Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг аймаг, сумдад хэрэгжүүлнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байгаатай уялдан 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30%-иар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах” зорилготойгоор хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. 

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үзүүлж үүнээс

  • цоорлын эмчилгээг 128,651 хүүхдэд,
  • сувгийн эмчилгээг 27,04 хүүхдэд,
  • урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд тус тус үзүүлсэн байна. 

Эдгээр үйлчилгээнд нийслэл, аймгийн төвүүдийн бага насны хүүхдэд хамрагдсан учраас сумдын төвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь нэн чухал байгаа учраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 8-ны өдөр Шүд, эрүү нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөллийг хүлээн авч хэлэлцүүлэг хийв.

Уг хэлэлцүүлэгт Энэрэл-дент, Туж-дент, Монсей, Басхүү-имплант эмнэлэг, НАСС –ийн захирал, Шүд-ТББ зэрэг 10 гаруй төлөөлөл оролцов. 

330 сумын ердөө 40 орчим нь шүдний кабинеттай

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хүүхэд төдийгүй нийт хүн амын дунд шүд цоорол болон амны хөндийн өвчний тархалт маш их байна. Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн 12 хүртэл насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэх зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн нь чухал ач холбогдолтой. Энэ хөтөлбөрийг үндэсний төвшинд хэрэгжүүлэхийн тул бид сумдын хүүхдүүд, хүн ам руу шүд, эрүү нүүрний тусламжийг чиглүүлэн тэнд хүрч үйлчлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна.

Одоогоор 330 сумын ердөө 40 орчим нь шүдний кабинеттай, үлдсэн сумдын иргэд аймагт, эсвэл нийслэлд ирж тусламж авч байгаа нь бүх нийтийг хамруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимтай үндсэндээ зөрчилдөөд байгаа. Дээр нь энэ салбарын эмч нарын бараг 98 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ нөхцөлд бид хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хөтөлбөрийг сумдын төвшинд хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг, хамтын хүчин чармайлт хэрэгтэй, нөгөө талаар нийгмийн хариуцлагын хүрээнд ч олон эмнэлэг энэ чиглэлд ажиллаж байгааг сонссон. Тиймээс та бүхэн сумдын хүн ам, ялангуяа хүүхдийг эрүүл зан үйлд сургах, хөтөлбөрийн хүрээнд хүн амд шүд эрүү нүүрний тусламж үзүүлэхэд Шүдний хувийн эмнэлгүүд хэрхэн хамтран ажиллах дээр саналыг сонсон ярилцав” гэсэн юм.

Shud.mn сайтын эрхлэгч Ч.Гантөмөр хэлэхдээ сайд хувийн хэвшлийг хүлээн авч зөвшилцөж байгаад талархал илэрхийлээд ялангуяа шүдний эмчийн тоо хангалттай хэдий ч эмчийн туслах болон техникчийн хомстолд орсон. Нөгөө талаас шүдний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг дурдлаа. Мөн И.Басхүү захирал- шүдний эмнэлгүүд энэ салбарын гол ачааг үүрч байгаа, бид ялангуяа нийгмийн хариуцлага, нөгөө талаас сайн дурын буюу эх оронч сэтгэл, итгэлээр асрамжийн газар, эмзэг бүлгийн хүүхдүүд, сумдын хүүхдийн шүдийг эмчлэх, эрүүлжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд нэлээд ажиллаж байна. Хувийн хэвшил ашиг, орлого гэхээс илүү нийгэм рүү, хүн рүү хандсан сайхан ажил хийж түүндээ урамшдагийг дурдаад сумын эмнэлэгтэй хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн илэрхийлэв.

Ийнхүү төр ба хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөтгөх замаар ялангуяа шүд, эрүү нүүрний тусламж, хүн амыг эрүүлжүүлэх, шүд угаах, арчлах зан үйл, дадал төлөвшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцав гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.