнэж, хөнгөвчилж чадна. Ажлаа хялбаршуулах шаардлагатай. Тэр дундаа Монголд бол технологийг сайн ашиглах хэрэгтэй. Манай улсын хувьд газар зүйн хувьд тархай, бутархай ихэнх бизнесүүд Монголын зах зээлээс гэхээс илүү Улаанбаатарын зах зээлээр л хязгаарлагдаж байна. Монголын зах зээл болгъё гэвэл бид технологийн тусламжтайгаар Монголын бүх өнцөг, булан бүрт хүрэх хэрэгтэй. Өөртөө тохирсон технологийг ашиглах хэрэгтэй, ижил сонирхолтой хүмүүсээ олж нэгдэх хэрэгтэй.

Эмэгтэй хүн өөрөө, өөртэйгээ шударга байх хэрэгтэй. Хамтын манлайллаа олж харах. Өөрийнхөө дутууг нөхөх хэмжээний хүмүүсээр багаа бүрдүүлэх. Багийнхантайгаа үзэл бодол нэтгэх, ашиг сонирхол биш. Багийн нэгдэл бий болгох, түүн дээрээ суурьлаад бие биенийгээ нөхж ажиллах. Баг дотор хэн юу хийж чадахаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бизнес хатуу байх хэрэгтэй чи юу хийж чадах түүнийгээ л хий, түүнээс биш бүх юмаа өөрөө хийнэ гэвэл таны бизнес зорилгодоо хүрэхгүй. Санхүүгийн ажилтан, Хуульч зэрэг хумүүс бол зайлшгүй байх хэрэгтэй.

Ч.Чулуунцэцэг, Тавлаг зөөлөн ХХК-ын Гүйцэтгэх захирал: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нийгмийн харилцаанд ороход заавал хэн нэгний тусламж хэрэгтэй болдог. Харин сошиал медиа хэрэглээнд идэвхтэй нэвтэрснээс хойш  миний ажлыг их хөнгөвчилж өгч байна. Учир нь сошиал медиа хуудсаараа дамжуулан би өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чөлөөтэй сурталчилж байна. Бүтээгдэхүүнээ тайлбарлаж, сурталчилахад ч хялбар байна.

А.Энхжин, Nito Pte.Ltd Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал: Өмнө нь фейсбүүк худалдааны суваг байгаагүй. Таньдаг хүмүүстэйгээ байнга хамт байгаа мэт мэдээлэл солилцдог хэрэгсэл байсан. Одоо бол фейсбүүк худалдааны суваг болчихоод байна. Таньдаг хүмүүсийн талаар мэдээлэл авах нь бараг бонус шиг болчихсон. 4, 5 жилийн өмнө бол технологи, апплейкшн, дижитал хэрэглээг банкууд, том компаниудын вэб сайтаар хязгаарлагддаг байсан. Одоо бол богино хугацаанд дотооддоо технологийн шийдэл хэрэгтэй байгаа хүмүст зориулан олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх гээд олон компаниуд ажиллаж байна. Үүний онцлог нь арай хямдаар зөвхөн дотоодын хүмүүсийн хэрэгцээнд зориулаад цахим худалдааны болон санхүүгийн үйлчилгээний платформууд нэвтэрч байна. Энэ үйлчилгээний том компаниудад зориулагдаагүй. Үндсэн зорилго нь яг тэр цахим үйлчилгээг авахад салон нээчээд байгаа эмэгтэй эсвэл дотоод үйлдвэрлэл нээчээд байгаа үйлдвэрлэгчид нарт зориулаад цахимаар бараа бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчдэд зарах юм. Фейсбүүк бол сурталчилгааны суваг болохоос борлуулалтын суваг биш. Гарааны бизнес эрхэлж буй хүмүүс дотоодын энэ апплейкшнүүдийг ашиглаж хамтран ажиллаасай гэж хүсч байна.

Ц.Дэлгэрмэнд, Гэр бүл судлаач, сэтгэл судлаач: Би шинжлэх ухааны салбараас бизнесийн салбар руу ороход яг үнэндээ шоконд орсон. Дэлхийн сэтгэл судлаач болох том зорилготой хүн Дэлхий рүү бүтээгдэхүүнээ гаргана гэж төлөвлөж вэб саммитад очиход доллараа оруулж ирж чадахгүй нөхцөл байдалд орж байсан. Түүнээс би Монгол улсын хөгжил хаана яваа юм бэ гэдгийг харсан. Бизнес эрхэлж буй хүмүүс гадаад хэлний ур чадвар, мөн бидэнд бизнесийн нарийн төлөвлөгөө байхгүй бол бидний бизнес хол явахгүй. олон улсын бизнесийн экосистем рүү орж, түүнийг судалж мэдэж байж бид бизнесээ хөгжүүлнэ. Бид маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Мөн форумын хүрээнд оролцогчид “Систем тинкинг болон Дизайн тинкинг” зэрэг гарааны бизнесийн үнэлэх, хөгжүүлэх аргачлалуудын ашиглан бизнесийн орчиндоо үнэлгээ хийж, салбарын дүр зургийг гаргасан.  Гарааны бизнес эрхэлж явахад санхүүгийн хөрөнгө оруулалт муу, найдвартай тогтвортой дэмжлэг байхгүй. 1 удаагийн төсөл хөтөлбөрөөр хязгаарлагддаг. Хөрөнгө санхүүг тогтвортой дэмжсэн хууль, эрх зүйн орчин байхгүй. Хууль эрх зүйн орчин улс төрөөс хамааралтай буюу төрийн албан хаагчдын тогтворгүй байдал нь бизнес эрхлэх явцад сөргөөр нөлөөлдөг. Мөн гарааны бизнес эрхлэхэд чиглэсэн дүрэм, журам стандарт нь бизнесийн орчин нөхцлийг харгалзаагүйгээс шалтгаалан хөгжихөд хаалт болж байна. Жишээ нь: Гарааны бизнес эрхлэгчид ЖДҮ-ийн сангийн нөхцлийг ихэвчлэн хангаж чаддаггүй. Нийгмийн даатгал, татварууд нь бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Мөн түүний үр ашиг, нөлөөг хүртэж чаддаггүй гэх мэтэчлэн хувь бизнес эрхлэгчээс илүүтэй системийн хүрээнд үүссэн асуудал нөхцөлд дүн шинжилгээ хийсэн.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэх, даван туулахын тулд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэг нь нөгөөгөө нөхөж, дэмжиж ажиллах ёстой, ингэснээр тэд өөрийн бизнестээ эерэг үр дүн гаргаад зогсохгүй бизнэсийн салбар хөгжихөд, цаашлаад улсынхаа эдийн засаг томоохон үр нөлөөг би болгож чадна хэмээн үзсэн.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.